Хууль бөөндөгчид юу хийв
Та бидний сонгосон түшээд өчигдөр Монголын түүхэнд ач холбогдол ихтэй хуулиудыг хэдхэн цагийн дотор хэлэлцсэн болоод баталчихлаа. Улсын баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Ардын хувьсгал” үгийг ад үзээд гээчихэв. МАН-ынхан ч гомдолтой хэмээн чуулганы танхимаас гүйж гараад сэтгүүлчдийг цуглуулаад учир байдлаа ярьж гарав. Үүний дараа “Шинэчлэлийн Засгийн газар улсын төсөвт үрэлгэн ханджээ, хэдэн сайд нар гадагшаа хэдэн зуун саяар зугаалчихаж. Ийм байхад төсвийн гүйцэтгэлийг халтуурдаж хэлэлцмээргүй байна. Задаргаа хийж, нухацтай хэлэлцэх үү, бүгдээрээ” хэмээн уриалж суусан зарим гишүүн нидэр дээрээ чимээгүй суусаар 2013 оны төсвийн гүйцэтгэлийг баталчихлаа. Ногоон гэрлээр “саадгүй” батлагдсан хууль үүгээр дуусахгүй. Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Харилцаа холбооны тухай хуулийг ч гэсэн өөрчилж амжлаа. Мэдээж байнгын хороодын шуурхайлсан хуралдаанаар энэ төслүүдийг давхар хэлэлцээд хуулийн процедурын дагуу чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн. Харин 18 цагаас эхлэн чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжсэн. Шалтгаан нь Төрөөс төмөр замын талаар баримтлах тогтоолын төслийг хэлэлцэх болсонтой холбоотой. Энэ төсөл нь нийгэмд талцал, маргаан дагуулж байгаа ч гишүүд хаалттай хаалганы цаана хэлэлцэхийг урьтал болгосон юм. Ингээд өчигдөр баталсан хуулиудын талаархи тойм мэдээллийг хүргэе.
НААДМААР ТАВ ХОНОГ АМАРНА
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр жил бүрийн долдугаар сарын 11, 12, 13-ны өдөр болдог. Гэвч энэ баяр нь амралтын өдрүүдтэй давхцсан тохиолдолд нөхөж амрах эрх зүйн зохицуулалт алга байж. Энэ жилийн наадмын баярын өдрүүд амралтын хоёр өдөр таарч байгаа учраас сунгаж амраахаар хуульд өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр үндэсний баяр наадмаар таван хоног амрах боломжтой болж байна. Гэхдээ энэ хуулийн дээрх өөрчлөлтийг гишүүд санал нэгтэй дэмжсэн ч нэг л зүйлийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Энэ нь Үндэсний баяр наадмын тухай хуульд Ардын хувьсгалын гэх үгийг гээж түүхээ үгүйсгэлээ гэсэн МАН-ынхны мэдэгдэл байлаа.
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬ МАРГААН ДАГУУЛСАНГҮЙ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл яагаад хурдан батлагдав гэж бие даагч гишүүн Х.Болорчулуун гайхсаар хоцров. Энэ төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж тэр ганцаараа эсэргүүцэж байлаа. Харин түүнээс бусад нь төдийлөн эсэргүүцээгүй. Үүнийг төслийн ажлын хэсгийн ахлагч нь хатуу самар гэх Ц.Нямдорж гишүүн байсантай холбон тайлбарлах хүн байгаа юм. Ц.Нямдорж гишүүн хэдхэн хоногийн өмнө төслийн талаар асуулт асуусан гишүүн бүрт “Би хариулчихсан. Өөр нэмэлт тайлбар байхгүй” хэмээн үл ойшоож суусан ч ахалсан төслийг нь батлаад өгсөн нь энэ. Газрын тосны тухай хуулийг УИХ-аас батлахгүй буцааж байсан шалтгааныг УИХ-ын гишүүд “Өмнөх хуулийн төсөлд дутуу дулимаг заалтууд цөөнгүй байсны зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй заалтууд туссантай холбоотой” хэмээн тайлбарлаж байсан.
Харин өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 14 санал, найруулгын 20 орчим саналаар санал хураалгаж эцэслэснээр төсөл баталсан. Энэ хуулийн талаар Х.Болорчулуун гишүүн “Үнэн хэрэгтээ маш сул хууль. Өмнөх ололттой зүйл, заалтуудаа бүгдийг ухраачихлаа.
Монгол Улс ганцхан компанид үйлчлэх хууль гаргаж болно гэж үү. “Дачин тамсаг” компанийн 1993 оны гэрээ ямар алдагдалтай, Монгол Улсад хохиролтой вэ гэдгийг бид өмнө нь хэлж байсан. Дэлхий нийтэд газрын тосноосоо 50-иас дээш хувийн ашиг хүртдэг.
Ялангуяа бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар улс Индонези 71 хувиа авдаг. Гэтэл манай улс 24-хөн хувийг хүртдэг. 1993 оны гэрээгээр зүйл, заалтаар өөрчлөхгүй гэдэг заалтыг хуульд тусгаж оруулж байна. Үүний цаана сайхан үгээр халхавчилсан гадаадын хөрөнгө оруулалтын үүрэг байж болохгүй” хэмээн мэдэгдэж байв.
ДУГААРТАЙГАА ӨӨР ОПЕРАТОР КОМПАНИ РУУ ШИЛЖИЖ БОЛНО
Үүний дараа Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ялангуяа, хэрэглэгчид барьж буй дугаартайгаа өөр оператор компани руу шилжих боломжийг олгосон хууль байлаа. “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ аж. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон /өөр оператор компанид шинээр бүртгүүлэн/ шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болж байна.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх зорилго нь хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэхэд оршдог байна. Тухайлбал, үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөх бус үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ,түүний найдвартай байдал, контентийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн хүсэл, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор энэ төслийг санаачлан батлуулсан гэдгийг Ч.Сайханбилэг гишүүн онцолж байсан юм.
МАН-ЫНХНЫ ГОМДОЛ ТАЙЛАГДАВ
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын байнгын хорооны хуралдаанд бүрэн багтаж чадахгүй байна хэмээж явсан МАН-ынхны гомдол өчигдөр тайлагдлаа. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороонд Ж.Батсуурь, Ө.Энхтүвшин, Төсвийн байнгын хороонд Д.Сумъяабазар, Д.Оюунхорол, Хууль зүйн байнгын хороонд Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Ауюлгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Л.Болд, Ё.Отгонбаяр нар багтав. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Х.Баттулга, О.Содбилэг Д.Тэрбишдагва, Ж.Эрдэнэбат, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Ц.Оюунгэрэл, Д.Хаянхярваа, Өргөдлийн байнгын хороонд О.Баасанхүү, Төрийн байгуулалтын байнгын хороонд Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, Ц.Дашдорж нар багтсан юм. Харин дугаар шилжих мөчид Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхийг хойшлуулсан тухай мэдээллийг эх сурвалж хэлсэн юм. Ингэснээр ирэх намар төмөр замын асуудал дахин хэлэлцэх асуудал болж үлдэв.
НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ
1.2015 оны төсвийн тухай хуулийн төсөл
2.Хүний хөгжлийн сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл
3.Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл
4.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
5.Шилэн дансны тухай хуулийн төсөл
6.Худалдааны тухай хуулийн төсөл
7.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
8.Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шинэчилсэн найруулга
9.Гэмт хэргийн тухай хуулийн төсөл
10.Зөрчлийн тухай хуулийн төсөл
11.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл
12.Монгол хэлний тухай хуулийн төсөл
13.Урт нэртэй хуулийн дагалдах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл
14.Хяналтын тухай хуулийн төсөл
15.Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл
16.Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл гэхчилэн 20 хуулийн төслийг хэлэлцэх тухай тов зарлажээ.
Д.БОЛОРМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: