Монголчууд соёмбынхоо хоёр загасыг буруу байрлуулжээ
Монголчууд бид төрийн сүлдэндээ залбирдаг ард түмэн. Саяхан олон улсын хэмжээний мастер Гангаамаа алтан соёмбот далбаагаадэлхийн дээвэр гэгдэх Эверстэд мандуулаад ирлээ. Энэ бол бидний бахархал. Хэдэн зууны тэртээгээс монголын нэрийн хуудас болсон алтан соёмбот далбаа дэлхийн дэвжээн дээр “Монгол” гэдгийг таниулж ирсэн. Тэгэхээр бид Алтан соёмбот далбаагаа дээдэлж явах учиртай. Удахгүй улсын баяр болно. Нэгэн бахархууштай юм нь манайхан төрийнхөө далбааг хашааныхаа үүднээс эхлээд машиндаа хүртэл хатгадаг болсон. Бид төрөө хүндэтгэж байгаагийн жишээ. Харин нэг мэдэж авах юм байна аа. Манайхан утга төгөлдөр соёмбондоо алдаа гаргачихдаг бололтой. Тэр нь юу вэ гэхээр эвийн бэлгэдэл хоёр загасыг нар зөв эргэж байгаагаар байрлуулчихсан байгааг бид анзаардаггүй. Бидний дээдэс энэ хоёр загасыг улс орныхоо тусгаар тогтнолын төлөө үргэлж тэмцдэг гэдгээ бэлгэдэж буруу эргүүлэн байрлуулсан аж. Сүүлийн үед бид энэ утга учрыг мэдэхгүй нар зөв гэдгээр зурж төрийнхөө далбаан дээр байрлуулсаар иржээ. Манай нэрт эрдэмтэн Б.Ренчин энэ тухай бичиж үлдээсэн. 16,17 дугаар зууны үеийн туг сүлдэнд энэ баримт тодорхой байдаг аж. Өнөөдөр төрийнхөө ордон дээр намирах алтан соёмбот тугийн хоёр загасыг яаж байрлуулсныг ажаад үзээрэй. Үндэсний түүхийн музейд ороод түүхийн баримтыг олоод үзчихвэл дээрх алдааг мэднэ. Аливаа зүйлийн утга учир нарийн байдаг. Тэр нь улс үндэстэнд нөлөөлдгийн нэгэн жишээ юм. Наад зах нь бидний өвгөд ямар их ухаан зарцуулж байв гэдгийг мэдэх болно. Мөнхийн сэргэлэн нүдээ анидаггүй хоёр загасыг соёмбондоо сонгосон нь бүр ч учиртай.
URL: