Э.Хонгорзулын гэдсэнд бинт үлдээсэн эмч нарт тэнсэн өгчээ

13315_541Эмч эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болж, иргэдийн эрүүл мэнд хохирч цаашлаад амиа алдах хэрэг цөөнгүй гардаг. Ялангуяа төрх эмнэлгийн эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй дөнгөж төрсөн нярайд харвалт өгөх, эх нь эндэх, эрүүл мэндээрээ хохирох зэрэг онц ноцтой хэрэг байнга л асуудал дагуулдаг.

Тухайлбал Нийслэлийн III Амаржих газрын эмч нарын хариуцлагагүй байдлаас болж 31 настай Э.Хонгорзул бүсгүй жил гаруй хугацаанд хэвлийдээ марльтай явснаас нарийн гэдэс үгжирч муудан улмаас гэдсээ тайруулсан байдаг.

Э.Хонгорзул бүсгүй бага охиноо төрүүлэхээр 2011 оны есдүгээр сарын 8-нд Нийслэлийн III амаржих газарт кесерева хагалгаанд орсон юм.

Гэтэл энэ үеэс хойш түүний ходоод гэдэс нь түгжирч, хоол ч идэж чадахаа больсон бөгөөд нэг жил гурван сарын дараа түүнийг түгжрэл гэсэн оноштойгоор Цэргийн госпитальд хагалгаанд оруулахдаа төрөхийн эмч нарын гэдсэнд нь мартсан марлийг олсон билээ.

Хэвлийн хөндийд нь жил гаруй байсан урт бинт ходоод, нарийн гэдсийг нь нухаж, цоолох шахсан тул тэрбээр нарийн гэдсээ тайруулсан байдаг. Эмч нарын буруутай үйлдлээс болж эрүүл саруул байсан Э.Хонгорзул бүсгүй хэвтэрт орж, өтгөн шингэнээ хэвлийд нь байрлуулсан уутаар гаргаж, хагас жил орчим эмнэлгээс эмнэлэг дамжин тарчилсан.

Эмч, эмнэлгийн ажилтнууд түүний биед ийнхүү хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн юм. Ингээд 2014 оны гуравдугаар сарын 31-нд дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, Д.Ганчимэг нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 27-нд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх дээрх хэргийг хэлэлцээд эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Оюунгэрэл, эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Батзаяа, сувилагч Д.Ганчимэг нарыг гэм буруутайд  тооцож, тэдний эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж нэг жилийн хугацаагаар тус тус тэнсэн харгалзах ял оногдуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих