“Өгөөмөр”-ийн түрээслэгчид дарамттай байгаагаа учирлав

өгөөмөр“Өгөөмөр” захад автомашин хоёроос дээш цаг зогсвол цаг тутамд 4000 төгрөг авахаар болжээ” гэсэн мэдээллийн дагуу бид энэ удаагийнхаа сурвалжлагыг бэлтгэлээ. Нийс лэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон захын нэг бол яах аргагүй “Өгөөмөр” худалдааны төв. Иймээс тэнд талбай, павильон түрээслэж, хоолоо олж иддэг олон иргэн ажилладаг. Түрээслэгчдийн хэлж байгаа албан бус тоогоор 500 гаруй хүн засвар хийж, сэлбэг зардаг гэнэ. Өглөө эртлэн очиход энд тэндгүй тос масло болж, борооны ус тогтсон, төрөл бүрийн машины сэлбэг, дугуй зэргийг эгнүүлэн өрсөн дүр төрх биднийг угтлаа. Үүнийг хэн хүнгүй, тэр дундаа жолооч нар илүү сайн мэдэх болоод хэдэн жилийг үдэж байна. Техникийн зах гэдэг утгаараа машины сэлбэг хайсан, машиндаа засвар хийлгэж буй хүмүүсийн хөлд даруулсан зах байдаг байх гэсэн бодол төөрөгдөл байв.

Учир нь зах дээр байгаа машин, хүнийг тоолоход гарын арван хуруунд багтмаар цөөхөн харагдаж байлаа. Худалдагчид хажуугаар явах хүмүүсээс “Юу хайж байна. Юу авах вэ” гэх зэргээр хоргооно. Тэгж идэвхийлэн асууж, хоргоож байгааг нь харахад орлого багатай байдаг бололтой. Орлогынх нь эх үүсвэр болсон хүн, машин цөөн байхад түрээсийн мөнгөө яаж төлдөг бол гэсэн бодолд хөтлөгдөн түрээслэгчидтэй уулзлаа. Жилээс жилд бага багаар нэмэгдэж буй түрээсээс гадна авто зогсоолын мөнгө авч байгаа талаар тэдний байр суурийг сонсох гэсэн боловч бүгд мэдээлэл өгөхөөс татгалзаж байв. Учир нь хэвлэл мэдээллийнхэн ирж түрээслэгчдээс яриа авахад мэдээлэл өгсөн хүнийг “Өгөөмөр” захын захиргаанаас дарамталж, “Дуугүй шиг байж, бараагаа зарж чадахгүй бол павильоноо чирээд зайлаарай” гэдэг байна. Тиймээс л түрээслэгчид “Ярих зүйл их байна. Гэхдээ бид чинь хоолноосоо салахгүйн тулд дуугүй байх л хэрэгтэй болж байна даа” гэж байв.

Бид таны зураг, нэрийг гаргахгүй ээ гэж хэд хэдэн хүнээс “Өгөөмөр” захын түрээслэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар сонслоо. Бидний эхний уулзсан хүн ийн ярьсан юм. “Би машингүй болохоор авто зогсоолын түрээсийн талаар сайн мэдэхгүй юм. Жолооч нар нэг тиймэрхүү зүйл ярьж байсан. Манай дарга нар жил бүр түрээсийн мөнгөө нэмдэг ч бидний төлөө хийсэн бодит зүйл огт байхгүй. Үйлчлүүлэгчид өдрөөс өдөрт багасч, орлого муудаж байна. Гэтэл түрээсийн мөнгөө цаг тухайд нь төлөхгүй бол нэг өдрийн 3000 төгрөгийн алданги тооцдог. Үүгээр ч зогсохгүй павильон хүртэл цоожилдог” гэв. Тэдний хэлснээр “Өгөөмөр” захаас тавьж өгсөн павильоныг 140-250 мянган төгрөгөөр, өөрсдөө байрлуулсан бол 135-150 мянга төгрөгөөр түрээсэлдэг байна. Анх “Өгөөмөр” зах байгуулагдаж байхад түрээс нь 75 мянган төгрөг байж. Харин жил бүр нэмэгдсээр одоо доод тал нь 135 мянган төгрөгт хүрчээ. Энэ нь зөвхөн нэг лангуутай, цөөн тооны бараа зардаг хүмүүсийн түрээс аж. Павильоны хэмжээ, байршил, зарж буй барааны тоо ширхгээс хамаарч түрээсийн үнэ харилцан адилгүй байдаг гэнэ. Тийм ч учраас “Өгөөмөр” зах орлогоороо хуваагдаж, байршдаг талаар түрээслэгчид цухас ярьж байлаа.

Бид “Өгөөмөр” захаар нэлээд удаан явсны эцэст арай гэж машинтай түрээслэгчээс авто зогсоолын төлбөрийн талаар тодруулсан юм. “Биднээс машинаа захын хашаан дотор нэг цаг тавихад 500 төгрөг, хоёр цагаас дээш болоход 4000 мянган төгрөг авч байна. Өдрөөр бодоход 30-40 мянган төгрөг болж байна лээ. Түрээсийн мөнгөө бараг төлж чадахгүй байгаа бид өдөр бүр ийм хэмжээний мөнгө төлөх боломжгүй шүү дээ. Ингэж хүмүүсийг бухимдуулж, асуудалд оруулж байхаар түрээслэгчдийнхээ машиныг тавих зогсоол барих хэрэгтэй баймаар. Тэртээ тэргүй биднээс түрээсийн мөнгө авч байгаа шүү дээ” гэв. Үүнтэй адил бодол, санаатай хүн цөөнгүй байлаа. Ямартай ч тэдний ярьж байгаагаар энэ сарын 10-наас авто зогсоолын төлбөр авч эхэлсэн аж. Биднийг ийн ярилцах зуур нэгэн түрээслэгч “Түрээсийн талаар биш, надад өөр хэлэх зүйл байна. Гэхдээ хүнд харагдах хэрэггүй. Тэр тусмаа захиргааныханд харагдвал би гишгэх газаргүй, идэх хоолгүй болно шүү” гэсээр найзынхаа машинд суулгалаа. Тэрбээр “Энэ захад янз янзын л хүмүүс байдаг.

Хэд хэдэн лангуу, павильонтой байр сууриа олчихсон хүмүүс ч бий. Дөнгөж түрээсээ төлөөд хоногийн хоолоо залгуулж буй хүн ч бий. Ийм хүмүүс баруун хойд хэсгээр зогсдог. Тэднийг борчуудын гудамж гэж нэрлэдэг. Би тэдний л нэг. Гэхдээ энэ төв хэсэг рүү нь зогсдог юм. Захиргааны зүгээс хэлж, ярьсан, хийж байгааг нь дэмжихгүй бол шууд л “Лангуугаа аваад зайл” гэдэг. Ингэж хүнийг дарамталж болохгүй баймаар юм даа. Борчуудын гудамжид зогсдог түрээслэгчдээ хүн орж, гардаг төв хэсэгт зогсоохгүй байж мөнгөтэй хэд хэдэн лангуу, павильонтой хүнд нэмж газар гаргаж өгөөд байх юм. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Хэлэх ч эрхгүй юм” гэж учирлаж байлаа. “Өгөөмөр” захын түрээслэгчид нэрээ нууж, хүнээс нуугдаж ийн яриа өгч байгааг харахад дарамт нэлээд их ирдэг нь үнэн бололтой. Нөгөөх ардчилсан нийгмийн хууль дүрэм тэнд үйлчилдэггүй юм шиг санагдсаныг нуух юун. Тэр хүний ярьсан борчуудын гудамж гэдгээр орж түрээслэгчдийн сэтгэгдлийг сонссон юм.

Биднийг очиход зарим нь борооны ус шавхарч, зарим нь хэд хэдээрээ нийлээд хөзөр тоглож байгаа харагдлаа. Энэ нь барагтай л бол хүн ирдэггүй гэдгийг баталж байх шиг. Анх баруун талдаа төмөр хаалгатай байсныг нь хаасан гэнэ. Тиймээс сэлбэг сурагласан хүн очих нь ч ховордсон гэдгийг түрээслэгчид хэлж байсан юм. “Өгөөмөр” захад тулгамдаж буй олон асуудлын нэг нь бие засах газар гэнэ. Захын хэмжээнд нэг л бие засах газартай аж. Тэр нь зүүн урд хэсэгт байрладаг учир нэг захаас нөгөө зах руу явахад хүндрэлтэй. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст энэ нь бүр ч асуудал болдог байна. Ингээд ч зогсохгүй бие засах газар нь түрээслэгчдээсээ хүртэл 200 төгрөгийн төлбөр авдаг гэнэ. “Энэ ч арай дэндэнэ ээ” гэж халаглах хүмүүс цөөнгүй таарч байлаа.

“Өгөөмөр” захад түрээс, авто зогсоол, бие засах газар нь төлбөртэй, зохион байгуулалт, эмх цэгцгүй, захиргаа нь түрээслэгчдээ орлогоор нь ялгаж харьцдаг, дарамталдаг…гэх мэт олон асуудал гарсаар. Энэ талаар тодруулахаар “Өгөөмөр” захын байцаагч Н.Эрдэнэбаттай ярилцлаа.

Н.ЭРДЭНЭБАТ: ТҮРЭЭСЛЭГЧДЭЭС АВТО ЗОГСООЛЫН ТӨЛБӨР АВААГҮЙ

-Захын хашаанд хоёроос дээш цаг зогсвол цаг тутамд 4000 төгрөг түрээслэгчдээс авч байна гэх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ийм яриа түрээслэгчдийн дунд гараад байна. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт замын хөдөлгөөний ачааллыг бууруулах гэж тусгасан. Үүний дагуу бид түрээслэгчдийн машиныг захын хашаанд байрлуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Авто зогсоол түрээслэгчдийн машинаар дүүрчихдэг юм. Тийм болохоор манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс машинаа тавих зогсоолгүй болдог. Үүнд үйлчлүүлэгчид ч гэсэн бухимдалтай, шүүмжлэлтэй ханддаг л даа. Тийм учраас нэгдсэн зохион байгуулалт хийх хэрэгтэй болж байгаа юм. Үүнийг дэмжиж байгаа хүн байна. Дэмжихгүй байгаа хүн ч бас бий л дээ. Гэхдээ түрээслэгчдээс авто зогсоолын төлбөр гэж 30, 40 мянган төгрөг авсан зүйл огт байхгүй. Орой хаалгаар гарахад нь “Хашаан дотор машин байрлуулахгүй шүү. Хэрвээ байрлуулбал торгууль тооцно” гэж хэлэхээр тоодоггүй. Шууд л гараад явчихдаг.

-Түрээслэгчид тулгамдаж буй асуудлынхаа талаар дуугарахаар захиргааныхан “Эндээс зайлаарай” гэж хөөдөг гэж ярьж байна. Удирдлагын зүгээс иймэрхүү дарамт, шахалт үзүүлдэг үү?

-Тийм зүйл байхгүй ээ. Гэхдээ үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй л дээ. Манайх 9.00- 19.00 цагийн хооронд ажилладаг. Гэтэл түрээслэгчид яг цагтаа хаадаггүй. Зарим хэсэг нь хөзөр тоглож, архи дарс уугаад, зарим нь орлого байхгүй гээд шалтаг тоочоод зогсчихдог. Тиймээс бид үүргийнхээ дагуу хүмүүст шаардлага тавьдаг. Үүнийг тэгж буруугаар ойлгож байж болох юм.

-Түрээсийн мөнгийг цаг тухайд нь төлөхгүй бол нэг өдрийн 3000 төгрөгийн алданги тооцдог юм уу?

-Бид ингэж л шахаж байж түрээсээ авахгүй бол хүмүүс түрээсээ өгөхгүй хэдэн сараар сунжрах тохиолдол байдаг. Ийм байдлаар алданги төлөхгүй л гэж байгаа бол түрээсээ сар, сард нь төлөх хэрэгтэй биз дээ. Авто зогсоолын төлбөрийн асуудал ч гэсэн үүнтэй адилхан. Хэрвээ мөнгө төлөхгүй л гэж байгаа бол хашаан дотор байрлуулахгүй байх л хэрэгтэй. Хэн хэнийгээ бодож, ойлголцож ажиллах хэрэгтэй л дээ. “Өгөөмөр” захын захиргаа түрээслэгчдийн өмнө тулгамдаж буй асуудалд ийм хариулт өглөө.

Сар бүрийн 25-нд түрээсийн мөнгөө төлдөг байна. Анх дугуй зардаг байсан түрээслэгч эмэгтэй сар бүр түрээсийн мөнгөө төлж чадахгүйд хүрсэн учир нэмж машины сэлбэг хэрэгсэл зардаг болсон байна. Түүний хэлснээр энэ сард 20-30 мянган төгрөгийн алданги нэмж төлсөн гэнэ. Тэдэнтэй ийн ярилцахад тухайн захад бүх зүйл мөнгөөр хэмжигддэг болох нь тодорхой харагдлаа. Учир нь хэлж буй өгүүлбэр бүрт нь мөнгө гэсэн үг байсан юм. Хэсэгхэн газарт саравч босгоод ширээн дээр машины шил арчигч, эрэг, боолт зэрэг овор багатай бараа тавьж зарсан ч 50-60 мянган төгрөг төлдөг байна. “Өгөөмөр” гэсэн төв хаалганы зүүн урд хэсэгт засварчид байрладаг байна. Тэнд хааш хаашаагаа гурван метр газар арван мянган төгрөгийн түрээстэй гэнэ. Уг газарт 3-4 хүн зогсч машин засдаг байна. Гэтэл хүн тус бүрээс зогсоолын түрээс авдаг гэдгийг засварчид хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, гурван метр газарт өдөрт 30-40 мянган төлдөг гэсэн үг. “Ийм хэмжээний мөнгө төлдөг атлаа бороо ороход хоргодох саравч олдохгүй. Хогон дунд ажиллаж байна даа” гэж засварчид дуу нэгтэй хэлж байсан юм. Хогон дунд ажиллаж байна гэдэг нь тэдний цаахан талд ил задгай асгасан хогийг хэлсэн бололтой. Нээрээ л түрээсийн мөнгө төлж байж хог асгасан газарт ажиллах хэцүү л байдаг биз. Ядаж л эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг нь мэдээж. Энэ мэт олон асуудлыг “Өгөөмөр” захын үе үеийн удирдлагууд шийдэхгүй өнөөдрийг хүрчээ. Захын хаалгаар машин орсон л бол гарахдаа заавал 500 төгрөг төлдөг байна. Энэ мэтээр “Өгөөмөр” захын үүдээр ороод, гарах хүртэлх бүх зүйл нь мөнгөөр хэмжигддэгийг хараад түрээслэгчдэдээ хэтэрхий хатуурхдаг юм байна даа гэх бодол төрлөө.


URL:

Сэтгэгдэл бичих