АН УНАХ НҮХЭЭ УХАЖ БАЙНА

анФракцын зарчим ярьж, эрх мэдлийн хуваарилалт хийдэг Ардчилсан нам ирэх сонгуулиар унах нүхээ гүн гэгч малтаж байна. Ардчилсан Ерөнхийлөгчтэй, Шинэчлэлийн Засгийн газартай дээр нь “Чингис” бондтой нэг үгээр боломж бололцоогоор хахаж цацаж эхэлсэн эрх мэдлийн дөрвөн жилийнхээ талыг туулахад л ард түмнийг туйлдуулсан энэ нам дотооддоо ч учир начраа олж дийлэхээ болив. Намаас нь төрсөн Төрийн тэргүүнийхээ өөдөөс дунд хуруу гозойлготлоо томорсон АН-д хууль ч үйлчлэхээ больсон тул аргаа барсан Ерөнхийлөгч сахилгагүй гишүүдээ айлгахын тулд Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл боловсруулснаа зарласан. Гэвч энэ хууль батлагдах эсэх нь тун ч эргэлзээтэй. Учир нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг унагаж орхидог туршлагатай олонхиос бүрдсэн парламент хууль тогтоох эрх мэдэл эдэлж байгаа тул найдлага ч бага.

АН анх удаа төр барьж, засаг тэргүүлж байгаа ч юм биш. Тэдэнд ийм боломжийг ард түмэн нэг биш удаа өгсөн. Харамсалтай нь эрх барьсан жилүүддээ эрдэж бардая, сагсуурч сагасны эцэст эгээтэй л улс төрийн тавцангаас арчигдах шахсан өмнөх түүхийг энэ удаа давтах нь тодорхой болов.

Тэр бол 1996-2000 он. Сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгуулахад тэр үеийн МАХН одоогийн МАН 25 суудалтай цөөнх болсон. Тэгэхэд МУНН-аас О.Дашбалбар ганцаараа сонгогдож парламент үндсэндээ хоёр нам, нэг эвслээс бүрдэж байлаа. Хамгийн сонирхолтой нь тухайн үед ганц дайчин О.Дашбалбар хоёр намын аль талд орсноос хамаг зүйл шалтгаалах тийм хуулийн орчин үйлчилж байсан юм. Олонхи байж дассан, эрх мэдлийг бөөнд нь атгаж өндөр суудалд дархлагдсан хэмээн эндүүрч асан Ах намынхан тэр үед жинхэнэ утгаараа шооконд орж, түунээсээ гарч чадахгүй чамгүй удаан явсан юм даг. Энэ байдал нь ардчиллын залууст тун ч ихээр таалагдаж, тэр хэрээр тэд өөрсдийгөө тэнгэрийн умдаг атгасан мэтээр төсөөлж сөрөг хүчнээ шоолж баалж их л хөгжилтэйгөөр сар өдрүүдийг үдсэн.

Үүнтэй зэрэгцэн үхрийн бөөр шиг эвлүүлж нийлүүлсэн “Ардчилсан холбоо” эвсэл дэх бүлэглэлүүдийн сөргөлдөөн даамжирч, М.Энхсайханы тэргүүлсэн ардчиллын анхны Засгийн газраа жил гаруйхан болгоод огцруулсан. Шалтгаан нь эрх мэдлийн төлөөх улайрал. Өөрөөр хэлбэл, хэсэг улс “Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой биш үү” хэмээн өвөр зуураа шивнэлдсэнээ ажил хэрэг болгож намынхаа дүрэмд, бас бус хуульд засвар хийгээд М.Энхсайханыг унагаж оронд нь МҮАН-ын дарга бөгөөд “Ардчилсан холбоо” эвслийн дарга Ц.Элбэгдорж Засгийн газрыг тэргүүлж байлаа. Гэвч түүнд ч бас удаан ажиллах боломж олгоогүй.

Гурван сар болгоол сэнтийгээс нь буулгасан. Энэ нь унасандаа уурласан экс Ерөнхий сайд М.Энхсайхан “Ардчилсан холбоо” эвсэл дэх хөдөөгийн фракцын 13 гишүүнтэй сөрөг хүчнийхнээ нэгтгэж хүч хавсарч чадсаны ачаар хийсэн ажил. Ингээд нийслэлийн Засаг даргаЖНаранцацр&лтыг Ерөнхий сайд болгосон. Цаг хутацааны хувьд энэ нь 1999 оны хоёрдутаар сар буюу ээлжит сонгуулййн өмнөх жил байв. Үүгээр ардчиллынхан эв гавдаа орсон уу гэвэл үгүй. Хагас жил хүрэлгуй дахиад л эв эвдэрч Ж.Наранцацралтыг огцруулах операци зохион байгуулан. шинэ Ерөнхий сайдын эрэлд гарсан. Өөрөөр хэлбэл, “Ардчилсан холбоо” эвсэл төр барьсан дөрвөн жилдээ дөрөв дэх Засгийн газраа бүрдүүлэхээр болж гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд МҮДН-ын төлөөлөл Р.Амаржаргалыг залсан. Ардчиллынхан эрх мэдлийн төлөө ийн дээр дороо орж, өвөр зуураа тэрсэлдсэний уршгаар ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг бусдын гарт амиа алдаж, УИХ гурван гишүүнээ авлигын хэргээр шоронд илгээсэн. Энэ бүхний эцэст тэд 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялагдаж, парламентын 76 суудлын 72-ыг нь сөрөг хүчиндээ алдаж байсан юм.

Тэднийг засаг барьсан энэ жилүүдэд банкууд дампуурч, эрх мэдэлдээ эрдэж бярдсан дарга нарын идэж уусан, ашиглаж шамшигдуулсан хэргийн дуулиан чамгүй олон дэгдэж байв. Яг л өнөөгийнхтэй адил дүр зураг байгаа биз. Ялгаатай нь тэр үед Ерөнхийлөгч нь ч, Их хурлын дарга ч сөрөг хүчний төлөөлөл байсан юм. Одоо бол төрийн гурван өндөрлөг, төр засгийн бүх эрх мэдэл АН-д байгаа ч өнөөх л эрх мэдлийн төлөөх фракцуудын сөргөлдөөн ардчиллын нэр хүндийг үүдний гишгүүр дээр давхарлаж дэвслээ.

Ингэхдээ улс орны тусгаар тогтнол, ирээдүй хойчийн хөгжил дэвшлээр хөзрийн мод хийн наадаж эхлэв. Нэг хэсэг улстөрчдийг талцуулж хэрэлдүүлэн, уяаны урт богино, угаадасны өтгөн шингэнд нь хүргэн муудалцуулж байсан төмөр замын царигийн асуудал зуны халуунтай зэрэгцэн нийгмийг ч халууруулж орхилоо. Тэдний хэрүүлийн гол цөм нь төмөр замыг өнгөн дээрээ өргөн, нарийн царигийн алинаар нь барихаа шийдэж чадахгүй байна гэж харагдах ч цаанаа геополитикийн том асуудал хөндөж буй юм. Оросын өргөн царигаар барих уу, Хятадын нарийн царигаар явуулах уу гэдэг нь энэ салбарт аль хөршийн бодлого давамгай байхыг тодорхойлох учраас л улстөрчдийн дунд ужгирсан хэрүүл ундрааж улмаар иргэд тэдний хэнийх нь зөв хэнийх нь бурууг тааж таамаглахад ч бэрх болоод байгаа.

Хэдий тийм ч АН-ынхан асуудлын зөв бурууг олж, зүг чигийг нь гаргахын оронд хувийн ашиг сонирхолдоо хүлэгдсэн фракцуудынхаа шахалт шантаажинд дарагдав. Өндийж босч дийлэлгүй хэвтсээр 2016 оны сонгуультай тулах нь тодорхой боллоо.

Н.САРАНГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих