Хувьчлагдах 22 компани 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

527-14041868333c21e5c1b57662ff6c85e9e0f5295901_x3Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед төрийн өмчийг иргэддээ хувьчлах түүхэн шийдвэр гаргаж байлаа. Тодруулбал, 1991 оны тавдугаар сарын 22-ны өдөр Улсын бага хурлаас  “Өмч хувьчлах тухай хууль”-ийг гаргасан юм.

Хувьчлал явуулахын тулд тухайн үед улсын үйлдвэрийн газруудаа хувьцаат компани хэлбэрт шилжүүлж, үнэт цаасыг нь биржээр арилжаалах шаардлага тулгарсан байна. Тиймдээ ч, 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр үнэт цаасны дэлгүүр болох “Монголын хөрөнгийн бирж”-ийг байгуулж, 1992-1995 оны хооронд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компани хэлбэрт шилжүүлжээ.

Ингэхдээ нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 212 сая ширхэг хувьцаатай 22 тэрбум төгрөг үнэлгээ бүхий хувьцаат компаниуд байгуулсан байна. Үүний тодорхой хувийг иргэдэд цэнхэр тасалбараар эзэмшүүлсэн байгаа юм.

Тодруулбал, 1992-1995 оны хооронд иргэд 475 хувьцаат компанийн  8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96 сая ширхэг хувьцаа авсан байна. Иргэдийн хувьд долоон мянган төгрөгтэй тэнцэх “цэнхэр” тасалбараараа улсын үйлдвэрийн газрын хувьцаа авч байсан энэ үеийг “их хувьчлал” хэмээн нэрийддэг.

Харин гурван мянган төгрөгтэй тэнцэх “ягаан” тасалбараар улсын бусад өмчийг авч байсан үеийг  “бага хувьчлал” хэмээн нэрийддэг юм. Их, бага хувьчлалын дараагаар манай улс төрийн бусад өмчөө ч үргэлжлүүлэн хувьчилсан байдаг. Тухайлбал, 1996- 2012 он хүртэл нийт 1088 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийг хувьчилжээ.

Үүнийг оролцуулаад 1991 оноос хойш манай улс хувьчлалаас 180 тэрбум төгрөгийн орлого олсон болохыг Төрийн өмчийн хорооныхон хэлж байна. Цаашид төрийн өмчийн хувьчлалаас олох орлого нэмэгдэж магадгүй. Ингэж хэлж байгаа нь хувьчлалаас нэг хэсэгтээ хөндийрсөн  төр дахин энэ ажилдаа ханцуй шамлан орох гэж байна.

УИХ-аас энэ оны тавдугаар сарын найманд баталсан “Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол”-д төрийн өмчийг хувьчлах зүйл заалт тусгагдсан. Энэ хүрээнд Төрийн өмчийн хороо өөрийн мэдэлд үлдсэн 88 аж ахуйн нэгжийг “хувьчлахгүй,” “хувьчилж болох”, “хувьчлах” гэж гурав ангилжээ.

“Хувьчлахгүй” жагсаалтад нийгмийн хариуцлага бүхий эрчим хүч, уул уурхайн 18 компанийг оруулсан бол, “хувьчилж болох” жагсаалтад 48 компани багтжээ. Харин үлдэх 22 компанийг “хувьчлах” жагсаалтад оруулжээ. Үүнээс 13 компанийг бүрэн хувьчлах бол, есөн компанийн төрийн оролцоог бууруулахаар төлөвлөж байна. Эдгээр нь нийт 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа компаниуд юм. /Хүснэгтнээс харна уу…/

http://mnb.mn/uploads/assets/image/fghdfhgth.jpg

“Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол”-ын дагуу “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 18-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Гэвч энэ асуудлыг хууль тогтоогчид хаврын чуулганаараа хэлэлцэж амжихгүй нь тодорхой боллоо.

УИХ-ын хаврын чуулган хуулиараа маргааш завсарлах ёстой.  Гэвч энэ хүртэл хэлэлцэх асуудлын жагсаалтад хувьчлагдах 22 компанийн асуудал багтаагүй байх юм. Тэр ч утгаараа, 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах компаниудын нэрс ирэх намраас нааш эцсийн байдлаар тодорхой болохгүй нь…

Гэхдээ тэр хүртэл Төрийн өмчийн хороо бэлтгэл ажлаа базаана гэж мэдэгдлээ. Энэ ч үүднээс өнөөдөр Арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бүрэн хувьчлах болон өөрчлөн байгуулах компаниудаас ес нь биржээр дамжуулан хувьцаагаа арилжаалж, зарим нь нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа. Эдгээрийн хувьцааг хөрөнгийн биржэд гаргахад мэргэжлийн байгууллагын зөвлөгөө хамгаас чухал.

Тиймээс Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо хувьчлалын үнэ цэнэд сөргөөр нөлөөлж болохуйц  асуудлыг хамтран шийдвэрлэх. Хувьчлагчдах компаниудын жагсаалтад орсон компаниудын үнэ цэнийг өсгөх боломжуудыг бодитоор гаргах.  Хөрөнгө нэмж босгох оновчтой хувилбаруудыг тодорхойлох.

Хувьчлалын дараах компанийн тогтвортой үйл ажиллагаа, ирээдүйн өсөлтийг тооцоолсон хувьчлалыг зохион байгуулах. Компанийн засаглалийн нээлттэй, ил тод байдлыг бий болгох зэрэгт Төрийн өмчийн хороонд мэргэжлийн зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлэхээр болжээ. Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо ирэх долоо хоногоос Төрийн өмчийн хороонд зөвлөмжөө хүргүүлж эхэлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих