Авлигын хэргээр 63 оюутан шалгагдаж байна

527-1404267372Хүмүүнлэг_Ухааны_Их_Сургууль-600x404.gifЭрүүгийн хуулийн 268, 269, 270 зүйл анги буюу авлига хээл хахууль бусдад өгөх, зуучлах, авах гэсэн зүйл ангиудаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 63 оюутан холбогджээ. Энэхүү хэргийг хоёр жилийн өмнөөс шалгаж эхэлсэн байна.

Уг хэргийн анхан шатны шүүх хурал уржигдар Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлсэн ч өмгөөлөгч, холбогдогчдын ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар ирэх сарын 23-ныг хүртэл хойшилжээ. Дээрх 63 оюутанд холбогдох хэрэгт 36 өмгөөлөгч өмгөөллийн туслалцаа үзүүлж буй аж.  Эдгээр оюутнууд сургууль төгсөхийн тулд дүнгээ засуулсан, авлига, хээл хахууль өгсөн байж магадгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна.

Зарим шүүгдэгч нарын тухайд 268.2-т зааснаар “Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. / Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Энэ талаар өмгөөлөгч Н.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутнууд авлигын хэрэгт холбогдсон байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Цагдаа, хуулийнхны гажуудал гэж хэлж болно. Хүн ирээдүйн амьдралаа бодож сурлагынхаа дэвтэр дээрх дүнгээ засуулсан нь шунахайн сэдэлтэй хэрэг мөн үү, биш үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Ийм байдалд орохын тулд дөрвөн жил сургуульд суралцаагүй л байх. Энэ хэрэг ойлгомжгүй нөхцөл байдалд байна.

Дүнгээ засуулах гэж мөнгө өгсөн үү, эсвэл сургуулийн төгсөлт, баяр наадамтай холбоотой мөнгө өгсөн юм уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа.

-Тэгэхээр энэ хэргийг шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй гэсэн үг үү?

-Заавал шүүхээр оруулах хэрэг байсан уу. Хийж байгаа үйлдэлдээ эрхзүйн бүрэн чадамжгүй гэдэг үүднээс захиргааны шүүхээр оруулах боломж байгаагүй юм болов уу гэж бодож байна. 70-аад хүүхдэд ял оноож байна гэдэг нь хүмүүжүүлэх, хүнлэг шударга ардчилсан нийгэмд тохирохгүй асуудал юм.

-Таны үзэж буйгаар хуулийн ямар гажуудал үүсээд байна вэ?

-Прокурорын байгууллага ч өөрийн бодлогыг эргүүлж харах хэрэгтэй болжээ. Хуулиа боловсронгуй болгох шаардлагатай болсон байна. Дүнгээ гаргуулах гэж өгсөн мөнгө нь үнэхээр шунахайн сэдэлтэй хэрэг мөн үү, биш үү.

Ямар нэгэн хүсэл зорилгод тэмүүлсэн оюун санааны шинжүүд байна уу гэдгийг прокурор, мөрдөн байцаагчид хаа хаанаа бодолцох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ мэт хуулийн гажуудлууд цаашид гарсаар байх болно.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих