Цунамид өртсөн “төмрийн хаягдал”-аас болгоомжил

“Та авто машин худалдан авахаар зэхэж байна уу. Хэрвээ одоохондоо сонголтоо хийж амжаагүй бол манайхыг зориорой. Манайх авто машины зах зээлийн үнээс хямдхан зарна” гэх ч юм уу, эсвэл  “Хямдхан япон машин зарна. Он залуу, Монголд яваагүй” гэх зараас болгоомжил. Ийм зарууд сүүлийн үед FM радиогоор багагүй цацагдах болсон байна лээ. Яахаараа япон тэрэг, тэгээд он залуу мөртлөө хямдхан байдаг билээ гэж битгий гайхаарай. Шалтгаан нь тов тодорхой. Яагаав, нөгөө алдарт цунамид өртсөн л авто машинууд шүү дээ.  Давалгаанд живсэн, шидэгдсэн эвдэрч хэмхэрсэн, үерийн шороо, тоос шигжсэн авто машинууд өдгөө Монголд хэдийнээ орж ирээд хямдхан үнээр борлуулагдах болжээ. Тэгэхээр машин авах уу, эсвэл байгалийн гамшгаас болж “төмрийн хаягдал” болсон тэрэг унах уу гэдэг сонголт таны гарт байна.

Зарим сүйхээтэй нь хаягдал япон тэрэгний сүлжээний бизнесийг эрхлэх болсон. Нэг сая гурван зуун мянгаар он залуу япон машинтай болохын тулд та доороо 12 хүний пирамид босгоно. Жип машин ч сүлжээгээр авах боломжтой юм билээ. Гэхдэ сүлжээний бараа бол сүлжээнийх л шүү дээ. Сүлжээгээр эсвэл зараар рекламдах хямдхан үнэтэй машины худалдааны цаана “но” байна гэсэн үг. Тэгэхээр 2005 оноос дээш япон машин маш хямдхан зарах, эсвэл сүлжээгээр өгөх рекламд та итгэхээсээ өмнө бодоорой.

Хатуухан хэлэхэд энэ бол “төмрийн хаягдлын” бизнес гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдийгээр ченжүүд үүнийг үгүйсгэж, янз бүрийн тайлбар хийж байгаа ч цунамид өртсөн машин хилээр орж ирээгүй гэдгийг хэн батлах юм. Тэр тусмаа чоно борооноор гэдэгчлэн авто машины ченжүүдийг үгэнд итгэхэд үнэхээр бэрх. Авто машины худалдаа, наймаа эрхэлдэг аж ахуйн нэгж болон ченжүүдийн зүгээс Япон улс цунамид өртсөн авто машинаа устгалд оруулж байгаа. Монголд нийлүүлэгдэх ямар ч боломжгүй хэмээн тайлбарлаж байна. Гэхдээ тэр олон сая машиныг Япон улс бүгдийг нь устгалд оруулна гэхэд итгэхэд бэрх. Монголчууд тэндээс машин оруулж ирэхгүй гэдэг нь бүр худлаа. Усанд норсон эд анги, цахилгаан үүсгүүр хэр эдэлгээ хангах нь ойлгомжтой шүү. Энэ нь автомашины хувьд эдэлгээг нь богиносгох аюултай хүчин зүйл.

Нэг үеэ бодвол монголчуудын авто машины хэрэглээ өссөн. Тэр хэрээр ч хилээр орж ирж буй, “Да хүрээ” зах дээр зарж борлуулж буй төмөр хүлгийн үнэ өссөн. Ялангуяа өнгөрсөн жилийн сүүлчээр импортоор оруулж ирэх автомашинд ногдуулах татварыг нэмнэ гэсэн “шум” иргэдийн халаасыг шавхаж, ченжүүдийн хэтэвчийг багагүй зузаатгасан.

Зах зээлийн үнийг сонжиё

Харин одоо урин дулаан болж буйтай холбогдуулан авто машины үнэ ямар байгааг сонирхсон юм.  Зун, хаврын цагт авто машины гүйлгээ нэлээд ихэсдэг аж. Гэтэл энэ жилийн хувьд авто машины борлуулалт муу байгааг ченжүүд нуухгүй байна. Хүмүүс машин авах сонирхолгүй, мөнгөгүйдээ биш хамгийн гол нь машины сүлжээний бизнес ихэссэн нь авто машины борлуулалтыг өмнө оны мөн үетэй харьцуулахад буурах шалтгаан болоод байгаа гэнэ. Бэлэн мөнгөө тоолоод машин авч буй хүмүүсийн хувьд 300-500 мянган төгрөгийн наана цаана яриа хөөрөө хийж болно гэдгийг “Да хүрээ” захын наймаачид дуулгасан. Харин лизингээр автомашин худалдан авах тохиолдолд үнэ буурах энэ тэр гэсэн ямар ч найраа байхгүй гэнэ. Арилжааны банкуудаас баяр наадмыг тохиолдуулан авто машиныхаа лизингийн хүүг бууруулснаар иргэдийн худалдан авалт бага зэрэг өссөн байна. Гэхдээ цагаан сарын өмнөөс арилжааны банкны автомашины зээлийн хүү 1.5 хувь болтлоо буурсныг бодоход Ардын хувьсгалын 80 жилийн ойн баярт барих автомашины зээлийн хүү төдийлөн буураагүй аж.

Өнөөдрийн байдлаар Хаан банкны авто машины зээлийн хүү 1.5-1.9 хувь. Урьдчилгаа 20 хувь. Харин Голомт банкны авто машины лизингийн хүү 1.7-1.9 хувь бол Хас 1.9 хувийн хүүтэй авто машины лизинг санал болгож байна лээ. Хас банк ийм хүүтэй авто машины зээлийг зөвхөн “Да хүрээ” дэх 50 дугаар салбараараа олгож байгаа гэсэн. Тэгвэл “Капитал” банкны авто машины лизингийн хүү 1.5-2.2 хувь.

Харин авто машины үнэ ямар байгааг сонирхуулья.  Хуучин, Монголд явсан гэх тодорхойлолттой “верна” гэхэд гурван сая, харин Монголд дөнгөж орж ирсэн нь 7,5 сая төгрөгийн үнэтэй байсан. 2004 оны, Монголд орж ирээд сар болоогүй гэх “королла” 9.8 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан. “Тоёота приус” vйлдвэрлэсэн оноосоо шалтгаалаад 6.5-7.5 саяын үнэтэй. Харин “веросса” 13 сая, “чейзер” есөн сая төгрөгөөр зарагдаж байна..  “Гранд марк II” 12.5, “карина” 8.5, “кроун” 12.5-13 сая төгрөгөөр худалдаалагдаж байна. “Ниссан Х-трэйл” 13.5, “ниссан тийнаа” 13 сая төгрөгийн үнэтэй байна.

Сүлжээний нөхдүүдийн санал тавьж буй “тоёота марч”, “тоёота приус” зэрэг авто машиныг хоёр сая хүрэхгүй төгрөгөөр өөрийн болгох гэсэн шүү. Гэхдээ сүлжээ гэдэг “сүлэх” гэсэн үг байж болохыг бодолцоход зүгээр биз.  Авто машин авахаар төлөвлөж байгаа хэрэглэгчдэд анхааралдаа авах хоёр асуудлыг цухас дурдахад ийм л байна.

Ж.ЭРХЭС
Зохиогчийн эрх “Ардын эрх”


URL:

Сэтгэгдэл бичих