Чингис бондыг ингэж зарцуулжээ

Чингис бондыг ингэж зарцуулжээ
Монгол Улсын Засгийн газар 2012 онд Чингис бондыг гаргасан бөгөөд 1.5 тэрбум ам.долларыг аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилготой байв.

Мөн эдийн засгийн үр ашигтай төслүүдэд ч зарцуулахаар төлөвлөжээ. Уг хөрөнгийн зарцуулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан хийж буй юм. Энэхүү хөрөнгийг хэрхэн юунд зарцуулж байгааг уншигч танд хүргэе.

Ер нь Чингис бондоос гаргасан төгрөгийн зээлийг 1832-т /өнөөдрийн ханш/ хөрвүүлбэл 469 сая 978 мянга 712 ам.доллар болж байна. Одоогийн байдлаар нийт 1.5 тэрбум ам.доллараас 751 сая 378 мянга 712 ам.долларыг зээлд олгожээ. Үүнээс 81.3 сая ам.долларын эргэн төлөлт хийсэн байдаг. Тэгвэл 830 орчим сая ам.доллар байх ёстой гэсэн тооцоо гарч байна.

Өнгөрсөн жил Чингис бондын хүүнд 63.6 сая ам.доллар төлжээ. Харин энэ жил 71.875 сая ам.доллар төлөх аж.
Эндээс харвал манай улс Чингис бондын хүүнд жилд 71.875 сая ам.доллар төлөх бөгөөд нийт 615.6 сая ам.доллар төлөх тооцоо гарчээ. Уг бондын эхний төлөлт 2017 онд эхлэх учиртай. 2018 оны эхний хагаст 500 сая ам.доллар болон хүүнд нийт 571.9 сая ам.доллар төлөх юм. Үүнийг өнөөдрийн ханшаар тооцвол 1.05 их наяд төгрөг болно.
1.5 тэрбум ам.долларын Чингис бондын хүүд 71.9 сая ам.доллар төлж эхэлжээ. Энэ мөнгийг богын тоо толгойд шилжүүлбэл нэг сая 546 мянга 250 хоньтой дүйцнэ. Бодтой харьцуулбал 176 мянга 714 адуу болох аж. Түүнчлэн үүгээр 150 ортой 165 цэцэрлэг, 320 суудалтай 124 сургууль барьж болох бөгөөд нийслэлийн дүүрэг бүрт 18 цэцэрлэг, 13 сургуулийг шинээр барих хөрөнгө юм.

Харин 10 жил төлж буй хүү 615.62 сая ам.доллараар 13 сая 225 мянган хонь, нэг сая 511 мянга 428 адуу болж байгаа юм. Үүгээр манай улсын бүх багийн дарга нарыг Ланд круйзер 200 автомашинаар хангаж болно. Тодруулбал, найман сая 138 мянган машин худалдан авч болно. Ийм хэмжээний хөрөнгийг хэдийд үр өгөөжөө өгөх нь тодорхойгүй төслүүдийг санхүүжүүлсэн хэмээн судлаачид шүүмжилсээр байгаа.

Д.ОЮУНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих