“Чайна нейшнл гоулд” Монголын зах зээлд хөл тавина
Хятадын алтны хамгийн том уул уурхайн компани болох “Чайна Нэйшнл Гоулд” /Сhina National Gold/ буюу “Хятадын үндэсний алт” Монголын зах зээлийг маш ихээр сонирхож эхэлжээ. Монголд уул уурхай болон барилгын салбар хамгийн ашигтай байгааг урьд хөршийнхөн хэдийнэ олж харсныг Америкийн “Wall Street Journal” цахим хуудаст дурдаад “Асар их хөрөнгөтэй” “Хятадын үндэсний алт” компани шинэ зах зээл бий болгох бодлогынхоо хүрээнд Канадын Ванкувер хотод төлөөлөгчийн газраа нээсэн гэв. Үүний дараа “Хятадын үндэсний алт” корпораци үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, дэлхийд ноёрхлоо тогтоохын тулд олон улсын хамгийн ашигтай бизнесийн салбарт хөл тавихаар төлөвлөсөн байна.
Тус компани дэлхийн хэд хэдэн орон, бүс нутаг, тивд эхний ээлжинд үл хөдлөх хөрөнгө болон алтны лиценз худалдаж авахаар төлөвлөсөн бөгөөд энэ төлөвлөгөөнд нь Канад, Монгол, Австрали, АНУ, Орос, Африк, Латин Америк болон Төв Ази багтжээ. Үүнээс гадна тус компани дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг, олон улсын алтны хамгийн том компани болох Канадын “Баррик Гоулд”-тай далд хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
URL: