Ерөнхийлөгч ууртай байна

   786984_500x500_500x500

  Ерөнхийлөгч ууртай байна. Энэ тухайгаа тэрбээр өчигдөр “Ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй зарим хуулийн төслийн танилцуулга”- ын үеэр “илэрхийлсэн” юм. Ухаалаг төрийг цогцлоох бодлогын хүрээнд Төрийн тэргүүн хэд хэдэн хуулийн төсөл санаачилсан бөгөөд хамгийн түрүүнд УИХ дээр хоёр “унасан” Шилэн дансны тухай хуулийг онцлов. Ардчилсан тогтолцоо хариуцлага дээр тогтдог. Хариуцлага байхгүй бол ардчилал байхгүй. Ардчиллыг амьд байлгадаг гол үйл ажиллагаа нь Монголын төрд огт алга. Бид хүн томилох тухай шийдвэр гаргадаг, хариуцлага тооцдог зохицуулалтуудыг санаатай юм шиг бүдгэрүүлж орхисон байна. Хурал цуглаан болоход дарга нар “Хариуцлага тооцно, хариуцлага хаана байна” гэх мэтээр том ярьдаг. Зөвхөн нэрийг нь мэддэг, зүсийг нь хараагүй хариуцлага. Төрийн албаны хуульд хариуцлагын тухай заалтууд байдаг. Төрийн албаны анхан, дунд шатанд ажиллаж байгаа албан хаагчидтай хариуцлага тооцдог үйл явц ямар нэг байдлаар ажиллаж байна. Энэ хүрээнд хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсны нэг нь Шилэн дансны тухай хууль. “Ад үзэгдээд” байгаа Шилэн дансны тухай хуулийг хурдан баталж өгнө гэж найдаж байгаа гэв.

    Бас нэг хууль нь Хариуцлагын тухай хууль. Монголд хариуцлагатай холбоотой бие даасан хууль батлагдаж гараагүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүд, УИХ-аар дарга нь томилогддог байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хууль гаргана. Төрийн өндөр албан тушаалтнуудад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэдэг болно. Тухайн албан тушаалтан сахилгын хариуцлага алдсан бол сануулга өгч, олон нийтэд ил тод мэдээлдэг болох юм. Хоёрдугаарт, албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож, албан тушаалаас буусан бол дараа нь дөрвөн жил төрийн албанд сонгогдох, томилогдох эрхийг нь хасна. Энэ нь улс төрийн хариуцлага тооцож буй хэлбэр. Хууль, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчөөд албан тушаалаас нь эргүүлэн татаж шийдвэр гарсан төрийн өндөр албан тушаалтан хоёр жилийн хугацаагаар албан тушаалд томилогдох хугацааг нь хязгаарлана. Ингэж зааж өгөхгүй л бол хариуцлага тооцдоггүй. Ёс суртахууны хариуцлага албан тушаалтанд хамгийн их байх ёстой. Төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн эрх үүрэг, ёс зүйд ноцтой хохирол учруулсан л бол үйлдэл бүртээ тухайн албан тушаалтан үнэн зөв тайлбар өгөх үүрэг хүлээнэ. Шаардлагатай гэж үзвэл тайлбар өгөөд уучлал гуйна. Уучлал гуйна гэдэг хариуилагын хэлбэр. Үүнийг хуульчилж л өгөхгүй бол дуртай нь уучлал гуйдаг, дургүй нь гуйхгүй. Тухайн үйлдэл нь ноцтой бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно. Өнөөдөр сонгогч хагас эрхтэй, сонгогдсон албан тушаалтан бүрэн эрхтэй байна. Ард түмний дэмжлэгээр өндөр албан тушаалд суугаад, сонгогчдыг мартдагийг сануулаад Хариуцлагын тухай хуульд “УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах” заалт оруулжээ. Гэмт хэрэг үйлдсэн, хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн гэх мэтээр хууль зөрчсөн, УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хуралдааны гуравны нэгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан бол эргүүлэн татах үндэслэл болно гэв. “Сахилгагүй” УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг УИХ-аар л эцэслэн шийдвэрлэх юм байна.

    Ямартай ч төрийн тэргүүнийн гэнэтхэн хуулийн төслүүдийг “бөөндөх” болсон нь төрөлх намынхан нь түүний тэвчээрийн утсыг тас татсантай холбоотой. Улс орны эрх ашгийг уландаа гишгэж, үг авдаггүй төрийн түшээдэд ундууцсан бололтой. Нам гэхээс илүүтэйгээр фракцын эрх ашгийг дээдэлсэн журмын нөхөд нь түүний үгийг үнэгүйдүүлж, үл тоож байгаа учир ийнхүү уурссан байх. Тэгээд ч уурсах шалтгаан ч түүнд хангалттай олон байгаа.

    Төр засагт хуримтлагдсан ноцтой асуудлуудыг зоригтой хөндөж монгол хүн бүрт нэгийг бодогдуулж, эх орны маргааш эрүүл саруул болно гэдэгт итгэл найдвар нэмсэн “Том төрөөс ухаалаг төрлүү” санаачлагын хүрээнд Засгийн газарт салхи оруулахыг хичээсэн. Гэвч санаачилсан хуулийн төслийг нь журмын нөхөд нь хэлэлцэж, хэлэлцэж эцэст нь унагаснаар түүний хэлсэн үг, хийсэн үйлдлийг салхинд хийсгэсэн. Мөн л энэхүү санаачлагын хүрээнд өргөн барьсан Шилэн дансны хуулийн төслийг буцааж УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн эсрэг байр суурь илэрхийлсэн.

    Өргөн барьсан хуулийн төслүүд нь шил шилээ даран унаж байхын хажуугаар намын зарим нөхөд нь сөрөг хүчнийхэнтэй нийлж “Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд дахин сонгогдох тухай асуудал байхгүй. Буух Ерөнхийлөгчтэй юугаа ярих юм” гэж сархад задлангаа сэмхэн ярьсан үг нь түүний чихэнд хүрч асуудлыг улам хурцатгав. Тэр ч яахав, тэрүүхэндээ тэгсхийгээд намжсан. Харин “давхар дээл”-ийг эсэргүүцэж, сайдын сэнтийгээс татгалзсан Х.Баттулгын оронд бас л “давхар” Ш.Түвдэндоржийг санал болгоход Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэвч нам доторх фракцын томилгоог намын дарга Н.Алтанхуяг чухалчилж, Ерөнхийлөгчийн том бодлого, үйл ажиллагааг өөрсдийн болоод фракцуудын явцуу эрх ашгаас доогуур тавьсан. Үүнийг ч тэрбээр эсэргүүцэж, өчигдрийн уулзалтын үеэр “Фракцын зарчмаар Засгийн газрын гишүүдийг томилдог нь буруу. Энэ тогтолцоо нь төрийн шийдвэр гаргах чадамжийг бууруулж байна” гэв.

    Харин хамгийн сүүлд төрийн тэргүүний санаачилсан “давхар дээл” тайлахыг дэмжиж, кок аваад байсан Х.Баттулга эсэргүү нарын эгнээнд элсэв. Хэдийгээр Ерөнхийлөгчид хандаж “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг бэлтгээгүй ч улс үндэстний эв нэгдэлд сэв суулгахаар илэрхий утгатай байсан нь Ерөнхийлөгчийн дургүйг жинхэнэ утгаар нь хүргэж, загнуулахад хүргэсэн. 30 минутын турш төрийн тэргүүнээс зэмнэл хүртсэн тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Хөршөө мууллаа гэх юм. Түүхээ л ярьсандаа уг нь. Түүхээ мартах уу” хэмээн жиргэж, Ерөнхийлөгчийн үгийг үл тоомсорлож байгаагаа илэрхийлсэн. Энэ мэт намын нөхдийн удаагийн дараагийн “хутгалалт” эцэстээ Ерөнхийлөгчийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь үнэгүйдүүлж, түүнийг “ганцаардахад” хүргэсэн учир ууртай нь аргагүй хуулийн төслүүдийг “бөөндөж” байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих