Монголчууд маш олон болтугай
Энэ удаагийнхаа “Өөр зурваст” бэлэг дэмбэрэлийн үгсийг нэлээд бичье гэж бодлоо. Өнгөрсөн намаржин бөөн юм болсон хүн амын тооллогын эцсийн дүн гарчээ. “Сүүлийн үед төрөлт нэмэгдсэн юм чинь гурван сая хүрсэн байлгүй дээ” хэмээн найдаж байсан ч тооллогын дүн санаанд хүрсэнгүй.
Монголчууд хоёр сая 647 мянга 545-уулаа болжээ. Энэ бол өнгөрсөн намрын тоо. Түүнээс хойш энэ тоо хэрхэн өссөнийг мэдэхгүй ч лав гурван сая хүрэх болоогүй нь ойлгомжтой юм. Тооллогын дүнгээс харвал нийт хүн амын 68 хувь нь Улаанбаатар болон дагуул хотуудад амьдарч байгаа хэмээжээ.
Өдрөөс өдөрт шавааралдан бөөгнөрч байгаа энэ хотжилт, эдийн засгийн чадавхи, гадны соёлын нөлөөгөөр манай залуус одоог хүртэл олон хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байгаа нь харагдав.
Монголчуудын ген, айхтар сэргэлэн байдал зэргийг нь харгалзан хөрш их гүрнүүд аль болох цөөн хүн амтай байлгах стратеги барьдаг гэдэг нь бараг үнэн байх. Ямар сайндаа “Монголчуудыг таван саяас илүү гаргавал дийлдэхээ болино” гэж гаднынхан өөр хоорондоо болгоомжлон ярьдаг тухай сонсч байсан юм. Тэгэхээр одоо яах вэ. Төр засаг хүн амаа өсгөх бодлогыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй болжээ.
Хүүхдийн мөнгө, алдарт эхийн одонгийн мөнгө гэх мэт эдийн засгийн урамшууллаас гадна олуулаа байх эх оронч сэтгэхүйг залуусынхаа тархинд суулгамаар юм шиг. Дээр дурдагдсан тооны Монголчуудын 107 мянга 140 нь гадаадад ажилдаж, амьдарч байгаа тооцооллоос үзэхэд үндэсний аюулгүй байдал энэ тэрд лав нөлөөлөхөөргүй юм байна.
Бас нэг гайхалтай үзүүлэлт гарсан нь бидний 98,2 хувь нь бичиг үсэг мэддэг гэжээ. Энэ бол боловсролын салбар дахь ололт гэж багахан онгироход буруудах юмгүй байх. Бас нэгэн баримт хэлэхэд манай 713 мянга 800 өрхийн 322836 нь гэрт, 382808 нь байшинд амьдардаг статистик. Тэгэхээр бид техник технологи хөгжсөн 21 дүгээр зуунд уламжлалаа хадгалан эсгий гэртээ амьдарсаар байгаа юм байна.
Иймэрхүү нөхцөлд манай хүн амын өсөлт аажуу явж байна. Энэ эрчээрээ бол 30, 40 жилийн дараагаас эхлэн хятад, японууд шиг хөгшин улс болох ирээдүй хүлээж мэдэх юм. Хүн амынх нь 60 орчим хувь нь тэтгэврийн насныхан болсон нь Японд одоо толгойн өвчин байгаа билээ. Харин бид эсрэгээрээ хүн амын дийлэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлж буй нь бас нэг ололт.
Хүмүүсийнх нь олонхи хөгшрөх аюулд орсон орны нэг нь Өмнөд Солонгос. Залуучууд нь хүүхэд гаргахгүй болохоор оройн 19 цагаас хойш төрийн байгууллагуудынхаа цахилгааныг таслаж залуусыг гэрт нь хариулах марзан шийдвэрийг хүртэл тус улсын Засгийн газар гаргаж байсан юм. Харин бид ийм шийдвэр гаргахгүй ч олуулаа болох тактикийг арай өөрөөр эхлүүлэх цаг болсон байх.
Монголчууд таван саяулаа болоход бас л их зүйлийг бүтээнэ. 2020 оны тооллогоор гурав, 2030 онд дөрөв, 2040 онд таван саяулаа болсон гэж тооллогон дүнгээ гаргаж яагаад болохгүй гэж. Монголын үрс маш олон болтугай хэмээсэн сайхан өгүүлбэр байдаг шүү дээ. Монголчууд маш олон болтугай.
Ө.Батхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: http://www.fact.mn/17499.html