Сандо амбан ба Н.Алтанхуяг

148bacce9dbd794foriginalМонгол Улсад Манжийн төр ноёрхож байх үед /1900 оны эх/ Бээжин хотноо манжийн төр “шинэтгэлийн 100 өдөр” гээч аян өрнүүлж, төрийн бүтэц зохион байгуулалтаас эхлээд олон гаж үйлдлээ засах оролдлого хийж байсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн нь бий. Гэвч амжилт ололгүй Англи, Япон, АНУ гээд олон улсын дайралтад өртөж, хүч нь суларсаар байсан юм. Тодотговол манжууд төрөө нэгэнт доройтуулсан хойноо ийнхүү “шинэтгэлийн 100 өдөр” хэмээн зарласан хэрэг л дээ.
Тэгвэл тэр цагаас хойш зуу гаруй жилийн дараа манай Засгийн газар “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян”-г зарлалаа. Гэтэл аанай л зуу гаруй жилийн өмнөх Манжийн төр шиг хүч нь улам л суларсаар байгааг нуух хэрэггүй. Тухайн цагт дэлхийн бүхий л гүрэн манж руу довтолж тэр бүрийд манжийн хүч суларсаар байсан юм. Ганцхан амь бөхтэй, хэмжээлшгүй их эрхтэйгээр Монгол Улсад л Сандо амбан оршсоор байсныг түүх гэрчлэх байх. Хятад, манжийн пүүсүүд монгол газар үүрлэж, энгийн ард иргэдийг өрийн дарамтад оруулж жинхэнэ бах таваа хангаж байв. Түүхнээ Даашинхүүгийн пүүс ч хэмээдэг. Түүнчлэн Орхон Сэлэнгийн үржил шимт бэлчир нутагт хятадууд тариалалт  эрхэлж, нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй ардуудыг манжийн төрөөр далайлган шахах үзэгдэл ч газар авч байлаа. Энэ бол манжийн төр мөхлийн ирмэгт ирээд байх сүүлийн үеийн дүр зураг.
Үүнийг юуны учир цухас дурдаад байгаа юм бэ гэхээр өнөөдрийн манай төрд яг ийм дүр зураг бий болжээ. Газар нутаг, хөрсөн доорхи баялагаа гадаадынханд өгчихсөн. Өгөхөөр хууль хэлцэлцээд юу юугүй батлах тийшээ хандаж байна. Гадаадын иргэнд газар эзэмшүүлэх тухай хууль, уул уурхайн чиглэлээр боловсруулсан хуулийн төсөл бол яг л энэ зуу гаруй жилийн өмнөх дүр зургийг өөрийн эрхгүй санагдуулна. Тухайн цагт эх орончид хөвгүүд оросоос тусламж хүсч, манжийг шахах бодлого барин Сандо амбанг гурав хоногийн дотор монголоос зайлахыг шаардав. Тэрээр ам зулбан хиагтаар нутаг буцаж байсан түүхтэй. Ийн явахдаа тэрээр японы нэгэн сэтгүүлчид “Монгол газар байдал эвгүй болсон, оросыг баримтлах нь хэрээс хэтэрч, миний байгуулсан гудамжний гэрэл чийдэнг хаг цохисон” хэмээн гомдол мэдүүлсэн нь түүхэнд бий. Эндээс харвал Сандо гэгч нь өнөөгийн манай гүйцэтгэх засаглалын тэргүүн лугаа байжээ. Тодруулбал, гудамж талбай, гэрэл чийдэн гэсэн өнгөөр халхалан монголд эзэн суух тухай л бодлого. Нуршаад дурдаад байвал энэ хоёрт адил төстэй зүйл маш олон бий. Гэхдээ энэ удаад түр хойш тавих нь зүйн хэрэг.
Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга үүнийг батлах нэгэн захидал илгээжээ. Үүнд өгүүлэхдээ “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээний хэд хэдэн шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргахаар завдаж байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд анхааруулах зорилгоор…” нэгэн захидал хүргүүлжээ.
Тус захидалд нэг ийм дөрвөн үндсэн зүйл бий. Нэгдүгээрт, Харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, программ хангамжийг голчлон ашиглах. Энэ бол нэг гүрний нөлөөнд харилцаа холбоогоор шууд дагаар орж байгаатай агаар нэгэн зүйл. Хоёрдугаарт, Уул уурхайн орд газруудаас хятадын хил рүү түүхий эд зөөхдөө гурван чиглэлээр мухар төмөр замыг нарийн царигаар тавих. Үүнийг бол тайлбарлалтгүй. Шуудхан л баялагаа нэг гүрний мэдэлд өгч байгаа хэрэг. Гуравдугаарт, ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг монголд байгуулахыг зөвшөөрөх. Өнөөх зуу гаруй жилийн өмнө Даашинхүүгийн пүүсэнд дааж давшгүй өртэй байсан дүр зургийг энэ цаг үед хэрэгжүүлэх гэсэн арга.  Дөрөвдүгээрт, Монгол Улсын газрыг монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах. Энэ нь аанай л үржил шимт Орхон Сэлэнгийн бэлчир нутагт эзэн сууж үндэснийх нь иргэдийг шахаж байсантай адил төстэй зүйл.
Эндээс харвал зуу гаруй жилийн өмнө мөхсөн манжийн төрийн бодлогыг Н.Алтанхуяг нар барьж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Тиймдээ ч Сандо Н.Алтанхуяг нарт адил төстэй талууд олон байгааг цухас дурдах нь зүйн хэрэг гэж бодлоо. Хэрвээ Н.Алтанхуяг нар, олонхийн бүлэглэл үүнийг хүч түрэн батлах юм бол магадгүй үндэсний хэмжээний бослого гарахыг үгүйсгэх аргагүй.

С.Баяр

 


URL:

Сэтгэгдэл бичих