Баянзүрх дүүргийн дэн буудлуудад шалгалт хийлээ

21Өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад Дүүргийн засаг даргын тамгын газрын худалдаа үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгалт явуулсан ажээ.

Энэ шалгалтаар “Ачит сун” ХХК-ийн “Харз”, Асгат сервис ХХК-ийн “Залуус”, “Цээнэ” зэрэг дэн буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон улсын байцаагчийн акт тавьсан бөгөөд тус дүүрэгт нийт 120 орчим дэн буудлууд үйл ажиллагаагаа явуулдаг ба энэ үеэр хоёр аж ахуйн нэгжид нийт 676 мянган төгрөг, дөрвөн иргэнд 434 мянган төгрөг, нийт 1.110 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллажээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа “Зочид буудал, амралтын газар” нэгдсэн арга хэмжээний хүрээнд садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Засгийн газрын 234 дүгээр тогтоол, “Хүн худалдаалах ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах”-аас хамгаалах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын А/448 тоот захирамж, дүүргийн 2 дугаар прокурорын газрын 57 тоот мэдэгдлийг үндэслэн Баянзүрх дүүргийн зочид буудал, дэн буудал, амралтын газруудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хууль тогтоомж зөрчигдийг илрүүлж, таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна. Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээний чанар, стандартыг хангаж ажиллах нь энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагын гол зорилго байх ёстой. Бид холбогдох шаардлагыг тавьж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг зочид буудлын болон амралтын газрын захиргаанд тавьж ажиллаж байна” гэлээ.

Энэхүү шалгалтыг дүүргийн иргэдийн санал гомдлын дагуу хийж гүйцэтгэсэн аж.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих