350 сая төгрөгийн машин унадаг сайдын нэрийг нууцлана
Төрийн албан хаагчдын улсын мөнгөөр тансагласан хэргүүд шил, шилээ даран гарсаар байна. Төсвийн мөнгөөр Бразил, Дубайгаар зугаалсан нөхдүүдийн зардлыг нь өөрсдөөс нь гаргуулахаар болсон. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр тансаг машин хөлөглөж яваа нөхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудал Төрийн ордонд маргаан дагуулж эхэллээ.
Тодруулбал, төсвийн олон зуун сая төгрөгөөр машин хөлөглөж яваа нөхдүүд төрийн албаар дүүрснийг Аудитын газрын шалгалт нотолсон. Бүр 222 албан тушаалтан автомашин ашиглаж, улсын мөнгөөр бензин тосоо хийлгэж байгаа юм. Дээрх 222 албан тушаалтны нэрийг Үндэсний Аудитын газраас ил болгоно гэж Ерөнхий аудитор А.Зангад чуулганы хуралдааны үеэр амалсан билээ.
Тэгвэл Засгийн газраас тэдний нэрийг олон нийтэд ил болгож болохгүй гэж үүрэгджээ. Өөрөөр хэлбэл төрийн мөнгөөр тансаглаж буй нөхдүүдийн нэрийг хав дарж, нуух шинжтэй байна. Харин олон нийтийн зүгээс тэдний нэрсийг ил болгох хэрэгтэй гэж үзэж байна.
Учир нь төсөв санхүү хүндрэлтэй байгаа үед дээрх албан тушаалтнууд хэмнэлтийн бус тансаг хэрэглээг илүүд эрхэмлэн 100 км тутамд 20 литр шатахуун хэрэглэдэг нэг бүрийн үнэ нь 52-354 сая төгрөгийн үнэтэй машиныг унаж яваа юм байна. Тэдний унаж буй машины хамгийн бага үнэтэй нь 52 сая төгрөгийнх бол хамгийн үнэтэй нь 354 сая төгрөг гэсэн үг. Тэгэхээр зүгээр л нэг хурган дарга 100 км тутамд 20 литр шатахуун хэрэглэдэг том мотортой Lexus 470, 570, Land 200, 100 унадаг болж байна. Харин 354 сая төгрөгийн үнэтэй машиныг нэгэн сайд унадаг гэж эх сурвалжууд хэллээ.
Засгийн газраас тус сайдын нэрийг олон нийтэд мэдэгдэхгүйн тулд ихээхэн нууцалж байгаа сурагтай. Зөвхөн дээрх 222 хүний машиныг авахад зориулж улсын төсвийн 20 тэрбум төгрөг зарцуулжээ. Төрийн албанд сүүлийн 3 жилд худалдан авсан нэг бүрийн үнэ 83 сая төгрөгөөс дээш өртөгтэй автомашин нийт 61 ширхэгийг худалдан авснаас зөвхөн 2013 онд 29 ширхэгийг авчээ.
Энэ нь эрх баригчид төсвийн хөрөнгөөр хэрхэн тансаглаж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагийн тод илрэл юм.
Мөн 432 төсөвт байгууллагууд 2013 оны гүйцэтгэлээр бензин шатахуунд 13,3 тэрбум, сэлбэг хэрэгсэлд 5,9 тэрбум, тээврийн хэрэгслийн даатгалд 0,5 тэрбум, нийт ашиглалтын зардалд 19,7 тэрбум төгрөг зарцуулсан ба жилд дунджаар нэг автомашины ашиглалтын зардал 4,9 сая төгрөг байгаа аж. Сөрөг хүчин байхдаа дарга нарын унааг цөөлж, тансаглалыг таслан зогсооё гэж ярьж явсан АН-ынхан эрх баригч болонгуутаа унах ёсгүй унаагаа төрийн мөнгөөр аван унаж байгаа нь тансаглалын нэг хэлбэр мөнөөс мөн билээ. Улс зардлаа хэмнэж, төсвийн мөнгийг зөв зохистой зарцуулах талаар ярьж байхад нөгөө талд дарга нар төрийн унааг хувьдаа ашиглаж, илүү зардал гарган унах ёсгүй машинаа унаж байгаа нь яавч зохистой үйлдэл биш юм.
Т.Энхэлээ
24tsag
URL: