Төрийн халаасан дахь “ХООСОН МӨРӨӨДӨЛ”
Яармагийн дэнж дээр барьсан 567 айлын “Буянт-Ухаа-1″ орон сууцны хороолол суурин дээрээ гандаад зургаан сарын хугацаа өнгөрчихжээ. Учир нь тэнд 567 айл өрх бус “орхигдсон балгас” шиг хэдэн барилга хагас жилийн нүүрийг үзлээ. Уг нь үндэсний компаниуд нэгдэж нэгхэн жилийн хугацаанд хямд үнэтэй, чанартай орон сууцыг ашиглалтад орууллаа хэмээн Ерөнхий сайд, Барилга хот байгуулалтын сайд, Хотын дарга нь хүртэл шагшиж тууз хайчилж байсан нь саяхан. Харамсалтай нь, залуу гэр бүл, төрийн албан хаагч, ахмад настан, хөгжпийн бэрхшээлтэй зэрэг зорилтод бүлгийнхэнд зориулсан “Буянт-Ухаа 1″ хороолол эзэнгүй яг хагас жил болж байна. Уг нь эзэнгүй биш эзэнтэй л дээ.
Гэвч Засгийн газраас гаргасан журам, банкуудын шаардлага хоорондоо зөрчилдсөнөөс байртай болох хүсэлтэй олон арван залуус, хөгшид хоосон мөрөөдөл тээж явна. Төр хамгийн муу менежер гэдэг үгийн хамгийн энгийн жишээ энэ. Эхлээд Төрийн орон сууцны корпорацын захиалгаар Яармагийн дэнж дээр барьсан “Буянт-Ухаа 1″ хорооллыг “эзэнтэй” болгохын тулд Засгийн газраас журам гаргасан. Гэвч орон сууц худалдан авсан иргэн байраа 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй гэсэн заалт нь арилжааны банкуудын шаардлагатай зөрчилдсөн.
Өөрөөр хэлбэл, тухайн хүн байраа авчихаад зээлээ төлж чадалгүй хураалгавал банк түүнийг нь эргээд худалдах боломжгүй байсан нь зээл олгохоос татгалзах нэг шалтгаан болсон юм. Ийнхүү буруу шийдвэр гаргасан Засгийн газар “Буянт-Ухаа 1″ хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-д нэмэлт оруулж, зарим заалтыг хүчингүй болгосон юм. Ингэснээр орон сууц худалдан авсан иргэний байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслэхгүй. Хэрэв худалдан авагч дээрх журамд заасан хугацаанаас өмнө орон сууцаа худалдах бол ТОСК-ийн зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн метр квадратын үнээр зөвхөн ТОСК-д буцаан худалдана гэсэн заалт хүчингүй болж байгаа юм. Гэвч орон сууцандааороххүсэлтэй иргэдийн хүлээлт дахин тодорхойгүй хугацаагаар сунгагдах нь. ТОСК-ын дэд захирал Д.Оюунжаргалын хэлснээр Засгийн газраас өөрчлөлт оруулсан журмыг Ипотекийн корпорац ТУЗ-ийнхөө хурлаар оруулж хэлэлцэх шаардлагатай гэнэ.
Нэг ёсондоо Засгийн газраас гаргасан журмын өөрчлөлт нь банкуудын шаардлагатай нийцэж байгаа эсэхийг хянах аж. Хэрвээ уг журам банкуудын шаардлагыг хангасан гэж тус корпорацын ТУЗ үзвэл арилжааны банкуудад албан бичиг хүргүүлэх юм байна. Харин арилжааны банкууд зөвшөөрснөөр иргэдийг орон сууцанд нь оруулж эхлэх ажээ. Гэхдээ Ипотекийн корпорацын ТУЗ хэзээ хуралдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Албаны хүний хэлснээр ямар ч байсан энэ долоо хоногт хуралдаж эцсийн байдлаар шийдвэрийг гаргах сурагтай.
Эндээс ганцхан асуулт гарч ирж байна. Тэр нь манай төрийн байгууллагууд хоорондоо ямар төвшинд уялдаа холбоотой ажиллаж буй талаар. Анхнаас нь арилжааны банкуудын төлөөллийг оролцуулаад санал бодлыг нь журамдаа тусгаад явсан бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсэхгүй байсан нь мэдээж. Засгийн газар ч хоёр дахиа хуралдаж шийдвэрээ өөрчлөхгүй байв. Үүнийгээ дагаад иргэд хашаа байшин, автомашинаа барьцаалан байж банкнуудын үүдийг сахихгүй байлаа.
Гэвч арилжааны банкуудын саналыг тусгаагүй, тэдэнтэй зөвшилцөөгүйн улмаас нэгдүгээр сард ашиглалтад оруулсан “Буянт-Ухаа 1″ хороолол зургаан сарын турш эзэнгүй явав. Нэг ёсондоо Засгийн газарт туршлага дутсан нь энэ. Тиймээс дан ганц “Буянт-Ухаа-1″ хороолол гэлтгүй цаашид ажил явуулахдаа бусадтайгаа зөвшилцөж байя. Адаглаад орон сууцтай холбоотой асуудлыг эхлээд арилжааны банкуудтай нь тохиролцож байя. Ингэхгүйгээр өөрсдөө дур мэдэн шийдвэр гаргасны уршгаар залуу гэр бүл, ахмад настнууд гээд зорилтод бүлгийнхэн бүхэл бүтэн зургаан сарын турш “хоосон мөрөөдөл” тээж явна.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: