Б.Баярмаа: Тусламж нэрээр өөр улсын хог хаягдлыг маш ихээр авч байна
ШУА-ийн Хими, химитехнологийн хүрээлэнгийн Био химитехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Баярмаатай ярилцлаа.
-Таны бодлоор улс орны хөгжил гэж юу. Та шинжлэх ухааны талын хүн учраас хөгжлийг өөр нүдээр хардаг байх?
-Улс эх орны хөгжлийг шинжлэх ухааныхтай холбож тайлбарлах хэрэгтэй. Манай улсын шинжлэх ухаан хөгжиж байгаа гэж би боддог. Бид дотооддоо импортыг орлох бүтээгдэхүүнээ боломжийн хэмжээнд хийж байна. Үүнд шинжлэх ухааны байгууллагуудын оруулж байгаа хувь нэмэр, үүрэг нь судлаачдын маань хийж байгаа бүтээл байдаг. Манай Хими, химитехнологийн хүрээлэнд гэхэд судлаач эрдэмтдийн том баг ажилладаг. Лабораторид шүү дээ. Суурь судалгааны сэдэв хэрэгжүүлж явдаг гэсэн үг. Мөн суурь судалгааны ажил хийхийн зэрэгцээгээр түүнийгээ үйлдвэрт нэвтрүүлэх ажлыг хийж байгаа. Гадаадын улс орнуудтай хамтарсан инновацийн төслөөс гадна дотоодынхоо нөөц боломж дээр тулгуурласан үйлдвэрлэл хөгжүүлэх боломжийг судалдаг. Ерөөсөө химийн шинжлэх ухаан хөгжиж байж улс орон хөгждөг гэж би үздэг. Химийн шинжлэх ухаанаас ангид зүйл гэж байхгүй. Бидний ахуйн хэрэглээ, иддэг, өмсдөг бүх зүйл химийн гаралтай, энэ төрлийн шинжлэх ухааны судлаачдын хийсэн зүйл байдаг.
-Манайд энэ салбар хангалттай хөгжиж чадаагүй байх, тийм үү?
-Суурь судалгаа, онолын хувьд манай ШУА-ийн харьяа химийн хүрээлэн бусад орныхоос дутахгүй. Тэнд маш олон судалгааны ажил хийж байгаа эрдэмтэд байна. Харин химийн үйлдвэрлэл хангалттай байдаггүй болохоор төдийлөн хүмүүст хүрч чадахгүй байгаа. Гэхдээ сүүлийн үед үйлдвэрлэл боломжийн хэмжээнд хөгжиж, багагүй зүйлийг хийж эхэлж байна.
Энэ бол эхлэл төдий л байгаа. Судлаачдын маань бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэхээр нөгөө л хөрөнгө санхүүгийн асуудал босч ирдэг. Тийм болохоор бизнесийн байгууллагууд бэлэн бүтээгдэхүүнээс гадна үйлдвэрлэл рүү илүүтэй анхаарч, хөрөнгө оруулалт хийгээд, судлаачид эрдэмтэдтэйгээ хамтраад ажиллавал оюуны нөөц манайд хангалттай байгаа гэж би үздэг.
-Үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэж та ярилаа. Ямар салбарт хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр байгуулбал Монгол Улсад илүү ашигтай вэ?
-Би өөрөө биохимийн салбарт ажилладаг. Судлаачийнхаа хувьд аваад үзэхэд, манай улсад маш их хэмжээний бараа бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа. Түүнийг орлох бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэх боломж манай улсад бүрэн байгаа гэж би үздэг. Гэвч хөрөнгө санхүү дээрээ гацдаг байх. Магадгүй энэ боломжийг тайлбарлаж, таниулж, сурталчлах байдал дутуу дулимаг байдгаас болоод эрдэмтэд, бизнесийнхний хоорондын уялдаа муу байдаг байх. Түүнээс биш манай хүрээлэнгийн хувьд хүнс, уул уурхай гээд олон салбарт үйлдвэрлэлд нэвтрүүлж болохоор төсөл боловсруулчихсан стандарт, технологийн зааврууд маш их байгаа. Тэдгээрийг таньж, мэдэж, сурталчилж өгөх юм бол дотоодод үйлдвэрлэл явуулах нөөц бололцоо хангалттай гэдгийг онцолж хэлмээр байна. Аль нэг салбар нь илүү гэж хэлэх боломжгүй. Аль ч салбар байж болно. Мэдээж тухайн салбартаа ажиллаж байгаа судлаачид боломжоо судлаад, гаргаад ирнэ. Эрдэмтэд салбар болгон дээр хангалттай ажиллаж байгаа. Манай биохимийн салбарын хувьд хүнсний үйлдвэрлэлийн салбарт маш их хэмжээний нэмэлт болон хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж гаргах боловсрогдсон стандарт, патент олон байдаг.
-Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл тал дээр манай улс нэг үеэ бодвол арай дээр болж чадаж байна уу?
-Химийн үйлдвэрлэл гэдэг талаас нь яривал ганцхан этилийн спиртээ л гаргадаг. Үүнээс өөр гэвэл тун цөөн. Яах вэ, манай ШУА-ийн хүрээлэнгийн гаргаж авсан бүтээгдэхүүн гэвэл ундааны охь, сироп гэх мэт байна. Үйлдвэрлэлд нэлээд нэвтэрсэн. Харин манай багийн хийж байгаа ажил гэвэл цагаан тахал гэж дэлхий нийтэд нэрлэдэг сахарын өвчинд зориулсан глюкозын сироп гаргаж авах тал дээр түлхүү ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Глюкоз агуулсан сахар гэдэг жирийн сахарыг бодвол хүний биед ороход хор нөлөө үзүүлэх нь бага байдаг. Сахар орлуулагч болж болох учраас хүмүүс өдөр тутмын хэрэглээндээ ашигласан ч болно. Бид энэ бүтээгдэхүүнийг Монгол Улсад тарималжуулж байгаа ургамлаас гаргаж авсан юм.
-Удаан задардаг органик бохирдуулагчийг тоолсон юм байна. Тэр талаар мэдээлэл өгөөч?
-Манай улс удаан задардаг органик бохирдуулагчийн нэгдсэн тооллого явуулдаг. Үндсэндээ гурван чиглэлээр явуулдаг. Пестиезид, диоксан фуран, үйлдвэрийн химийн бодис гэсэн гурван чиглэл байдаг. Өмнө нь пестиезид, диоксан фураны тооллогыг 2004 онд хийсэн байдаг. Үйлдвэрийн химийн бодисыг энэ жил анх удаагаа тоолж байгаа юм. Энэ тооллогыг явуулахдаа цахим болон цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд агуулагдаж байгаа үйлдвэрийн химийн бодисыг тоолсон. Бидний хувьд цахилгаан бараа хэрэгсэл хэчнээн байгааг тоолохын тулд 2002-2012 оны бүртгэлийн дүнг ГЕГ-аас авсан. Түүний хажуугаар айл өрх, албан байгууллагуудын дүнг гаргасан. Мөн 18249 өрхөөс бүх аймгуудын Байгаль орчны газруудаар дамжуулж санал асуулгын хуудсаар судалгаа авсан. Түүний хажуугаар 1287 байгууллагаас судалгаа авсан. Үүний 908 нь төрийнх, 379 нь хувийн байгууллага байсан. Энэ бүхнийг судлаад, тооллогныхоо дүнг нэгтгээд тооцоогоо гаргасан.
-Тэгээд үр дүн нь ямар гарав?
-Удаан задардаг органик бохирдуулагчийн үйлдвэрийн бодисыг хүмүүс зориудаар галд шатамхай байдлыг сайжруулахаар нэмэлт болгон 1970 оноос эхэлж үйлдвэрлэж байсан юм байна. Тэдний хортой чанар гэдгийг Стокольмын конвенциар соёрхон баталсныхаа дараа 2004 он гэхэд энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоосон. Европын холбоо, АНУ, Израйль, Хятад, Япон гээд олон газар тийм бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоосон гэсэн үг. Хэдийгээр үйлдвэрлэл зогссон ч гэсэн хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн аль аль улсад тархсан байдаг вэ гэдэг судалгааг НҮБ-ын үйлдвэрийн хөгжлийн газраас гаргасан байдаг. Манай улсын хувьд, цахим болон цахилгаан хэрэгслийн импорт жилээс жилд өссөн. Ялангуяа CRT буюу памбагар телевизор, компьютерийн дэлгэц маш их хэмжээгээр ороод ирсэн. Тийм байтал манайд нэгдсэн хаягдлын систем байхгүй, хүмүүс хэрэглэж дуусаад л ах дүү, хамаатан садандаа өгөх, эсвэл задлаад сэлбэг болгож засварчдад өгчихдөг. Бид хэчнээн хэмжээний тийм бараа бүтээгдэхүүн орж ирж байгааг тооцож болно. Харин хэчнээн хэмжээний хортой хаягдал үүсч байна вэ гэдгийг тооцох боломжгүй болчихож байгаа юм. Тооллогын үр дүнд памбагар дэлгэц, телевизор боловсрол, эмнэлгийн гэх мэт улсын байгууллагуудад маш их байдаг юм байна. Тусламж нэрээр маш ихээрээ Монгол Улсад ороод ирчихсэн байдаг. Нэг талаасаа үнэгүй орж ирж байгаа мэт боловч өөр улсын хог хаягдлыг бид авч байна гэсэн үг. Сүүлийн үед тиймэрхүү хуучин цахилгаан хэрэгсэл манай улсад орж ирэх нь багассан байна. Нэг сайн тал нь энэ. Түүнээс гадна 1975-2004 онд үйлдвэрлэгдсэн хуучин тээврийн хэрэгсэл 1990-ээд оны эхэн үеэс 2008 он хүртэл маш их хэмжээгээр орж ирсэн. Ялангуяа Азиас хуучин тээврийн хэрэгсэл их орж ирсэн. Энэ чинь бас л тухайн улсын хуучин хог хаягдлыг бид мөнгө төлөөд аваад байна л гэсэн шүү дээ. Монголд хуучин тээврийн хэрэгсэл ийм их байна гэдэг чинь цаашид зүгээр л нэг хог болж хувираад, байгаль орчинг бохирдуулж, хүн ам түүгээр нь амьсгалж, хордоно л гэсэн үг шүү дээ.
-Хор гээд яриад байна. Арай нэг дэлгэрэнгүй ойлголт өгөөч. Хүний биед яаж нөлөөлдөг юм бол?
-Удаан задардаг органик бохирдуулагч болох үйлдвэрийн бодисууд тосонд уусамтгай. Тийм учраас шууд нүдэнд харагдахгүйгээр загас, ургамлын болон амьтны гаралтай тосонд хуримтлалыг бий болгодог. Улмаар амьсгалаар болон хоол хүнсээр дамжаад хүний биед орж, гинжин хэлхээ үүсгэж байдаг. Хүн тэр бодисуудыг гадагшуулж чадахгүй. Хэрвээ их хэмжээгээр хордох юм бол харшил өгнө, улмаар хүний нөхөн үржихүй, мэдрэлийн системд нөлөөлдөг. Ялангуяа бага насны хүүхдийн өсөлт, хөгжилтийг удаашруулах, хорт хавдар үүсгэх ч аюултай. Тийм айхтар хортой байдаг. Хүмүүст памбагар телевизор чинь хортой шүү гэж хэчнээн хэлээд нэмэргүй байдаг. Яагаад гэвэл хор нь нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй учраас тэр шүү дээ. Гэтэл тэр телевизор чинь халах, нарны туяа тусах тусам өөрөө ууршиж байдаг. Ууршсан хор нь агаарт дэгдэж бид амьсгална, хоолонд орохоор иднэ. Тэр дундаа өөхөн хуримтлалд шингэхдээ илүү. Би дээр дурьдсан шүү дээ. Тэр хуримтал нь нэмэгдсээр байгаад хэдэн жилийн дараа өвчин үүсэх эх үүсвэр болдог. Гадаадын өндөр хөгжилтэй оронд удаан задардаг органик бохирдуулагч эхийн сүү, түүнийг орлох бүтээгдэхүүнүүдэд тийм хэмжээнд агуулагдаж байх ёстой гэсэн стандарт байдаг юм билээ. Харин манай улсад лабораторийн хүчин чадал муу учраас хянаад, шалгаад байх боломж байдаггүй юм. Харин пестиезидын хувьд тодорхой стандартууд бий. Үйлдвэрийн химийн бодисыг болохоор зөвхөн нэгдсэн тооллого хийх хэмжээнд л явна. Цаашид бид тэргүүлэх чиглэлээ тодорхойлно. Магадгүй энэ асуудал манай улсын тэргүүлэх чиглэлд орж чадах юм бол ирээдүйд бид хянадаг, боловсруулдаг болж болох юм.
-Та түрүүнд тээврийн хэрэгсэл хортой гэж ярьсан. Машин нь тэр чигээрээ хортой байдаг юм уу, эсвэл аль нэг эд анги нь уу?
-Тээврийн хэрэгсэлд хэрэглэгдэж байгаа хуванцар бүтээгдэхүүнүүд нь хортой байдаг. Машины доторлогоо, жолооны хүрд гэх мэтээр дурьдаад байвал олон байгаа. 2004 оноос өмнө үйлдвэрлэгдсэн бүх тээврийн хэрэгсэлд тодорхой хэмжээнд агуулагдаж байгаа. Гэхдээ харьцангуй бага. Хэдий тийм ч машин өдөржингөө явахдаа, нарны туяанд хална. Тэр болгонд хорт бодис ууршиж л байдаг. Магадгүй хуучин машин жолоодож байгаа хүмүүс хэдэн жилийн дараа хорт хавдраар өвчлөхгүй гэх газаргүй. Тэгэхдээ зөвхөн машин унасанаас болсон гэхэд хэцүү л дээ. Ер нь бол дэлхий нийт хуучин бүтээгдэхүүнээс татгалзая. 2004 оноос өмнө үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслээ улс ээлтэй технологиор устгая, дахин боловсруулж хоргүйжүүлье гэсэн зорилго тавьж байгаа. Манай улсын хувьд болж өгвөл 2004 оноос өмнө үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг хилээр оруулж ирэхгүй байх эрхзүйн орчин бүрдүүлэх чухал шаардлагатай байна.
-Тооллого хийгээд л байна. Тэгвэл энэ бүхний дараа магадгүй хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд нөлөөлөхүйц үр дүн гарах болов уу?
-Бидний хамгийн гол зорилго бол үндэсний хөтөлбөрөө боловсруулаад, тэргүүлэх чиглэлээ тодорхойлох. Бид өмнөх тооллогын дараа тэргүүлэх чиглэлээ тодорхойлоод, лабораторийн чадамж бий болгож, байгаль орчинд ээлтэйгээр устгах технологио оруулаад ирчихсэн. Одоо ажил хэрэг болоод эхэллээ. Тэгвэл энэ удаагийн тооллогын нэгдсэн дүнгээс Засгийн газарт үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлээд, тэргүүлэх чиглэлээ боловсруулаад оруулаад ирвэл магадгүй цахим болон цахилгаан хэрэгслийг байгальд ээлтэйгээр устгах. Хог хаягдлын нэгдсэн систем, менежменттэй болно. Хувь хүн, албан байгуулага хог хаягдлаа ялгадаг, хогоо шинжилдэг лабораторийн чадавхитай болоод, дахин боловсруулах, хэрэгтэй бодисыг нь ялгаж аваад гадаадад экспортолж болох юм. Дэлхий нийтэд ингэж ажилласан жишиг бий. Тэгэхийн тулд хувь хүн, албан байгууллагад сурталчлах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, лабораторийн чадавхтай болох хэрэгтэй гэж судлаачийнхаа хувьд үздэг юм.
Н.Пунцагболд
URL: