“Хамааралтай” О.Чулуунбат Монголын эдийн засгийг бооцоонд тавих эрхтэй юу

 3410be93e5b75aadoriginal

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат  “Хамааралгүй биеэ даагаад ядуу амьдарснаас хамааралтай баян амьдарсан нь дээр” гэснээрээ албаа хэрхэн хашиж буй зарчмаа үндсэндээ тодорхойлчихсон. Олон нийт төрийн сайдын энэ үгэнд цочирдсон. Учир нь хэдийгээр дэд сайд боловч макро орчны эрүүл мэнд, хөгжлийн төлөө ажиллаж буй түүний үгийг төрийн байр суурь гэж хүлээн авахуйц эргэлзсэнд байгаа юм.

 Үүнээс хойш төд удалгүй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Эдийн засаг доголдож эхэлсэн эх үүсвэр нь 2008-2012 оны УИХ үндэсэрхэг үзэл гаргаж уул уурхайн  хөрөнгө оруулалтын орчинг чангатгасан явдал” хэмээн  тодорхойлов. Ийнхүү тэрбээр өөрийгөө хэн бэ гэдгээ харуулснаас гадна “Монголоо хөгжүүлье, баян амьдаръя” гэсэн хүсэл дээр нь дөрөөлөөд улсаа зарчихаж мэдэх зарчмыг нь ойлгож авлаа.

Мөн манай өр ямар ч хэмжээнд хүрсэн хамаагүй л гэнэ. Товчхондоо гайхашруулаад хаячихлаа. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа зээлийг тэлээд л байя гэсээр “халууны шил хагартал” баллачихаад бас ч зүгээргүй, ОХУ-ын “Транс” банкны өрөнд хаячихаад инээд алдах нь холгүй огцроод явчихсан.

“Би банкны салбарт 33 жил ажиллалаа” гэж тэр бахархдаг. Энэ хугацаанд гадны банкны салбар тухайн орны эдийн засагт аюул учруулсан ганц ч мэдээ уншиж байгаагүй гэнэ ээ. Магадгүй, хүсээгүй учраас  “нүдээ аньчихдаг” байх л даа. Тийм ч учраас тэрбээр “Bank of China”-ийн барьцаанд очвол яана аа гэсэн сэтгүүлчийн асуултад “Очиг л дээ” гээд сууж байгаа юм.

 Энэ бол О.Чулуунбат гэдэг хувь улстөрчийн л өнөөдрийг хүртэл “амьдарч” ирсэн зарчим, замнал билээ. Тэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас хамааралтай байсан. Тиймдээ ч түүнийг “оймс гозолзуулаад” ачигдахад үнэнч фен нь болон хамт байв. Үүнийгээ хүн чанартай холбон тайлбарлах хэдий ч гол асуудал өнөөх “хамаарал”-д л байсан хэрэг. Одоо хэр нь түүнээс хамааралтай утсан хүүхэлдэй мэт ажиллаж байгааг нь, команд хүлээж хөдөлдгийг нь бүгд харж буй. Харин одоо Хятадаас хэт хамааралтай болох гэж буйгаа орлого, мөнгөөр хэмжиж буй нь тун харамсалтай.

Түүнд мөнгөнөөс илүү үнэт зүйл даанч алга. Монгол чадахгүй. Тиймээс баян хөршийн хамаарал дор гуйж байгаад ч атугай оръё гэх үгс л түүний амнаас унах аж. Тэр ийм л хүн. Үнэт зүйл үгүй. Үнэт зүйл бүхнээ мөнгөөр арилжих болсон түүнд эдүгээ өөрийнх нь яриад байдаг банкны салбартай холбоотой 33 жилийн түүхээс өөр  үлдсэн үнэт зүйл бараг үгүй. Ийм ч учраас мөнгөөр л эдийн засгийн цусны эргэлтийг хөдөлгөх, улстөрчдийг өөртөө татах, ард түмний тархийг угаах шаардлагатай байгаа эгзгийг нь тааруулан Ерөнхий сайд тэргүүтнийг өөр шигээ дуугаргах болжээ. Одоо түүнд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд гэдэг албан тушаал байна. Түүнийг ашиглан сүүлчийн мэхээ хэрэглэж улсаараа хөрш орны хамааралд орохыг уриалж буй. Энэ нь хэр хол явахыг таашгүй.

Магадгүй Н.Энхбаяр “эзэн” нь түүнийг ийм аргаар ухуулан сэнхрүүлж “Ерөнхий сайдыг, түүний Засгийн газрыг муухай харагдуулаад ир” гээд явуулсан бол яах вэ. Тэр “эзний боол” учир хэлснээр нь л хийх болно. Түүнээс давж сэтгэхгүй байгаа хамтрагчдын хохь болж үлдэнэ.

Ийм дэд сайдын гарт улсынхаа эдийн засгийн хөгжлийг атгуулж гаднынхны хамааралд орохыг нь зөвшөөрч, бооцооны ширээн дээр “шидэх”-ийг зөвшөөрч болох уу. Улсаа гадны нэгэн банкны мэдэлд атгуулснаас, О.Чулуунбатад атгуулсан эрх мэдлийг буцаан авах нь амархан биш гэж үү. Магадгүй үүнд яарах хэрэгтэй ч байж мэднэ. Яагаад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хөндөж байхад тус яамны дэд сайд О.Чулуунбат “уснаас хуурай” гарах ёстой гэж. Шударга бус байгаа биз. Түүний хамгаалалт нь юу юм бэ. Зуу хоногийн дотор эдийн засгийг аврах мөнгө олж ирэх даалгавар уу. Энэ тохиолдолд түүнийг эх оронч гэж үзэх боломжгүй. Эх оронч, эдийн засагч хоёрын ялгаа үүнд л оршдог аж.

С.Чулуун


URL:

Сэтгэгдэл бичих