Д.Хаянхярваа: АН дотоод зөрчлөөсөө болж ажлаа хийж чадахгүй байна

7-1-4Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Засгийн газраас санаачилсан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөр хэрэгжиж эхлээд шувтрах тал руугаа орж байна. Одоо ердөө 40 гаруй хоног үлдлээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс ямар эерэг үр дүн гарав. Эдийн засагч гишүүний хувьд та бодитой мэдээллийг өгөх байх?

-Өнөөгийн нөхцөл байдлаас харахад ямар ч өөрчлөлт гараагүй байна. Бүр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дордох тал руугаа орчихлоо. МАН-ынхан бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ Засгийн газарт эдийн засгийг сайжруулах ямар боломж байна вэ гэж мөн ч олон удаа саналаа хэлсэн дээ.

Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд, төсвийн алдагдал, гадаад худалдааны тэнцэл, валютын ханш, инфляци, энэ Засгийн газрын урт, богино хугацаатай зээлд ямар бодлого баримтлах ёстой вэ гэж. Харамсалтай нь, бидний үгийг сонсоогүй. Одоо тэр 100 хоногийн хүрээнд дорвитой алхам хийж чадахгүй нь өдрөөс өдөрт тодорхой харагдаж байна.

- Засгийн газраас энэ хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй иргэд ажилтай болсон гэж мэдэгдсэн?

-Засгийн газрынхан ярихдаа иргэдийг хэдэн арваар нь ажилд оруулсан гэх юм. Гэтэл нөгөө талд үндэсний хэмжээний томоохон компаниуд нь ажилчдаа хэдэн зуугаар нь халж байна гэнэ. Энэ юуг өгүүлэв гэхээр шинэчлэлийн Засгийн газар барьц алдах тал руугаа орчихлоо гэдгийг маш тодорхой харуулж байна.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амьдрал дээр ямар болчихов гэдгийг эрүүл саруул ухаанаар тунгааж, судалгааны төвшинд харахгүй байгааг илтгээд байгаа юм. Зарим аж ахуйн нэгж бүхний нүдэн дээр дампуурлаа зарлахаас эхлээд ажилчдаа цомхотгоод байхад нөгөө талд нь ажлын байр нэмэгдүүлж байгаа гэж яриад суух нь учир дутагдалтай байна.

-Төсөлд төрийн өмчийг хувьчлах тухай заасан байгаа. Та өмч хувьчлалын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн хэрэгтэй, хэрэггүй олон жижиг байгууллагыг хувьчлах ёстой гэдэгт санал нэг байна.  Төсөлд томоохон үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг хувьчлах талаар оруулсан байна лээ. Мэдээж үүнийг ил тод нээлттэй, хуулийн хүрээнд хувьчлалыг явуулах байх гэж найдаж байна. Яах вэ, нийгмийн зүгээс өмч хувьчлалын давалгаа явуулаад ашиггүй болгох вий гэж хардаж байгаа.  Гэхдээ бүх юмыг хараар харж болохгүй. Зөвхөн хяналтаа сайн тавиад үр ашиггүй төрийн өмчийн нэртэй жижиг газруудыг хувьчлах ёстой гэдэгт санал нэг байна.

-Саяхан манай улсад “Макро эдийн засгийн төлөв байдал” хэмээх олон улсын байгууллагатай хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар манай улсын эдийн засгийг эрсдэлтэй байна гэж дүгнэсэн гэв үү?

-Олон улсын валютын сангийн өндөр албан тушаалтнууд нь ирж оролцлоо. Эдийн засгийн байнгын хороо болоод Төсвийн байнгын хороо хамтарч энэ уулзалтыг зохион байгуулсан. Тэр уулзалтад би оролцсон. Харамсалтай нь, эрх баригчдын зүгээс цөөхөн хүн харагдана лээ. Азийн хөгжлийн банкны удирдах албаныхан болоод Монголбанкинд ажиллаж байсан туршлагатай хүмүүсийн ярихыг сонсоход  МАН-ын гишүүдийн хэлдэг байсныг л хэлсэн. Мөнгөний бодлогоо чангалах хэрэгтэй. Төсвийнхөө алдагдлыг бууруулах хэрэгтэй. Төсвийн гадуур байгаа бүх мөнгийг төсөв дотор оруулж цэгцлэх ёстой. Ингэж байж инфляци бусад эдийн засгийн сөрөг үр дагаврыг зогсоож хяналтаа тавих бололцоо бүрдэнэ гэсэн санааг тодорхой хэлсэн. Ялангуяа, Азийн хөгжлийн банкны орлогч захирал маш тодорхой хэлж өглөө. Тэр дундаа уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай байхын сул болоод давуу талыг нь Чили улсын сайд байсан эрхэм ярьсан. Эдийн засгийн төрөлжилт муу байна. Төрөлжүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй. Нэг зүйлээс хэт хараат байх нь эдийн засагт сайн үр дагавар авчрахгүй гэдгийг тодорхой хэлж байна лээ. Энэ сануулга нь яахын аргагүй үнэн. Уг нь бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чамгүй мөнгө зарцууллаа. 7-8 орчим их наяд төгрөгийг зарцуулчихаж. Гэвч эх орон маань хөгжиж цэцэглээд, эдийн засаг сайжирсан юм алга. Энэ их мөнгөөр өөрсдийнх нь хэлдгээр эдийн засгаа солонгоруулж, эх орноо галзуу хөгжүүлэх боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь ингэж ашиглаж чадсангүй. Яах вэ, хийж бүтээсэн зүйл бий. Бүгдийг нь үгүйсгэхгүй. Том утгаар нь дүн тавивал энэ их мөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулж чадсангүй гэж хэлэх байна.

-Энэ хөтөлбөр чуулган завсарласан зуны налгар өдрүүдэд хэрэгжиж дуусах нь. Тэгэхээр хариуцлагын талаар эргээд ярьж таарахгүй болж байна уу. Засгийнхан өөрсдөө хөтөлбөр үр дүнгүй хэрэгжвэл хариуцлагаа хүлээнэ гэж мэдэгдэж байсан?

-Бид хариуцлагын талаар тодорхой хэлж байгаа. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд ийм, ийм ажил хийнэ гэсэн төлөвлөгөө бүрт дүгнэлт хийнэ. Эхний ээлжинд эдийн засгийг хүнд байдалд оруулсан Эдийн засгийн хөгжлийн сайддаа хариуцлага тооцооч гэсэн шаардлагыг өнөө хүртэл тавилаа. Гэвч эрх баригчид яаж хууль зөрчиж, энэ ажлыг сунжруулж болдгийг яруу тод харууллаа. Маргааш /өнөөдөр/ ч гэсэн хүч түрээд хаврын чуулганыг завсарлуулах юм шиг байна. Бид гэхдээ шаардана. Эдийн засгийн сайдад хариуцлага тооцох асуудлыг энэ чуулганаар заавал хэлэлц гэж. Хэрэв олонх хүч түрээд сайдаа авч үлдвэл хууль зөрчиж байгаагийн тод жишээ болно.

-Зөрчиж байгааг нь хараад л үлдэх үү?

-Хараад үлдэх үү гэж бид ямар хөтлөөд оруулж хэлэлцүүлэлтэй нь биш дээ. Эрх баригчид нэгэнт хурлаа завсарлуулаад хэлэлцэхгүй гэж байгаа тохиолдолд өөр арга байхгүй. Мэдээж хуулиа судална. Үндсэн хуулийн хүрээнд ямар зүйл заалт зөрчив гэдгийг нь харна. Дараад нь алхмууд ярьж таарна. Эцсийн эцэст нөхцөл байдлыг хараад байхад АН-ынхан  бие биедээ хариуцлага тооцох ямар ч чадваргүй болжээ.  Бие биеэсээ тодорхой нэгэн зүйлээр хамааралтай болсон гэдэг нь харагдаж байна. Фракц бүлэглэлээр хуваагдаж, нэгнээсээ хамааралтай болсон учраас ажлын хариуцлага алдаад байгаа нөхрөө “Миний найз ажлаа өгчих. Дараагийн хүн нь хийг” гээд хэлчихэж чадахгүй юм. Хэрэв тийм биш юм бол АН-ын бүлэг “Н.Батбаяр ажлаа хийнэ. Энэ хүн ямар ч байсан эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх ёстой” гээд хурлаа хийгээд аваад гарчих боломж бий.Яагаад гэвэл тэд олонх. Эрх барьж байгаа бусад хүчинтэйгээ нийлвэл үнэмлэхүй олонх болно. Гэвч тэгж шийдэж чадахгүй байгаа нь эрүүл саруул ухаантай хүмүүс дотор нь байгаа учраас сар гаруй хугацаанд ингэж сунжруулж байх шиг байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын гишүүд болоод сэтгүүлчидтэй уулзахдаа АН-д фракц бүлэглэлийн тохиролцоо цадигаа алдлаа. Тэдний энэ үйлдэл намын нэр хүндэд нь ч сөргөөр нөлөөлж байгаа талаар ярьсан. АН дотоод зөрчлийг юу гэж харж байна?

-Ерөнхийлөгчийн уулзалтад орж чадаагүй.  Бүлгийн хуралтай байлаа. Ер нь дотоод зөрчлөөс болж нэр хүнд нь унаж, ажил хийх чадваргүй болсон гэдэгт 100 хувь санал нэг байна.  Хараад байхад АН дотор 4-5 фракци байх шиг байна. Хамгийн ойрын жишээ гэхэд Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох гэж өнөөх фракциуд нь бөөн юм боллоо. Эцэст нь даргыг нь томилчих шиг боллоо. Ц.Нямдорж гишүүн “АН-ын фракц нь сөрөг хүчин байхдаа намдаа гай болдог. Эрх барихаар төрд гай болдог” гэж хэлсэн байна лээ. Энэ бас хоосон ч үг биш.

-Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгахад буруудах зүйл байхгүй гэж Төрийн тэргүүнээс эхлээд цөөнгүй гишүүн хэлж байгаа. Сангийн сайд байсан хүний хувьд асуухад Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зарчмын хувьд зөв байсан уу?

- Би Эдийн засгийн хөгжлийн яам нь Сангийн яамнаас тусдаа байх ёстой гэсэн байр суурьтай байсан хүн.  Гэхдээ өнөөдрийнх шиг байна гэж тооцоогүй. Өөрөөр хэлбэл, төсөв санхүү, бонд нь Сангийн яамандаа байх ёстой. Ямар ч нөхцөлд аливаа хөрөнгө санхүүг нэг л газартаа төвлөрүүлж барих ёстой. Айл гэрээр яривал аав, ээж, хүүхдүүд бүгдээрээ олсон хэдэн төгрөгөө юунд ч хамаагүй цацаад байвал яаж амьдрах юм бэ. Үүнтэй адилхан улсын жаахан хөрөнгийг хоёр тийш нь цацаад байхаар яаж олигтой байх билээ. Цаашдаа олон талаас ярилцаж байж зөв шийдэлд хүргэх хэрэгтэй.  Маш нухацтай ярилцах хэрэгтэй. Бидний явж байгаа бүтэц зөв үү, буруу гэж.

-Өнөөдрийн чуулганы хуралдаанаар төсвийн гүйцэтгэл, төмөр замын бодлогын баримт бичиг гээд маргаантай асуудал хэлэлцэх товтой байна. Төсвийн гүйцэтгэлд та шүүмжлэлтэй хандаж байгаа байх аа?

-Төсвийн гүйцэтгэлийг УИХ-ын гишүүд халтуур маягаар хэлэлцээд сурчихсан. Хуучин ч тийм байсан. Тэгвэл төсвийн гүйцэтгэл маш их ач холбогдол өгч хэлэлцэх ёстой асуудлын нэг. Аль ч намын засаг байсан батлагдсан төсөв хөрөнгөндөө яаж хандав гэдгийг нийгмийн толь шиг ард иргэдэд  үнэн зөвөөр мэдээлж байх хэрэгтэй. Энэ Засгийн газар ийм үрэлгэн зардал гаргаж, ийм хэмнэлттэй ажилласан байна гэж мэдэгдэх ёстой юм. Энэ удаагийн төсвийн гүйцэтгэлийг харахад аудитын байгууллага зарим зүйлд нь задаргаа хийж ажиллаагүй байна. Тухайлбал, Ерөнхий сайдын 50 тэрбум, Гудамж төслийн 47 тэрбум гээд “Чингис” бондын хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдэд үр дүнгийн аудит хийх ёстой байсан юм. Гэхдээ нэг сайн мэдээ байгаа нь Д.Батцогт даргын тэргүүлдэг байнгын хорооны хурлаар үүнийг хэлэлцээд дэмжигдсэн сураг байна лээ. Задаргаа хийе гэж.  Хамгийн наад захын жишээ гэхэд сайд нарын олонхи нь гадаад томилолтын төсвөө  хэтрүүлсэн. Үүнийгээ юугаар хааж ярьж байна гэхээр валют чангарсантай холбон тайлбарлана. Ерөнхий сайд “Засгийн газрын гишүүд жилд хоёрхон удаа гадаад явна. Хоёроос илүү явахыг нь хориглоно. Тэгээд өдөр шөнөгүй ажиллана” гээд түмэнд таалагдах гэж ярьсан зүйл нь өнөөдөр ард түмэнд яасан худалч юм бэ гэж хэлэхэд хүргэлээ. Үнэндээ энэ Засгийн газрын хуурамч пиарт нь ард түмэн бухимдаж байна. Яасан ч эцэс төгсгөлгүй үлгэр ярьдаг юм бэ гэж ард түмэн гайхаад байна шүү дээ.

-Гүйцэтгэлийг шалгах үеэр 100 гаруй данс төсвөөс гадуур байсан гэх юм. Тэр гадуур данс нь танай нам засаг барьж байх үеэс эхэлсэн юм биш үү?

-Төсвийн гадуурх данс гээч нь олон жил яригдаж байгаа зүйл. Намайг Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байхад л байсан асуудал. Сангийн сайд Ч.Улаанаас орон нутгууд руу “Төсвийн гадуурх дансаа хаа”  гэсэн бичиг очиход нь бүгдийг цэгцэлж байсан. Түүнээс хойш төрийн албаны аль ч салбарт уван цуван гарсан юм шиг байна. Гэхдээ асуудал хэзээ ч эхэлсэн байлаа гэхэд энэ Засгийн газар алдааг засах ёстой. Түүнээс биш тийм цоорхой байсан гээд өмнөх үеэ муулаад суумааргүй байна.

-Та төрөөс төмөр замын талаар баримтлах тогтоолын төсөлд ямар саналтай байгаа вэ?

-Манай бүлэг хэлэлцэж нэгдсэн байр суурьтай болоогүй учраас ярихад эрт байна. Хамгийн гол нь эдийн засгийн үр ашиг, геополитик, тусгаар тогтнол гээд олон талаас нь авч үзэж байж шийдвэрээ гаргах ёстой.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих