Х.Баттулга ерөнхий сайдад захидал илгээлээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ ТАНАА
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Халтмаагийн Баттулга миний бие Үндсэн хуулийн зүйлийн 17 дугаар зүйлийн 1.4, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.3, 14.2-т заасан Монголын ард түмний эрх ашиг, эх орон, үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэх үүрэг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн албан тушаалтанд гомдол гаргах эрхийнхээ дагуу Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээний хэд хэдэн шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргахаар завдаж байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд анхааруулах зорилгоор журмын нөхөр, нэг танхимд хамт ажиллаж байсан сайд танд энэхүү захидлыг илгээж байна. Сүүлийн өдрүүдэд УИХ болон Засгийн газраас Монгол Улсын ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сулруулах, хортойгоор нөлөөлөх, нэн аюултай үр дагавар авчрах хэд хэдэн шийдвэрүүдийг батлан гаргахаар завдаж байна.
Үүнд:
1.Харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах;
2.Уул уурхайн орд газруудаас хятадын хил рүү түүхий эд зөөхдөө гурван чиглэлээр мухар төмөр замыг нарийн царигаар тавих;
3.”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг Монголд байгуулахыг зөвшөөрөх;
4.Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах зэрэг шийдвэрүүд болно.
Нэг. Монголын харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах нь МУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Дэлхийн олон оронд дээрх компаниуд харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан мэдээллийн хяналт тогтоохыг оролдсон асуудалд хутгалдаж байжээ. Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран, Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжийг энэ шалтгаанаар хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж байв. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо “Huawei, ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Герман, Австрали улсуудад ч бас ийм шийдвэр гаргасан байх юм.
Гэтэл Монгол Улсын холбоо мэдээллийн салбар технологийн хувьд БНХАУ-ын ZTE, Huawei компаниудаас бүрэн хараат байна. Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, Жи мобайл, Railcom, Skynet, Mobinet, Magicnet, Citinet, Сансарнет, Micom, Univision зэрэг компаниуд бүгд дээрх хоёр компанийн техник хэрэгсэл, програм хангамжийг ашиглаж байгаагаас манай улсын мэдээллийн аюулгүй байдал эрсдэлд оржээ гэж дүгнэж болохоор байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.8-д “Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.
Хоёр. Төмөр замыг нарийн царигаар тавибал МУ-ын Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол авчрах вэ? Ганц Монгол гэлтгүй БНХАУ-тай хил залгадаг Мъянмар, Вьетнам, Лаос, Киргиз, Казахстан улсууд төмөр замын царигийн асуудлаар яагаад өөрсдийн бие даасан бодлого баримталдаг вэ? БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг олон улсуудаас зөвхөн БНАСАУ л 1435 мм-ийн цариг буюу хятадын стандартыг баримталдаг. Харин бусад хил залгаа улсууд нь төмөр замын царигаа зориуд бүгд өөр стандарттай байлгахаар төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлжээ. Гэтэл Таны ард байгаа улс төр-бизнесийн нам дамнасан бүлэглэл энэ баримтыг зориуд гуйвуулж “хятадын эргэн тойронд, бүр дэлхий даяараа 1435 мм-ийн нарийн царигийн стандартыг баримталдаг, үүнээс айх аюул огтхон ч байхгүй” гэх суртал нэвтрүүлгийг асар өндөр зардалтайгаар, удаан хугацаагаар явуулж ирсэн. Хятадын хөрш дээр дурдсан улс орнууд бүгд л хятадтай эдийн засгийн сайн харилцаатай байх, хятадын аврага зах зээлээс боломжоороо өгөөж хүртэх эрмэлзэлтэй. Гэтэл яагаад хятадын төмөр замын царигийг бус өөр өөрсдийн стандартын царигийг хилийн худалдаандаа ашиглаж байгаа юм бол. Казахстан улс богино хугацаанд хятадтай нарийн царигийн төмөр замаар худалдаа хийж үзээд, удалгүй больж, өргөн царигаа баримтлах болсон. Монголоос бусад хятадын хөрш улсуудын бизнес, улс төрийн орчинд хил дээр дугуй солих, шилжүүлэн ачихад зарцуулагдах 3 долларын талаар тооцсон л байж таараа.
Гэтэл зөвхөн Монголд л энэ зардлыг учиргүй дөвийлгөн, энэ зардлыг гаргачихвал Монголын эдийн засаг сүйрч, үгүйрэх гэж байгаа юм шиг сүржигнэн сурталдаж, “3 доллар хэмнэх” нэрээр гадны эрх ашгийг тулгах гэж оролдсоор ирлээ. Хэрэв УИХ, Засгийн газраас төмөр замыг нарийн царигаар тавих тухай шийдвэр гаргавал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна.” гэж заасныг зөрчихөөр байна. Нарийн төмөр замын стандартыг нэвтрүүлснээр хэт хараат байдал шууд үүсэх эрсдэл байгааг БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг улсууд тооцож өөрсдийн стандартыг баримталж ирснийг дахин сануулъя. Үндэстэн гэж байхын утга учир нь өнөө, маргаашийн хэдэн зоосны хожоо биш, өнө уртдаа тусгаар байдал, хөгжил цэцэглэлтээ хадгалахад оршдог. Нарийн царигийн төмөр замтай болсноор эдийн засгийн удирдлагын хувьд бид бүрэн хамааралд орно гэдэг бол ямар ч хэтрүүлэггүй бодит зүйл. Бэлээхэн жишээ нь БНАСАУ байна. Өнөөдөр хятад, хойд солонгосын хооронд төмөр замын царигийн зөрүү байхгүй, үр дүнд нь эдийн засаг нь хятадаас 92 хувь хамааралтай, үүнийгээ дагаад улс төр нь ч хараат байдалтай болсон байх магадлал, шинж тэмдэг бий.
Гео стратегич Параг Ханна “Хятад монголыг эзлэхгүй ээ. Зүгээр л худалдаад авчихна. Одоо колонийг эзлэх бус улсуудыг худалдаад л авчихдаг болсон шүү дээ” гэж дурдсаныг би сануулмаар байна. Энэ үг биелэхэд ойрхон байгаа. Засгийн газар мөнгөний гачаалд орсон, эдийн засгийг удирдаж чадаагүй гэмээ цайруулах, түр ч болтугай аргацаахын тулд урьдчилгаа төлбөр, зээл авах байдлаар нарийн төмөр замын асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь Монголын эдийн засаг гадны бүрэн хяналтад орох гэж байна. Миний онцгойлон анхааруулах гээд байгаа зүйл бол нарийн царигийн төмөр зам тавьснаар “шилжүүлэн ачих зардлыг хэмнэнэ” гээд байсан хүмүүс одоо болохоор “шилжүүлэн ачих байгууламжийг” нутгийн гүнд байгуулах талаар ярьж байгаа явдал. Монгол Улсын хил дээр бус нутгийн гүнд Хөөт, Сайншанд, Ухаа худагт “шилжүүлэн ачих байгууламж”-ийг барих гэж байгаа нь бусдын сонирхлыг эх нутгийнхаа хэвлий рүү тулгаад байгаагаас өөрцгүй, хачирхалтай бодлого юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.4-д “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ”, мөн 3.2.1.4-д “Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ” гэж заасны дагуу төмөр замын бодлогын асуудалд хандах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, МУ Төмөр замын талаар ямар төрийн бодлого баримтлах үндэслэл, шаардлагыг энэхүү үзэл баримтлалын заалтад тодорхой оруулсан байна. Түүнчлэн УИХ-аас 2010 онд баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод “Монгол Улс төмөр замын нэгдмэл сүлжээтэй байна” гэж заасан. Эдгээр хууль тогтоомжийг төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхдээ хатуу баримтлах шаардлагатай.
Гурав. ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг монголд байгуулахыг зөвшөөрөх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Ийм шийдвэр гаргах нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж заасныг шууд зөрчихөөр байна.
Үүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.1-д “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ” гэж заасантай нийцэхгүй шийдвэр болно. Учир нь “Банк оф Чайна” Bank of China” (Bank of China) бол Хятадын төрийн өмчит дөрвөн банкны нэг. Зөвхөн 2013 оны цэвэр ашиг нь 63 тэрбум ам.доллар болсон. Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 10 тэрбум ам.доллар орчим байгаа. Тэгэхээр дээр дурдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т заасан заалт зөрчигдөх нөхцөл илт харагдаж байгаа юм. Монгол Улсын арилжааны 13 банкны нэг жилийн цэвэр ашиг нийлээд 150 сая ам.доллар хүрэхгүй байгаа нөхцөлд зах зээлийн сонирхлоос өөр зүйл л дэлхийд дөрөвт бичигдэх аврага банкыг Монгол руу дуудаж байгаа болов уу.
Дөрөв. Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын хуулийн этгээдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах нь Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Та өөрийн санаачлан боловсруулсан Газрын тухай хуулийн төслөө МоАХ болон ард иргэдийн шаардлагын дагуу эргүүлэн татсан хэдий ч баяр наадам, томоохон уралдаан тэмцээний үеэр иргэдийн анхаарал сарних цаг хугацааг далимдуулан хуулийн төслөө дахин өргөн бариж, батлуулах магадлалтай. Газрын тухай хуулийн асуудлаар МоАХ-аас мэдэгдэл гаргасан.
Газар нь аливаа улс гүрний тусгаар тогтнолын баталгаа, үндэстний онцгой өмч, эх орноороо бахархах, эзэгнэх сэтгэлийн илэрхийлэл учраас төрөөс газрын харилцаанд баримтлах бодлогыг эхний ээлжинд боловсруулж, батласны дараа л Газрын тухай хуулийг түүнд нийцүүлэн гаргах шаардлагатай. Таны эргүүлэн татсан хуулийн төслийн 15.2, 15.5, 29.1 дахь хэсгүүдэд хуульд өөрөөр заагаагүй нэрийн дор гадаадын иргэн, хуулийн этгээдэд 100 хүртэл жилээр эзэмшүүлж болох талаар заасан байсан. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.2.-д ““Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн төсөл нь Монгол үндэсний язгуур эрх ашгийг дээдлээгүй, Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй хуулийн төсөл болсон нь илт юм.
Монгол хүн эх орондоо ямар ч тохиолдолд давуу эрхтэй амьдрах ёстой. Ялангуяа газрын харилцаан дээр энэ улсын эзэн нь болсон иргэд давуу эрхтэй байхгүй юм бол тусгаар Монгол Улсын иргэн гэгдэхийн утга учир, эх орноороо бахархах, омогших сэтгэлийн уг үндэс алга болно. Дээр дурдсан баримт, нотолгоо, үндэслэл, шаардлагын эцэст Танаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг аливаа төрлийн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байхыг МоАХ, Монголын ард түмэн, Монгол Улсын иргэн миний бие шаардаж байна.
Сайд Н.Батбаяр Та хоёр Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хууль тогтоомжоо огоорч, бусад үндэстний түүхэнд алтан үсгээр бичигдэх “гавъяа”-г байгуулж болзошгүй байна. Та хоёрын зүгээс УИХ-ын гишүүдэд мөнгө, төсөл, албан тушаал амлах, бизнесийн дарамт учруулах замаар үндэсний бодлогыг унагахаар чармайж байсныг хожмын өдөр Монголчууд тод санаг гэсэндээ Танд сануулж байна. Хогийн уут тараах тухай ялихгүй жижиг асуудлыг ард түмнээсээ асууна гэж жүжиг тоглож байхын оронд Үндэстний оршин тогтнол, аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудлыг ард түмнээсээ асуухгүй байгаа тань ямар учиртай вэ? Төмөр замын цариг, гадаад улсын төрийн өмчит банкыг улсдаа оруулах, газрыг гадаадынханд эзэмшүүлэх, харилцаа холбооны сэжигтэй технологийг нутагшуулах асуудлыг ард түмнээр хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэр гаргахыг Танаас шаардаж байна. Эрхэм Ерөнхий сайдаа, Үндэсний аюулгүй байдлын гишүүнээ! АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУ!
Таны төлөөлж байгаа бүлэглэлийн өчүүхэн наймаа, санаархал УИХ-аар батлагдвал Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого зэрэг Монгол төрийн олон арван хууль тогтоомжийг зөрчихөөр байна. Та бүхний энэхүү Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эрх ашигт хохирол учруулах хууль бус үйлдэлийг таслан зогсоохоор Монголын ардчиллын үндсийг тавьсан МоАХ-ны гишүүд, Монгол Улсын иргэн миний бие өөрт байгаа бүхий л боломжийг ашиглан төрийнхөө хуулийг дээдлэн сөрөн зогсох болно гэдгээ үүгээр уламжилж байна.
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Х.Баттулга
URL: