Гадаад харилцааны салбарт гай тарьж мэдэх нөхөр

Д.БАТ

Гадаад харилцааны сайдын тушаал гарч, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал С.Сүхболдыг үүрэгт ажлаас чөлөөлснөөс хойш хэд хоног өнгөрөв. Оронд нь өөр даргыг томилсон боловч өнөөх нь ажлаа хийж чадахгүй байгаа гэнэ. Учир нь С.Сүхболд сайдынхаа тушаалыг гармагц тамгаа өвөртлөөд зугтчихжээ. Анх АН-ын дарга нар, дараахан нь аймгийн Засаг дарга нар огцроод л тамгаа аваад зугтчихдаг байв. Харин одоо энэ жишиг дипломат албанд хүртэл ийн халдварлажээ.

С.СҮХБОЛД ГЭЖ ХЭН БЭ?

Сүхээгийн Сүхболд нь1976 онд Сэлэнгэ айм­гийн Орхонтуул суманд төрсөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн эрх зүй, удирдлагын магистрын зэрэгтэй. 1995-1999 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, 2004-2006 онд Австралийн Викторигийн Их сургуулийг тус тус төгссөн.

Ажлын туршлагын хувьд:1999-2010 онд ГХЯ-ны Эрх зүй, консулын газарт атташе, Гэрээ, эрх зүйн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал, 2012 оны 7-9 дүгээр сард Гэрээ, эрх зүйн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2012 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар томилогдон ажиллажээ.

 

С.СҮХБОЛДЫГ АЖЛААС ХАЛСНЫ УЧИР

Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал С.Сүхболдыг зүв зүгээр ажиллаад байхад нь чөлөөлчихөөгүй талаар яамныхан ярьцгааж байгаа. Мөн албаны эх сурвалжууд ч ингэж хэлэх болов. Тодруулбал, С.С үхболдын хариуцсан ажил нь урагш муутай байсны хэрээр яамны нэр хүндийг тэр чигээр нь унагасан гэнэ. АТГ-аас жил бүр төрийн байгууллагуудыг оролцуулан гаргадаг  Шударга байдлын үнэлгээ гэж бий. Энэ үнэлгээгээр Гадаад харилцааны яам 32.5 буюу маш муу гэсэн үнэлгээ авч, төрийн байгууллагуудаас хамгийн сүүлд жагсжээ. Энэ талаар АТГ-ынхан 2014 оны зургадугаар сарын 21-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан гэж байгаа. Чухамдаа ноён С.Сүхболд Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлын хувьд  яамандаа нээлттэй ил тод байдлыг бий болгох, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй байсан аж.

Мөн Үндэсний аудитын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамтран хийсэн  шалгалтаар боловсон хүчний бодлого, судалгаа, мэдээллийн аюулгүй байдал, санхүүгийн үйл ажиллагааны дэг журмыг мөрдүүлэх зэрэг Төрийн захиргаа, удирдлагын газрын ажлын чиг үүрэгтэй шууд холбоотой ихээхэн зөрчлийг илрүүлсэн байна. Түүнчлэн Сайдын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээс удаа дараа татгалзаж байсан талаар эх сурвалж мэдээлж байгаа. Үүнээс гадна нэг ноцтой алдааг С.Сүхболд гаргажээ. 2013 оны төсвийн тодотголоор ГХЯ-ны зарим хөрөнгө оруулалт хасагдсан байна. Энэ нь хуулиар баталгаажсаар байтал С.Сүхболд дарга дур мэдэн Тендерийн үнэлгээний хороог байгуулж, төсөвт тусгаагүй худалдан авалтыг зохион байгуулжээ. “Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх”, “Хурлын иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах”, “Тавилга хэрэгсэл нийлүүлэх”, “Металл илрүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах”, “Мэдээллийн сүлжээний программ хангамж, албан хэрэг хөтлөлтийн программ” гэсэн таван багц тендерийг дур мэдэн зарлаж, худалдан авалт явуулсан байна. Энэ тендерүүдийн үнийн дүн нийтдээ 400 гаруй сая төгрөг болж байгаа аж. Уг үйлдэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5 дахь заалтыг шууд зөрчиж буй гэнэ.

С.Сүхболд өөрийгөө “Би УИХ-ын гишүүн Болорын хүн… “ гэж ярьдаг гэх. Энэ утгаараа төрийн албыг төрлийн алба болгох “сүлжээ”-нд гайгүй холбогдоод авчээ. Тэрээр албан тушаалаа ашиглан эхнэрийнхээ садангийн хүүхдийг яамныхаа Санхүү, төрийн сангийн хэлтэст нягтлан бодогч, бас нэг хамаатныг нь Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газарт техникийн ажилтнаар илгээсэн гэх мэдээллүүд байна. Хамгийн гол нь С.Сүхболд хамаатнуудаа томилохдоо элдэв сонгон шалгаруулалт хийлгүй Төрийн албаны тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 16.2.3, бас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчсөн байна.

С.Сүхболд даргатай  холбоотой иймэрхүү фактууд байна. Төрийн, тэр дотроо дипломат албанд зүтгэж байгаа хүн ийм “алдаа”-тай байна гэдэг байж боломгүй. Монгол Улсын гадаад харилцааг ямар хүн “манаж” байсныг УИХ, Засгийн газрын удирдлагууд, бас хууль хяналтынхан анхаарах хэрэгтэй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих