МАН 11 зүйлээр “тулган шаардав”

манМонгол Улсын Засгийн газар 2013 оны төсвийг эдийн засгийн тооцоо судалгаа, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг харгалзалгүй төлөвлөснөөс бодлогын алдаа гарч, төсвийн төлөвлөлт, ажлын зохион байгуулалтаа зохих төвшинд явуулж чадсангүй. Үүний улмаас улс орны эдийн засаг хүндэрч, төсвийн орлого анх төлөвлөснөөс 1,3 их наяд төгрөгөөр тасарсан, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл урьд өмнө байгаагүй буюу 50 хувьтай гарсан, төсөв, санхүүтай холбоотой хууль тогтоомж, журмыг ноцтой зөрчсөн олон “шинэчлэлийг” Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар үзүүлсэн хэмээн иргэд, олон нийт үзэж байгаа билээ.

Монгол Улсын 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг нягтлан үзэж, холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл, дүгнэлтийг судлан үзээд УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг Н.Алтанхуягийн Засгийн газарт дараах 7 зүйл тулган шаардах саналыг хүргүүлж байгаа аж.

 

1.    Засгийн газар хэмнэлтийн горимд шилжин зарим чиг үүрэг нь давхардаж буй яамдыг татан буулгаж нэгтгэж, нийлүүлэх замаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 9 хүртэл байхаар цөөлөн холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-д нэн яаралтай өргөн барих;

2.    Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа “Чингис” болон “Самурай” бонд зарцуулалтыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн төсөвт тусгах арга хэмжээг яаралтай авах;

3.    Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн Үндэсний аудитын газрын тайлангаар илэрсэн зөрчил дутагдалд тавигдсан актуудын биелэлтийг хангаж буруутай албан тушаалтнуудтай хариуцлага тооцож, үр дүнг 2014 оны 10 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд танилцуулах.

4.    Засгийн газрын  2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтны хэрэглэж байгаа автомашиныг борлуулж төсөвт орлого оруулах,

5.    Аудитын дүгнэлтэд 157 тэрбум төгрөгийн төсвийн зөрчил гаргасан 100 гаруй албан тушаалтантай хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаар Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд тайлагнах,

6.    Засгийн газрын тусгай сангийн зарцуулалтанд аудитын дүгнэлт гаргаж, 2014 оны 10 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд тайлагнах,

7.    Улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох,

8.    Улсын Их Хурлын Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоол болон Засгийн газрын Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгох,

9.    Ерөнхий сайдын зарцуулсан 50 тэрбум төгрөг, “Гудамж” төслийн 47 тэрбум төгрөг, Чингис бондын эргэн төлөгдөхгүй нөхцлөөр зарцуулж буй хөрөнгийн хэсэгт санхүүгийн гүйцэтгэлийн болон үр дүнгийн аудит хийлгэх,

10.    Улсын Их Хурлын 2012 оны 60 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 28.8 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох,

11.    Санхүүгийн хяналтыг сулруулж, өр авлагыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох.

 

МАН-аас тулгаж байгаа эдгээр 11 шаардлагыг эс биелүүлвээс дараа дараагийн улс төрийн томоохон алхамуудыг авч хэрэгжүүлнэ гэдгээ ч мөн мэдэгдээд байгаа юм


URL:

Сэтгэгдэл бичих