“Монос”, “Астрафарм” зэрэг томоохон эмийн үйлдвэрүүд зөрчилтэй байжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 16 аймаг, нийслэл, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх 49 байгууллага, 153 эмийн сан, хоёр эмийн үйлдвэрт урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.
Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Ховд аймаг эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчгүй тул хяналт хийх боломжгүй байсан бол Дундговь аймаг тодорхойгүй шалтгаанаар хийгээгүй байна.
Зах зээлд худалдаж байгаа хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх, зах зээлээс буцаан татах, иргэдэд сэрэмжлүүлэх нь хяналтын зорилго байлаа.
2014 оны дөрөвдүгээр сарын 07-14-ний өдрүүдэд хийсэн урьдчилан сэргийлэх хяналтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн 2014 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэв.
Эм хангамжийн байгууллагууд эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчинтэй хугацаа, цуврал, үйлдвэрлэгч тодорхойгүй буюу стандартын шаардлага хангаагүй эмээр үйлчилдэг, эмийн сангууд өөрсдийн бэлтгэсэн эм, бэлдмэлээ бусад эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад түгээдэг зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Тухайлбал “Мон-Адонис”, “Түшиглэн”, “Астрафарм”, “Мөнхийн тун” компанид үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн витамин С уусмал улсын стандартгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Монос” эмийн үйлдвэрийн 20 граммаар савласан 10 хувийн стрептоцидтой тос, мөн хэмжээтэй, хоёр хувийн салицилтэй тос, 20 граммын вазелины хүчинтэй хугацаа тодорхойгүй байжээ. Эдгээрийг буцаан татан авч дуусах хүртэл худалдан борлуулахыг тухайн үед хориглосон байна.
Улсын байцаагчид 20 байгууллагад 120 заалттай албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өглөө. Мөн эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 20, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 60, стандартын шаардлага хангаагүй 69 нэрийн цуврал эм, эмнэлгийн хэрэгслийг хураан авчээ. Үүний зэрэгцээ эм зүйч, эм найруулагч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Гарсан зөрчил, дутагдлыг дахин давтахгүй байх чиглэлээр Эрүүл мэндийн яам, эм хангамжийн байгууллага, эмийн сан, үйлдвэр, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар ямар арга хэмжээ авахыг тусгасан Монгол Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар хүргүүлэхээр боллоо. /МХЕГ/
URL: