Чалькогийн өр хэзээ дуусах вэ?
-Нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байвал “Эрдэнэс Тавантолгой” энэ намар байтугай ирэх жил ч өрнөөсөө салаагүй байх биз-Энэ асуултад албаны хүмүүс ирэх намар хэмээн хариулж байгаа ч энэ нь баталгаатай хариулт биш юм. Учир нь өнгөрсөн тавдугаар сард Чалкогийн өрнөөсөө салчихна гэж том дуугарч байсан “Эрдэнэс Тавантолгой”-н өр төлөх хугацаагаа намар болтол хойшлуулаад байгаа юм. Эдийн засгийн хямрал дээр ачаалал нэмж, улсын дансыг улайлгахад нэрмээс болж буй өр бол “Эх орны хишиг” нэрээр тараахын тулд Тавантолгойн зүүн Цанхийн барьцаанд тавьсан асуудал. Гурван жилийн турш өвөл, зунгүй нүүрсээ зөөгөөд ч Хятадын төрийн өмчит Чалко компаниас зээлсэн 350 сая ам.долларыг төлж чадахгүй л яваа билээ.Одоогоос гурван жилийн өмнө буюу 2011 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн нүүрсийг барьцаанд тавьж хятадуудаас зээлсэн их мөнгөө “Эх орны хишиг” нэрээр тараагаад дууссан.
Нийтдээ 800 тэрбумыг иргэн бүрт өгсөн энэ асуудал өдгөө улсын төсөв болоод эдийн засаг асар том дараа болсоор байгаа юм. Хэдийгээр тээврийн зардлаасаа болоод нүүрсний ихэнх компаниуд тэг зогсолт хийгээд байгаа ч ганцхан “Эрдэнэс Тавантолгой” өрөө дарахын тулд өдөр шөнөгүй нүүрсээ урагшаа зөөж байгаа. Гэтэл нүүрсний үнэ дэлхийн зах зээлд навс унаж энэ нь өр төлөлтөд сөргөөр нөлөөлөх болсон байна. Нөгөөтэйгүүр тээвэр, ложистикийн асуудлаас болоод гурван жилийн турш цаг наргүй нүүрсээ зөөсөн ч өрөө төлж чадалгүй өдий хүрсэн гэдгийг мэргэжилтнүүд ярьж байна.Дэлхийн зэх зээлд эрдэс баялгийн үнэ буурсаар, энэ нь олон улсын санхүүгийн хямрал авчирч байгаа бөгөөд ялангуяа зүүн Азийн эдийн засгийн өсөлт саармагжсан нь Монголд нөлөөлж эхэлсэн.
Тиймээс нүүрсний үнэ буурч, хувийн компаниуд алдагдалтай ажиллахгүйн тулд нүүрсээ экспортлохоо түр зогсооход хүрсэн билээ. Харин төрийн гэх тодотголтой цөөхөн компани нүүрсээ экспортолж байгаагийн нэг “Эрдэнэс Тавантолгой” бөгөөд тус компанийн хувьд мөнгө олохоосоо илүү өр төлөхөд гол анхаарлаа чиглүүлэх болсон. Хэрэв өмнөх Засгийн газар Хятадын төрийн өмчит Чалко компанид нүүрсээ барьцаалж мөнгө зээлээд, зээлсэн мөнгөөрээ Эрээнд хөрөнгө оруулалт хийгээгүйсэн бол өдийд нүүрсний үнэ 30 ам.доллар болтлоо хямдрахгүй байсан гэдгийг ч уурхайчид шүүмжилдэг.Улсын төсөвт орлого оруулах нь битгий хэл өрөө яая даа гэж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ирэх намар гэхэд өрнөөсөө сална гэж төлөвлөж буй. Гэхдээ мэдээж, нүүрсний үнэ тогтвортой, экспортын асуудалд ямар нэгэн гацаа үүсчихгүй бол шүү дээ. Харамсалтай нь, нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байвал “Эрдэнэс Тавантолгой” энэ намар байтугай ирэх жил ч өрнөөсөө салаагүй байх биз.
Коксжих нүүрснийхээ нөөц, чанараар дэлхийд дээгүүрт ордог Тавантолгойн уурхайг түшиглэн байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” уг нь хамгийн баян компани байх байлаа. Даанч өмнөх Засгийн газрын алдаатай бодлого шийдвэрээс болж хамгийн ядуу, хамгийн өртэй компани болж хувираад байна. Үүнээсээ болоод өдий хүртэл хувьцаагаа олон улсын зах зээлд гаргаж чадахгүй, Монголын иргэн бүрийн хадгаламжинд байгаа 1072 ширхэг хувьцаа өнөөдрийн хувьд чихрийн цааснаас ч дор үнэлэмжгүй хэвээр байна. Газрын доорх асар их хөрөнгө эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, ард хормойгоо авч урд хормойгоо нөхдөг төр засгийн бодлогоос болоод Тавантолгой хамгийн чанартай нүүрсээ хамгийн хямд өгч байгаа нь монголчуудын эмгэнэл бус уу.Урд, хойдохоо мэдэхгүй улстөрчид, популистуудынхаа дарамтанд орвол улс орны эдийн засгийг ийм л хувь заяа хүлээдэг бус уу.
URL: