УИХ “Стратегийн ач холбогдолгүй” сайдаа авч үлдлээ

18sssss

УИХ-ын чуулган өндөрлөв. Стратегийн ач холбогдолтой салбаруудад халгаатай олон “сайхан” хууль баталж өглөө. Харин нэгэн “гамшгийн” шийдвэр гаргасан нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг АН-ын бүлэг цээжээрээ хамгаалан үлдсэнд олон нийт хамгийн ихээр харамсаж байна. Яасан их хүч тавьж, нүүрээ ширлэн байж авч үлдэв гэдгийн цаана эрхэм сайдын онцлог имиж болох гал тахих гаж зуршил, онгод тэнгэртэй холбоотой юм болов уу гэх шог яриа ч дуулдав. Гэвч XXI зуунд мухар сүсгийн шинжтэй цуу яриа гэхээсээ илүү Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжуудаа хууль тогтоогчид мөрдөхгүй байгаа нь илүү гаж санагдсан.

Юуны өмнө УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын нэг гишүүнийг огцруулж чадахгүйд хүрсэн байна. Огцруулдаггүй юм аа гэхэд УИХ-ын гишүүний зүгээс спикерт өргөн барьсан хэлэлцэх асуудлыг олонхийн бүлгийн дарга “Хэлэлцэх шаардлагагүй” гээд дүгнэчихээр хэлэлцүүлэхээ больчихвол яах вэ? Ийм л гаж үзэгдэл УИХ-ын энэ хаврын чуулганаас олж үзэв. Энэ бол УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчсөн хэрэг юм.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулд зааснаар сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо, нэгдсэн чуулганаар тус бүр долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Гэтэл сөрөг хүчний зүгээс чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлэхээр шаардах бичиг өгсөөр байтал “Хэлэлцэхгүй” гэсэн тайлбар өгөв. “Далдын хүч” биш гэж үү. Яагаад Ч.Улаан, Д.Ганхуяг нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн шигээ хуулийн дагуу хэлэлцээд санал хурааж авч үлдэж болсонгүй вэ гэдгийн цаана ямар ч тохиолдолд Н.Батбаяр сайдыг авч үлдэх нь муухай харагдах, түүнийг дэмжиж саналаа өгсөн гишүүн муухай харагдах нь тодорхой байсан гэхээс өөр тайлбар олдохгүй байгаа юм.

Тэр ч байтугай УИХ дахь АН-ын бүлгийн дарга өмнө нь Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдын албанаас огцруулах асуудлыг хэлэлцэх шаардлагыг шидэх нь холгүй “Хэлэлцэх ноцтой шалтгаан харагдахгүй байна” гэсэн тайлбар өгч байсан удаатай. Тэр ийм дүгнэлт хийх эрх бүхий хүн мөн үү. Ийм байдлаар УИХ-ын дэгийн тухай хуулийг олонхийн бүлэг өөрсдийн зохиосон дүрмээр “зохиож мөрдөх”- өөр шийдсэн бол Дэгийн тухай хуулийг цуцалчих хэрэгтэй.

Ёстой л “үзэгдээгүй юм” гэгчээр үзээгүй бүхнийг үзүүлсэн, эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдалд халтай шийдвэрүүдээр дүүрэн “хаврын чуулган” өндөрлөлөө. Өндөрлөөгүй байсан бол өөр юу ч үзүүлэх байсан юм билээ. АН-ынхны эрх ашиг, эдийн засгийн үр ашгийг онцолж бусад бүх үнэт зүйлээ таягдан хаяж улайран дайрсан энэ чуулганаар төмөр замаа хятадуудаас гурван сар хамгаалах, Газрын тухай хуулийг түр буцаан татсанаас өөр нааштай үр дүн огт харагдсангүй. Одоо ирэх сарын дундуур Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног дуусна. Энэ ажлын “далбаан дор” өмч хувьчлалын хоёрдахь давалгааг түргэвчилэхээр ТӨХ-ны дарга саяхан санамж бичигт нь гарын үсэг зураад өгчихсөн. Тэгэхээр намар огцрох нь тодорхой болсон Засгийн газар зувчуулах эд хөрөнгө болон үүнийгээ хуулийн хүрээнд хийж буй мэт харагдуулах тэр эрх зүйн орчныг яаран баталж авлаа.

Өнөөх стратегийн ач холбогдолгүй  “дэмий яам”, “дэндүү сайд” хоёр ч тэр үед халаагаа өгөх биз ээ. Магадгүй Эдийн засгийн хөгжлийн сайдыг хэвээр байлгаснаараа УИХ-ын хаврын чуулган хамаг “амжилт”-аа баллаад намдаа хасах оноо бэлэглэсэн ч байж болох юм. Үүнээс давсан эрх ашиг, үнэт зүйл байсан учраас Н.Батбаяр гэдэг улстөрчөөс эмээгээд халдаж чадахгүй байсан бололтой.

С.Чулуун


URL:

Сэтгэгдэл бичих