ЗӨӨЛӨН СУУДЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ӨРНӨСӨН ХАВРЫН ЧУУЛГАН ӨНДӨРЛӨХНЭЭ
Өнөөдөр хаврын чуулган өндөрлөх ёстой өдөр. Харин энэхүү өдрийг эрх баригч намынхан маш их тэсвэр гаргаж хүлээсэн гэхэд болох байх. Учир нь чуулган эхэлсэн цагаасаа л ажил биш зөвхөн л хэн нэгнийг огцруулах тухай хэрэлдэж мэтгэлзсээр л өнгөрөөсөн. Харин дорвитойхон нэг ч шийдэлд хүрсэнгүй гэж хэлж болно.
Өнөөдөр манай улсын эдийн засаг ямархан түвшинд хүрсэн билээ. Гэтэл энэхүү ард иргэдийнхээ амьдралд хэрэгтэй хууль тогтоомж, илүү бодиттой шийдэл санаа гаргахгүй л өөр хоорондоо эгээтэй л “ясаа булаалдах ноход” шиг зөөлөн суудлын төлөө тэмцсээр л…
АН-ынхан эрх баригч олонхоороо түрий барьж өөрт таалагдаагүй хуулийн төслийг унагаж, бас босгож чаддаг гэдгээ ч баталлаа. Басхүү иргэдийн сэтгэл зүй дээр бараг л брек эргэсэн гэхэд болно. Ингэж хэлэхийн учир нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, валютын үнийн чангарал зэргээс иргэдийн амьдрах чадамж буурсан мөн улсын эдийн засгийн уналт, энэ бүхэн нөлөөлж байхад ч иргэдээ басамжилсан доромж утгатай үгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “ӨНДӨГ БОЛ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ” хэмээн ам алдсан нь бас л бодох хэрэгтэй зүйлийн нэг. Өнөөдөр гудманд зарагдаж байдаг өндөг хүртэл түүнийхээр тансаг хэрэглээ болж байхад монголын эдийн засаг унасан биш бүр дээшилсэн баймаар санагдахаар. Гэтэл энэхүү тансаг хэрэглээ гээд байгаа зүйл нь бодит амьдралд нийцэхгүй аж.
Өнөөдөр чуулган тарна. Гэтэл шийдсэн асуудал юусан хэмээн мэтгэх хүн өнөөдөр байгаа болов уу? Асуумаар л зүйл. Өчигдөр МАН, “Шудрага ёс” эвсэл, “Бие даагчдын бүлэг”-ээс хэвлэлийн байгууллагуудад мэдэгдэл хийсэн. Тэдний үзэж буйгаар УИХ-ын хаврын чуулганы завсарлагааныг хойшлуулах хүсэлтэй байгаа хэмээсэн бөгөөд энэ нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг занасан байдал илт илэрхий харагдсан. Учир нь хаврын чуулган эхлээд л эдийн засаг дориотсон тухай амтай болгон ярьж энэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр буруутай тиймээс халагдах хэрэгтэй хэмээн МАН-ын бүлгээс огцруулах саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн.
Харин АН олонхоороо түрүү барьж энэхүү хэргийг ямар нэгэн шалтаг шалтгаан олж 5 удаа хэлэлцэх асуудлаас хойшлуулж чадсан. Энэ хугацаанд эрхэм сайд маань амандаа ус балгасан мэт л чимээгүй явж харин намын нөхдүүд цээж мэдэн хамгаалсаар өдий хүрсэн. Гэтэл өчигдөр хэвлэлийнхэнд эрхэм сайд ам нээсэн. Түүний хэлснээр “БИ ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ БУРУУ ХИЙГЭЭГҮЙ МӨРӨӨРӨӨ АЖЛАА ХИЙЖ ЯВАА НЭГЭН ТИЙМЭЭС АЖЛАА ӨГӨХГҮЙ” хэмээн дуугарсан нь УИХ-ын чуулган тарах гэж байгаа түүний тухай хэлэлцэх асуудал намрын чуулган болтол түрдээ орхигдох болсонтой холбоотойгоор хэвлэлийн баатар болох гэсэн хөөрхий өрөвдөлтэй санааных нь нэг бололтой. Харин нөгөө талаар бодоод үзвэл сөрөг хүчнийхнийгээ басаж байгаа мэт санагдсан, тэгэж ч харагдахаар байлаа.
Ямартаа ч УИХ-ын хаврын чуулганаар ард түмний тусын тулд биш зөөлөн суудлын төлөө тэмцэх тэмцэл, мөн Facebook, Twitter-ээр ард иргэдийн сэтгэлзүй болоод талцуулах гэсэн оролдлого, мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ хүртэл олон нийтэд шууд хүрэх гэсэн онлайн хэлбэрийг сонгож бусдыгаа муулах зэргээр л өнгөрөх шив дээ.
ЧОЙ /BOLOD.MN/
URL: