Хөлбөмбөгийн фанатуудтай өнгөрөөсөн нэгэн шөнө

6-30-10Д.ЖАВХЛАН, С.УЯНГА

Пүрэв гаригийн орой халуун Бразилд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд болсноороо онцлог. Энэ шөнө спортын хаан хөлбөмбөгийн улаан фанатууд юу боллоо гэж унтах билээ. Тэмцээний эхний өдрөөс л хөлбөмбөгийн сонирхогчдын хөлд дарагдах болсон “Хүрхрээ” асрыг хорхой гозогнуулсан халуун тоглолтуудыг хамтдаа үзэх гэж яарсан фанатуудын хамт зорилоо. Дөрвөн жилд ганцхан удаа хөлбөмбөгөөр амьсгалдаг улаан фанатуудын ихэнх нь энэ өдрүүдэд тэмцээнийг тухтай үзэх гэж ажлаасаа ээлжийн амралтаа авчээ. Овсгоотой бизнес эрхлэгчид ч энд тэндгүй асар, дэлгэц зоож олон мянган фэнүүдийн тав тухыг хангадаг болжээ. Асарт үдшийн 23:00 цагт очиход хүн суух нь бүү хэл зогсох ч зай байхгүй болтлоо дүүрчээ. Хэдийгээр тоглолт эхлэх хүртэл бүтэн цагийн зай байсан ч хоцорсон зарим нэг нь уйлах шахан “Дотор манай найзууд суудал авчихсан байгаа” гэж үүдний хамгаалагчид учирлана. Зарим нэг нь аргаа бараад танил талаараа арын хаалгадах гэж утас цохиж харагдана.

Нэг мэдэхэд л тоглолт эхэлж төдөлгүй асрын дотроос уухайлах чимээ гарсан нь гоол орсон бололтой. Хоцорч ирсэн хүмүүс таван мянган төгрөгийн таксаа хоёр нугалж төлөөд ч хамаагүй оръё гэж хамгаалагчийг хоргоосоор. “Хүрхрээ” асар 800 орчим хүний суудалтай ч сонирхолтой тоглолт болох үед 1000 хүн багтчихдаг гэнэ. Асарт орвол сул ширээ үнэндээ алга. Үүдний хажууханд гурван залуу хүмүүсийн хацар, духыг дэмждэг багийнх нь далбааны өнгийн будгаар чимнэ. Энэ нь Face paint бөгөөд хаа газрын фанатуудын дунд дэлгэрсэн моод билээ. Зөөгчид дааж чадах чинээгээрээ шар айраг нааш цааш зөөн завгүй шогшино.

Хотын жижиг кафе, пабууд үүдээ цэлийтэл нээж дэлгэц байрлуулсан ч тэнд хөлбөмбөгийн хорхойтнууд тэр бүр ордоггүй аж. Уг нь ялгаагүй л “ETV” телевизээр шууд дамжуулж байгаа нэвтрүүлгийг үзүүлж байгаа шүү дээ. Улаан фанатуудын уулзах гол цэг нь чухамдаа “Хүрхрээ” асар болсон учраас л тэр. Энд цугларагсдыг өмссөн хувцсаар нь л аль багийн дэмжигч вэ гэдгийг төвөггүй мэдэж болно.

Хэсгүүдийн сүүлийн тоглолтууд нэг цагт зэрэг болдгийг хөлбөмбөг сонирхогчид андахгүй. Тэгвэл асарт аварга том хоёр дэлгэцээр тэдгээр тоглолтыг зэрэг үзүүлж байлаа. Цугласан олон өөр өөрийн дэмждэг багийн тоглолт гарах дэлгэцийн хэсэгт хуваагдан тухалжээ. Асрын баруун талын дэлгэцнээ Португал-Ганын тоглолтыг дамжуулж байсан тул энэ хэсэгт Португалын хөгжөөн дэмжигчид уухайлж, эсрэг талд Герман-АНУ-ын тоглолт өрнөж, “Бундес машин” гэгддэг багийн фанатууд сэтгэлийн хөөрлөө барилгүй суудлаасаа өндөлзөн алга ташицгаана. Германууд эхний гоол оруулахад хөгжөөн дэмжигчдийн уухай цуурайтаж, тэд баяраа тэмдэглэн нэмж шар айраг захиалан тулгаж байлаа. Асарт түүнчлэн Гана, АНУ-ын хөгжөөн дэмжигчид цөөн ч гэсэн бас байсан юм.  Ийн нэг газар олон зуугаараа хөлбөмбөг цугларах ч хэрүүл маргаан бүү хэл согтуурч хөлчүүрхэх явдал гардаггүй нь сайхан. Спорт гэдэг хүмүүсийг эвлэлдэн нэгтгэдэг хамтын цэнгүүн гэдэг юутай үнэн. Тэр жил монголчууд олимпийн анхны аваргаа өлгийдөн авч байсан шөнийг өөрийн эрхгүй санагдуулна. Эхний үе өндөрлөж 15 минутын завсарлага эхлэхэд фанатууд биеэ хөнгөлөхөөр асарын хойно байрлах био 00-д дугаарлана. Үүнээс дутахгүй дараалал шорлогийн лангууны өмнө үүсчээ. Зарим нэг нь тусгай бэлдсэн цэгт тамхи татах зуураа өнгөрсөн тоглолтын талаар халуун яриа өрнүүлэн зогсчээ. Энэ үед асарт хөгжмийн чимээ нүргэлэн  “Маднесс”, “Киви”, “Мотив” хамтлагууд ая дуугаа өргөн хүмүүсийг огтхон ч уйдуулаагүй. Мөн дэлхийн аваргын тэмцээнтэй холбоотой богино цамц, аяга, түлхүүрийн оосор зэргийг дэлгэсэн лангуунууд дээр хүн ихтэй байлаа. Борлуулалт хамгийн ихтэй нь багийн өмсгөл, бүрээ хоёр гэнэ. Энэ үдэш Германы өмсгөл хамгийн их эрэлттэй байлаа. Аль ч багийн богино цамц тэмцээний нээлтийн үеэр 30 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо хямдарч 20 мянгаар борлогдож байгаа аж. Фанатууд гоол орсон тохиолдолд л таван мянгаар авсан бүрээгээ дуугаргаж доргидог байна. Харин бусад үед хотын шөнийг цочоож ойр орчмын оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүйн үүднээс тэр бүр үлээдэггүй ажээ. Үүнээс үзэхэд манайхан нэг үеэ бодвол боловсон цэнгэж нааддаг болжээ.  Ингээд, шөнийн сурвалжлагынхаа төгсгөлд хөлбөмбөг сонирхогчдтой хийсэн ярилцлагаа хүргэе.

 

О.Дагвасүрэн: ТЭР НОЙР Ч ЯАМАЙ БАЙНА АА

 

-Таныг “Хүрхрээ” асарт өдөр болгон ирдэг гэж хүмүүс ярьцгааж байна. Германыг дэмжиж байна уу?

-Эхлээд хөлбөм­бөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн таамаглахын аргагүй сайхан болж байгааг цохон тэмдэглэе. Европын мундаг багууд хэсгийн тулаанаас хасагдаж, Герман, Голланд, Франц гээд цөөхөн хэдэн баг үлдлээ. Германы багийн финалд үлдэх зам засагдсанд баяртай байгаа.

-Та хэзээнээс Германы багийг дэмждэг болсон бэ?

-Би 1980-аад оны үеэс хөлбөмбөгийг сонирхож эхэлсэн. Бас шаггүй тоглодог хүүхэд байлаа. Түүнээс хойш хөлбөмбөгтөө үнэнч хэвээрээ.

-Та хэдэн хоног нойргүй хөлбөмбөг үзэж байгаа вэ?

-Дөрвөн жил хүлээсэн тэмцээнд Герман маань хожвол тэр нойр ч яамай байна аа.

 

Б.Наранбаатар: АРГЕНТИНЫГ АВАРГА БОЛООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙГАА

 

-Нараа дарга аль ба­гийг балиашиглаж сууна вэ?

-Герман. Сэтгэл сайхан байна. Миний дэмждэг баг хэсгээ тэргүүлсэнд. Энэ дэлхийн аваргаар Аргентиныг дээгүүр хүрч тоглох болов уу гэж найдаж байгаа.

-Германыг алтан дагина тэврэхийг ямар баг зогсоох бол?

-Манай баг шөвгийн дөрөвт хүрэх нь тодорхой. Харин финалд Аргентинтай үлдэж магадгүй юм.

-Хэрэв финалд Герман, Аргентин хоёр үлдвэл та аль багийг дэмжих вэ?

-Аргентин. Би Аргентиныг аварга болоосой гэж хүсэж байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих