Цэвэр агаарын авилгачид сугарах өршөөлийн хууль
“Албан тушаалтан, авлигачдад төр засгийн зүгээс өршөөл үзүүлж, тэдний хэргийг цагаатгах нь” хэмээн иргэд бухимдах боллоо. Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу эдийн засгийн өршөөлийн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Эрх баригчид “Татварын нэг удаагийн чөлөөлөлт, уучлал үзүүлж, дотоодын аж ахуйн нэгж, албан тушаалтнуудыг өршөөснөөр нууц байгаа хөрөнгө эргэлтэд орж эдийн засаг сэргэнэ” хэмээн үзэж байгаа ажээ.
Түүнчлэн нууц байсан хөрөнгө ил гарснаар цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломж бүрдэж, татварын суурь өргөсөх сайн талтай гэнэ. Ийн ярихыг нь сонсвол “Зөв” гэж хэлж болох юм. Гэвч хуулийн төсөлтэй танилцахад үнэн хэрэгтээ эдийн засгийг бус авлигачдыг дэмжжээ. Тодруулбал, хуулийн төслийн 4.1-д энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд, хөрөнгө орлогын мэдүүлэгт, санхүү, татварын тайлангаа бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй ч хувь хүн, хуулийн этгээд өршөөгдөх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, хууль зөрчигч этгээд ирэх сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний дотор харьяалах байгууллага /татварын алба, гааль, нийгмийн даатгал, харилцагч санхүүгийн байгууллага, улсын бүртгэлийн газар, АТГ/-д сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлж, мэдүүлж, тайлагнавал хуулийн хариуцлагаас чөлөөлөхөөр тусгажээ.
Гэвч энэ хэсэгт аж ахуйн нэгжүүдийн хаагдсан дансыг нээх, хүү торгууль, алдангийг хүчингүй болгож чөлөөлөх, үндсэн татварыг нөхөн төлөх хугацааг хойшлуулах гэх зэрэг өнөөгийн нөхцөл байдалд тохирсон заалтыг тусгаж өгөөгүй байна. Тиймээс сөрөг хүчний зүгээс дээрх утгыг агуулсан заалтуудыг тусгах шаардлагатай хэмээн үзэж байгаа ажээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ хуулийн төсөл Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчимд харшилж байна. Татвараа шударгаар төлж байсан аж ахуйн нэгжүүд хохирч, татвараас зугтсан, хуулиа сахин биелүүлдэггүй, мөнгө угаах гэх мэт хууль бусаар ашигласан мөнгийг хууль ёсны болгох нь. Хууль бусаар олсон орлого, гадаадад хадгалуулсан оффшор данс гэх мэт хууль бус ажиллагааг өршөөж, нотлох баримтуудыг устгах заалт оруулсан нь буруу.
Энэ хуульд НӨАТ-аас зугтсан 5000 гаруй татвар төлөгчийг багтаах ёстой. Зөвхөн цагаан захтнуудыг өршөөх хуулийн төсөл өргөн барьсан тул МАН-ын бүлгийнхэн хатуу эсэргүүцнэ. Татвараа шударгаар төлж, төрөл бүрийн акт тавиулж, торгууль төлж явсан аж ахуйн нэгжүүдэд ямар урамшуулал үзүүлэхийг давхар оруулах ёстой” гэсэн юм. Түүнчлэн “Энэхүү хуулийг эрх баригчид батах гэж буй нь өөрсдийнхөө хэргийг цагаатгах гэсэн арга.
Тухайлбал, Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн, охин А.Саранзаяа, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх, эрэн сурвалжлагдаж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Энэбиш, “Цэвэр агаар сан”-гийнхан, Д.Сугар гэх мэт хүмүүсийн хэргийг өршөөх гэж байгаа байх” хэмээн хардах хүн олон бий. Зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага “Хууль зөрчиж, хөрөнгөө нуун дарагдуулж, татвараас зайлсхийж байх минь ч яав даа” хэмээн харамсч, цахим сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, татвараа төлсөөр ирсэн аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн урамшуулал олгодоггүй хэр нь авлигачдыг өөгшүүлж, оффшор бүсэд хөрөнгөтэй хүмүүсээ хаацайлах гэж байхад тэд барьцах нь арга ч үгүй биз.
Ер нь эрх баригчид “Татварын байгууллага, нийгмийн даатгал, гааль зэргээс нуусан татвар, орлого болон Авлигын эсрэг хуульд заасан хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, нуусан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүсээ бид хэзээ ч илчлэхгүй” гэдгээ шууд хэлснээс өөрцгүй юм. Учир нь хууль батлагдвал заасан хугацаанд буруугаа хүлээсэн, өршөөгдсөн тохиолдолд тухайн этгээдийг дахин шалгахгүй, хэрэг үүсгэхгүй, тэр ч бүү хэл тэдний өгсөн мэдүүлгийг нууцаар хүлээн аваад дараа нь бүх хөрөнгө орлогын мэдүүлэг, баримтуудыг уст¬гана, нотлох баримт болгохыг хориглох гэж байна. Тодруулбал, хуулийн төслийн 6.4-т “2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх тайлан, баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана…” хэмээн заажээ. 2009 оны Өршөөлийн хуульд хамрагдсан хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дахин хамруулахаар заасан нь тэднийг өөгшүүлэх гэж байна гэсэн үг. Ингэснээр “Шаардлагатай тохиолдолд дахин Өршөөлийн хууль гаргаж, хариуцлагаас мултрах боломжтой” гэдэг төсөөлөл, хүлээлтийг бусдад бий болгож буйг иргэд шүүмжилж байна. Харамсалтай нь эрх баригчид өөрсдийнх нь нууцалсан гэмт үйлдлүүд олон нийтэд ил болохоос ихээхэн эмээж байгаа бололтой.
Хэрэв хууль батлагдвал өршөөлд хамрагдсан этгээдийн мэдүүлсэн хөрөнгийн талаар олон нийтэд мэдээлэхгүй, АТГ бүртгэж аваад нууцлах бөгөөд аль ч цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад нотлох баримтын хэмжээнд авч үзэхгүй юм байна. Тэр бүү хэл мэдүүлсэн хөрөнгөөс нь орлогын татвар авахгүй гэсэн. Тиймдээ ч хууль бус үйлдлийг нь илчилж мэдээлсэн иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагыг хуулиар далайлган сүрдүүлж, хэмжээлшгүй их мөнгөөр торгох арга хэмжээ авах тухайгаа хуулийн төсөлд тодорхой тусгасан байх. Тодруулбал, 6.3-т “Энэ хуулийн 6.2-т нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг, энэ хууль гарахаас өмнө нийтэлсэн мэдээллийг дахин нийтлэхийг хориглоно” гэсэн бол 7.1.1-т “…6.2, 6.3, 6.4-т заасныг зөрчсөн бол хувь хүнийг тав, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно” гэсэн байх аж.
Өөрөөр хэлбэл, төр авлигач, хууль зөрчигчдөө өршөөгөөд хуулиар хамгаалан дэмжиж, бүх асуудлыг нь нууцлахаа нуусангүй.
http://tsag.mn/3442-cever-agaaryn-avilgachid-sugarah-rshliyn-huul.html
URL: