Хар шуурга

c4ed68ee0ca164ccgreat-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд шударга үнэн, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эсрэг хар шуурга дэгдээлээ-

Саяхан телевизээр “100 чухал сэдэв” нэвтрүүлэг цацагдаж олон түмний анхааралд хүрлээ. Энэ нэвтрүүлгийг манай урдаа барьдаг сэтгүүлчид найруулж, эвлүүлж, олон түмэнд бодит байдлаар хүргэснийг та бүхэн санаж байгаа байх.

Нэвтрүүлэгт манай улсын экс Ерөнхий сайдаас эхлээд салбар салбарын нэр хүндтэй, олны танил хүмүүс оролцож үгээ хэлсэн. Харахад, төмөр замын цариг тойрсон яриа шиг боловч Монгол Улсын өнөөгийн дүр зураг, тусгаар тогтнолоо хэрхэн алдахад хүрээд байгааг дан баримтаар шүүмжлэн харуулна билээ. Монгол Улс өнөөдөр ардчиллын баг өмссөн хэдэн дэгдээлээ хүнд хөтлөгдөөд буруу замаар явж байгааг хүн болгон мэддэг, өөр хоорондоо шивнэлдэж ярьдаг хэрнээ, энэ нэвтрүүлэг шиг илэн далангүй, шударга үнэнээр дэлгэн тавьж чаддаггүй л дээ.

Эх орон, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө зоригтой дуугарсан олон аавын хүү шоронд тарчлан зовж байгаа. Үүний тод илрэл нь, эрх баригчдын гар хөл болсон Улсын дээд шүүхийнхэн саяхан иргэний хөдөлгөөнүүдийн удирдагч Ц.Мөнхбаяр нарын хэргийг хэвээр үлдээсэн явдал юм. “100 чухал сэдэв” нэвтрүүлэг эрх баригчдын эмзэг газрыг олоод хатгачихжээ. Их бухимдаж, айсан хүн адуу үргээнэ гэгч болоод байна.

Монгол Улс өнөөдөр ардчиллын баг өмссөн хэдэн дэгдээлээ хүнд хөтлөгдөөд буруу замаар явж байгааг хүн болгон мэддэг, өөр хоорондоо шивнэлдэж ярьдаг хэрнээ, энэ нэвтрүүлэг шиг илэн далангүй, шударга үнэнээр дэлгэн тавьж чаддаггүй л дээ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар яаран мэдэгдэл гаргаж уг нэвтрүүлгийг цацсан телевиз, сэтгүүлчидтэй хариуцлага тооцохоор заналхийллээ. Үнэнийг нь хэлчихээр яасан их уурлаж бачуурна вэ ээ! Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, уг нэвтрүүлэгт оролцсон УИХын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгыг дуудсан байв. Би бодохдоо, Ерөнхийлөгч маань УИХ-ын гишүүн, Монголын ардчилсан холбооны Ерөнхийлөгчтэйгээ зөвлөж ярилцах зүйл гарч дээ гэж бодсон. Ноцтой хэрэг явдлуудад холбогдсон хэрнээ сандал ширээтэйгээ зууралдаад байгаа сайд дарга нарт үлгэр дуурайлал үзүүлэн ганцаараа “давхар дээлээ” тайлсан хэмээн баяр хүргэх юм байх гэж бодлоо. Тэгсэн чинь үг сүггүй загнадаг байгаа.

“100 чухал сэдэв” нэвтрүүлэгт оролцон шудрага үнэнийг дэлгэн тавьсаны нь төлөө “хатуу донгодож” байгаа юмсанж. “Өнөөх шудрага үнэнийг дээдлэнэ” гэсэн уриа лоозон өргөн гарч ирсэн Ерөнхийлөгч маань Засгийн газрын бусармаг бодлоготойгоо эвлэрээд зогссонгүй, шударга үнэний дуу хоолой болсон хэвлэлийн эрх чөлөө рүү “хар шуурга” дэгдээдэг байгаа. Тэрбээр “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандаж нэг зүйлийг хэлье.

Олон нийтэд юм үзүүлнэ, айлын хоймороос ярина гэдэг бол онцгой хариуцлага шүү. Нэг хэсэг хүмүүс зочид буудлын арын өрөөнд цуглаж хийгээд түлхэж байгаа нэвтрүүлгийг гаргаж л байдаг. Тэнд менежер, захирал гэж хүмүүс бий байх. Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Янз бүрийн нэвтрүүлэг хийж байгаа хүмүүс нэр усаа тавих хэрэгтэй. Зохиолыг нь хэн бичсэн, хэн санхүүжүүлсэн юм, хэн зургийг нь авч монтажилсан юм. Хэн ар талд нь санаачилж байгаа юм. Энэ бүхэн нээлттэй байх ёстой. Үнэхээр эх оронч хүмүүс юм бол нэрийг чинь хармаар байна. Тухайн телевизээр гарах ёстой хөтөлбөр гэнэт өөрчлөгдөөд оронд нь тэр нэвтрүүлэг ямар учраас гарсан бэ гэдгийг хариуцлагатайгаар ил болгох хэрэгтэй” гэхчилэн айлдсан байх юм.

Олон түмэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн энэ айлдварыг сайн ажиглаж байгаа. Дор бүрнээ тунгаан ярилцаж байна. 1930-1940–өөд оны үед Маршал Чойбалсан, прокурор Жамбалдорж нарын 1950- 1960-аад оны үед Ю.Цэдэнбал, Н.Лувсанравдан нарын хэлж ярьж, тулгаж байсан үгүүдийг яах аргагүй санагдуулж байгаа биз! “Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой”, “Хэн ар талд нь санаачилж байгаа юм”, Нэрийг чинь хармаар байна”,… гэхчилэн заналхийлж байгаа нь өнгөрсөн хар шуургуудын үргэлжлэл гэмээр сонсогдож байна хэмээн хүмүүс битүүхэндээ шивнэлдэж эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэгч хүн хоёр удаагийн сонгуулиар ширүүн үсийг нь дотогш нь харуулаад өмсчихсөн байсан дээлээ одоо эргүүлээд нөмөрчихлөө гэх хүн ч таарч л байна.

Энэ яах вэ, монголчууд хүнээ таньж байгаа нь энэ. Асуудлыг өдөөгч, төмөр замын царигийн талаар би Монголын төмөр замд насаараа зүтгэж, ерөнхий инженер гэдэг өндөр албыг нь олон жил хашсан, гавъяат тээвэрчин, доктор профессор Ж.Нямаа гуайтай уулзаж ярилцлаа. Ж.Нямаа гуай “Өргөн, нарийн царигийн хувьд бол энгийн өчүүхэн асуудал. Үүний цаана улс төрийн бодлого, цөөн хэдэн хүний амин хувийн ашиг сонирхол л яваад байгаа юм. Гол нь өнөөгийн удирдлагууд маань нарийн царигтай /Хятадын/ төмөр замаар газрынхаа эрдэс баялагийг маш богино хугацаанд, хямдханаар гадагшаа зөөж дуусгах бодлого явуулаад байна.

“100 чухал сэдэв” нэвтрүүлэг эрх баригчдын эмзэг газрыг олоод хатгачихжээ. Их бухимдаж, айсан хүн адуу үргээнэ гэгч болоод байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар яаран мэдэгдэл гаргаж уг нэвтрүүлгийг цацсан телевиз, сэтгүүлчидтэй хариуцлага тооцохоор заналхийллээ. Үнэнийг нь хэлчихээр яасан их уурлаж бачуурна вэ ээ!

Монголыг 60 жил тэжээгээд цаашид ч үнэ цэнээ алдахгүй байх төмөр зам бол өргөн царигтай төмөр зам яалтгүй мөн. Дорноговийн Сайншандаас зүүн хязгаар хүртэл өргөн царигтай, төмөр зам тавьчихаад Монголын эрдэс баялгийг Орос, Хятад төдийгүй, далайд гарцтай орнуудаар хаа дуртай газраа хүргэх боломж бий. Цариг солиход их алдагдал гарах юм шиг худал сурталчилгаа явж байна. Би УБТЗ-ын ерөнхий инженер байхдаа Монголд анх удаа Замын–Үүдийн, вагоны ачааг шилжүүлэн ачих байгууламжийг үнэ төлбөргүй бариулсан хүн. Японы нөхөд маань буцалтгүй тусламж олгоод, оросууд дор нь барьчихсан шүү дээ. Энэ бол асуудал биш.

Монголын эрдэс баялгийг Хятадын нарийн царигаар, олон боомтоор гадагш нь хямдхан гаргаж хувийн ашиг хонжоо хайх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн л явуулга. Үүнийг ард түмэндээ ойлгуулах гэсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг бүтээгчид буруугүй гэж би бодож байна” гэсэнсэн. Ер нь, учир мэдэх хүмүүсийн бодол санаа үүнтэй их төлөв нийцэж байх шиг байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, эрхэм гишүүн Х.Баттулгыг дуудаж уулзаад “Бид хагаралдахгүй, нэгдэх ёстой, тодорхой хэдэн сэдэв бий. Үндэсний эв нэгдэл, гадаад бодлого, тусгаар тогтнолын сэдвээр улс төр хийж болохгүй.

Яагаад гэвэл улс төр өөрөө хагарал үүсгэдэг учраас эдгээр сэдвүүдээр Монгол Улс нэгдмэл байр суурьтай байх ёстой” гэж сайхан айлджээ. Тэгвэл “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт хэдэн хүн оролцож үзэл бодлоо илэрхийлнээр монголчууд хагаралдчихав уу гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Монголчууд хагаралддагаа аль хэдийн хагаралдчихсан.

Өнөөдөр нам эвслээрээ, нутаг орноороо, үндэс угсаагаараа, хот хөдөөгөөрөө, баян хоосноороо өчнөөн хуваагдчихсан байна. Үүний буруутан нь өнөөдрийн төр засаг, бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байгаа Ардчилсан намын удирдлага гэдгийг улсын Ерөнхийлөгч хүн олж харах л учиртай. Хууль шүүхийн байгууллага нь цөөн хэдэн эрх баригчдын хараат болчихсон ийм нийгмээ олж харахгүй байж, телевизийн нэг шударга нэвтрүүлэг рүү үгээ олж ядан дайрч давшлах нь улсын Ерөнхийлөгч хүнд зохихгүй байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн үеэр ямар сайхан амлаж, шударга ёсны төлөө тэмцэгчийн дүрд тоглож байсныг олон түмэн мартаагүй байгаа байх. “Ард түмний сонголт -хаан сонголт” гэж хэчнээн ярилаа?! Өнөөдөр Өвөрхангайн, ард түмэн хагаралд хэд хуваагдчихсан байна. Олон мянган хүний санал илүү авсан нь хасагдаад, ялагдсан хүмүүс нь шүүхийн шийдвэрээр УИХ–д суучихсан. Тэндэхийн ард түмэн хэдэн хэсэг хуваагдчихаад “хаан сонголт” тэнд улан доор хэвтэж байхад шүүгчдийг томилдог, татдаг Ерөнхийлөгч маань дуугүй л байгаа. Энэ чинь хагарал биш юм уу?! Шоронг өргөтгөж 1000- 1500 хүний багтаамжтай шоронгууд барьж байгаа гэнэ.

Тэнд голдуухан Ардын нам, парламентын бус нам эвслийнхэн, жирийн хүмүүсийг хорьж, түрүү талаас нь Д.Амарсайхан гэгч залууг, урьдчилан хорих төвд үхүүллээ. “Дээрээс өгсөн үүрэг”–ийн дагуу батлан даалтад гаргалгүй, эмнэлгийн тусламж ч үзүүлэлгүй үхүүлчих юм. Өнгөрсөн жил 17 хүн, энэ жилийн эхний таван сард 4-5 хүн ийм байдлаар нас эцэслэж. Тэгтэл Ц.Элбэгдоржийн нэр дэвшин гарч ирсэн Ардчилсан намаас Н.Алтанхуяг, С.Баярцогт, Х.Тэмүүжин нарын олон хүн шалгагдвал зохих байтал аль болохоор чимээгүй дарж өнгөрөөж байгаа. Энэ чинь ард түмнийг ялгаварлан, анги намаар нь хагаралдуулж байгаа хэрэг биш үү?!

Ийм нөхцөлд өмнө хилээ өчнөөн “боомт” нэрээр ил задгай болгочихоод, тусгаар тогтнолын тухай хөндлөө гэж ерөнхийлөгчдөө загнуулаад сууж байх болж байна уу?! Би Халтмаагийн Баттулга гэж хүнийг танихгүй. Бараа нь холоос харж байсан.

Ерөнхий сайдынх нь төрсөн охин Алтанхуягийн Саранзаяа “Цэвэр агаар сан”-гийн олон тэрбумын хэрэгт голлон оролцоод байхад, Ерөнхийлөгчийн татдаг, томилдог шүүхийнхэн ганцааранг нь салгаж үлдээгээд бусдыг нь яллачихаж байгааг ялгаварлан хагаралдуулах бодлого гэж үзэхээс өөр аргагүй биз дээ. “Хятадын Монгол” хаягаар гадаадын банкинд нэг сая ам.доллар байршуулж татвар, хөрөнгө орлогын мэд үүлгээс зугтаалгасан С.Баярцогт зүв зүгээр явж байгаа. Бусад хүмүүс ингэсэн бол “терроризмыг санхүүжүүлэхэд тусалсан” гэдэг хуулийн зүйл ангиар аль хэдийнэ саатуулж шалгасан байгаа даа. Нам эвсэлээр ялгаварласан энэ төрийн бодлого чинь ард түмнийг талцуулаад, хагаралдуулаад байна. Ийм баримт өнөөдөр Монголоор дүүрэн байгаа.

Шударга үнэнийг дээдлэх үүднээс зоригтойхон гаргаж тавьсан хэвлэл мэдээллийн материалууд, тухайлбал “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт улсын Ерөнхийлөгч хүн, Ерөнхий сайд хүн, ингэтлээ эмзэглэхийн учрыг би олохгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ–ын гишүүн Х.Баттулгыг дуудаж уулзсан яриандаа “Тусгаар тогтнолын сэдвээр улс төр хийж болохгүй” гэж. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань харахгүй байгаа юм байх даа. Монголын тусгаар тогтнол өнөөдөр хутганы ирэн дээр дэнжигнэж байна. Хотын гудамжин дахь гурван хүний нэг нь гадаадын иргэн байна. Хаана л бол Хятадын үйлдвэр. Налайхад хятад үйлдвэрийн эзэд газрыг нь булааж аваад монголчууд тугалтай үнээгээ бэлчээх газаргүй боллоо гэж байна. Саяхан хөдөөнөөс нэг найз маань ирлээ. “Нутгийн сонин гэвэл айл болгон бөөтэй, нэг хятад хүргэнтэй болсон” гэж байна.

Ийм нөхцөлд өмнө хилээ өчнөөн “боомт” нэрээр ил задгай болгочихоод, тусгаар тогтнолын тухай хөндлөө гэж ерөнхийлөгчдөө загнуулаад сууж байх болж байна уу?! Би Халтмаагийн Баттулга гэж хүнийг танихгүй. Бараа нь холоос харж байсан. Эх орноо гэсэн санаа бодолтой шударга сайн залуу байна. Энэ Засгийн газрын “идэмхийнүүд” сандал суудалтайгаа үхэн хатан зууралдаж байхад ганцаараа “давхар дээлээ” тайлаад чулуудчихлаа. Эр хүн. Тамирчин байсан хүнд энэ зэргийн сэтгэлийн хат байлгүй яах вэ. Монголын ардчилсан холбоог толгойлж “үнсэнд хаягдсан олон шалз” нарынхаа төлөө яваа хүн энэ зэргийн дуугарах байтугай, бусармаг явдалтнуудтай тэмцэхийг би буруутгахгүй. Далимдуулаад хувийн өс хонзонгоо тайлах явдал ч газар авлаа.

Хэрвээ Х.Баттулга “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг зохион байгуулсан бол дараачийнхийг нь олон түмэн хүсэн хүлээж байгаа шүү. Намайг оролцуулж, үнэн үгийг минь ард түмэнд хүргээсэй. “Хар шуурга” Монголыг минь сөхрөөж чадахгүй.

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих