Солонгос компани төсвийн 6,1 тэрбум төгрөгөөр барьсан Багшийн хөгжлийн ордонд ахиад л мөнгө цутгажээ

20140628014440УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг сайд байхад баригдсан Багшийн хөгжлийн ордон нь төсвийн мөнгийг жинхэнэ “уудаг” газар болжээ. Энэ ордонг 2012 оны сонгуулийн өмнө яаруу сандруу барьж Ерөнхий сайд асан С.Батболд, БСШУ-ны сайд байсан эрхэм гишүүн нар сүр дуулиантай нээж байсан. Харин баригдсаныхаа дараа “зэс цухайж”ямагт гишүүний чихийг халууцуулсаар ирсэн. Өвөлдөө хүйтэн, жавар шууд цоргидог цантдаг тул хүн суух аргагүй болдог. Зундаа дээврээс нь ус гоождог аж. Мөн хэд хэдэн удаа подвалиас нь ус алдсан. Тухайн үед энэ ордонг гардан бариулсан хүмүүс нь бүгд гадагшаа гарч Сайдын зөвлөх яамны Барилга захиалагчийн албаны дарга нар нэр холбогдсон гэх шуугиан дэгдсэн. Солонгосын компани барьсан гэж байсан ч чухам ямар компани тендерт ялсан нь одоо болтол тодорхойгүй байсан. Тэгвэл Уан Сил Ро захиралтай “Санбо интернейшнл” гэдэг солонгос компани төсвийн 6,1 тэрбум төгрөгөөр Монголын багш нарт “сайхан” ордон барьж өгсөн гэнэ. Барилгын тухай хуульд зааснаар барилгын баталгаат хугацаа нь гурван жил байдаг. Ялангуяа тухайн барилга нь төсвийн хөрөнгөөр баригдсан бол баталгаат хугацаанд гарсан бүх гэмтлийг гүйцэтгэгч компани бүрэн хариуцаж өөрийн хөрөнгөөр засварлах ёстой. Гэсэн ч БСШУЯ нь БСШУЯ-ныхаа үлдээсэн “мөнгө уудаг” барилгад ахиж мөнгө зарцуулаад бурууджээ. Өнгөрсөн жил Багшийн хөгжлийн ордонд 43 сая төгрөгийн засварын ажлыг бас л төсвийн хөрөнгөөр хийлгэсэн байж. Уг нь “Санбо интернэйшнл” компаниар хийлгүүлэх ёстой байсан ч эрхэм захирал Уал Сил Ро нь олдохгүй байсан тул арга буюу монгол компаниар хийлгэсэн гэнэ.

 

Б.Мөсөн
agshin.mn

URL:

Сэтгэгдэл бичих