Ерөнхий сайдын халагдах өргөдөл
-Марксист ленинист үзэл сурталгүй түүхэн тэмдэглэл-
Коминтерний элдэв хавчлага мөрдлөг дор Монгол төрийн Ерөнхий сайдын албыг зургаан cap хашсан Бодоо төрийн ажлаас халагдах өргөдлөө өглөө. Коминтерний алан хядагчдын үндсэн нэг арга бол төрийн албанаас халагдах өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг юм. Дараа нь өөрийн буруугаа өөрөө хүлээж өөрийгөө илчлэх. Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоогийн хувь заяа ч гэсэн энэ дарааллаас хаашаа ч зайлаагүй.
Ерөнхий сайд Бодоогийн ажлаас чөлөөлөгдөх анхны өргөдөл
Өчүүхэн Бодоо хичээнгүйлэн сөгдөж Ардын намын Төв хорооноо гаргав. Тушаалаас чөлөөлж биеийг сувилуулан амьдруулахыг гуйн мэдүүлэх учир:
Өчүүхэн хүн угаас ихээхэн хэрэг албан өнгөрүүлж явсан зүйлгүй. Гагцхүү өчүүхэн сургагч бичээчийн алба хааж явсан төдий. Төрөлхөөс гадаадын эрдэм сургуульд боловсорсонгүй ба гадаад улсын нарийн ухааны зүйлийг үл мэдэх байтугай, сонссон газар үгүйн дээр эзэрхэг түрэмгий ба эрх хэмжээ, өөрийн бусдын алин болохыг ялгаварлан үл чадах ядмаг ухаан мөхөс мэдлэгтэй боловч ертөнцийн олон улсын ёсон эргэж хөрвөж байгаа энэ цагт, Ардын засгийг байгуулах санаа үүсэхээс нь эхлэн, их хэрэгт тэнүүчлэн чармайн явж, харин гадаад Монголыг Хятадын эрхнээс ангижруулан тогтнохыг үзсэний тул одоо өчүүхэн хүний эрдэмгүй ба эмгэг ядралтай болсон биеийг тушаалаас чөлөөлж санаа амруулан сувилуулах зэргээр амьдрал олгохын хүсч үүний тул өргөв. Бодоо гэжээ.
/МАХН-ын төв архив/ Эл өргөдлийг 1921 оны арванхоёрдугаар сарын 18-ны МАН-ын төв хорооны 13 дугаар хурлаар ийн хэлэлцжээ.
Ерөнхий сайд Бодоо чөлөө олгоно уу хэмээсэн тухайг хэлэлцээд “Ерөнхий сайдын тушаалыг түлхэж, мэдүүлсэн төдийгөөр чөлөө олгуулахыг хэрэгсэхгүй болгон хойш явуулаад аливаа бэрхийг засч, будлианыг арилгаж, засч залруулан шийтгэвээс зохих тушаалын доторхи хэрэг тул тушаалыг хэвээр агуулан шийтгүүлье” гэсэн хариу өгч Бодоогийн анхны өргөдлийг хүлээн аваагүй байна.
Бодоо Ерөнхий сайдын албаа өгье гэснээс хойш 20-иод хоногийн дараа, халагдах өргөдлөө дахин өгсөн байна.
Бодоогийн бүх албан тушаалаасаа татгалзсан хоёр дахь өргөдөл
Намын Төв хорооны орлосон дарга Бодоогоос Монгол ардын засгийн хэргийг бүгд захиран шийтгэх газарт өргөсөн бичиг.
“….Ядуу биеийн өвчнийг сувилуулж тэнхрүүлэхийг гуйн мэдүүлэхийн учир. Өчүүхэн хүн арваад наснаас эхлэн, сургууль албанд хорь гаруй жил явж бие махбодь доройтсон ба, уул санаа тогтворгүй болсны дээр, өнгөрсөн жил халуун хүйтэн газар тэнүүчлэн явж, бөөр нуруу өвдөх зэрэг өвчин олсон хийгээд эдүгээгийн байгуулсан Ардын засгийг үүсвэрлэхээс эхлэн ихэмсэг хүнд тушаалын асар зузаан үүрэгт дарагдаж эгнэгт зовиуртай болсны тулд ийнхүү учрыг Монгол ардын намын Төв хороо Засгийн газар өргөн мэдүүлэн гуйх нь:
Өчүүхэн хүний ядуу биед давхар давхар оногдсон Ерөнхий сайд ба гадаад яамны тэргүүн сайд, Намын төв хорооны орлосон дарга, гишүүнээс бүрэн мөсөн чөлөө олгуулж, үүрд улс төрд их бага албан хэрэгт татагдахгүй болгон миний ардын хувьд бүхий л эрх чөлөөг бататгах ажаамуу” гэжээ.
/МАХН-ын төв архив. Ф-4, д-1, хн-130/
Бодоогийн өргөдлийн дагуу 1922 оны нэгдүгээр сарын 8-нд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, 33 дугаартай тогтоол гарчээ. Засгийн газрын өргөтгөсөн хурлаар Бодоогийн асуудлыг авч хэлэлцээд “албан тушаалаа түлхэх” өргөдлийг ёсоор болгон бүх албан тушаалаас нь чөлөөлснийг онцлон тэмдэглэсэн байна.
Бодоог өөрийнх нь хүсэлтээр Ерөнхий сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гарахаас өмнө дараагийн албан тушаалыг нь Монголд Бодоо өөрөө биш Эрхүүд Шумяцкий шийдчихсэн байжээ.
Шумяцкий “Москвад суух Монгол Улсын Элчин сайдаар Бодоог явуулна уу” гэсэн бичгийг Бодоог анхны халагдах өргөдлөө өгөөгүй байхад Монгол Улсын Гадаад яамны нэр дээр ирүүлсэн байв. Угийн зөрүүд зантай Бодоо үүнд уур нь хүрээд хэгжүүрхээд ажлаас халагдах өргөдлөө өгсөн гэж зарим түүхчид бичсэн байна билээ.
Ерөнхий сайд Бодоо “Зүгээр ажлаа хийж байхад эд нар ингэдэг юм. Гэрлээгүй байхад хуримлууллаа гэгч болоод байх шиг байна” гэж их уурлаж байжээ. Харин Бодоо бүх албан тушаалаа “түлхээд” бие өвчтэй гэж сул иргэн болж Шумяцкийн өгсөн элчин сайдын ажлаас татгалзжээ.
Зарим судлаачдын үзэж байгаагаар намын дарга Данзан Бодоод өс санасандаа Бодоог зайлуулж байгаа юм биш, Сүхбаатар Ерөнхий сайдад санаархан Бодоогоор оролдсон юм биш ерөөсөө л Ринчино, Шумяцкий нар холиож явжээ.
Шумяцкий Данзан тэргүүтэй Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Москвад / Ленинд/ танилцуулахдаа Сүхбаатарыг Монгол Улсын Ерөнхий сайд, Данзанг Сангийн сайд гээд “андуурчихаж”. Москвад Монголын төлөөлөгчдийг хэн нь Ерөнхий сайд, хэн нь Сангийн сайд гэдгийг даанч мэдэхгүй. Шумяцкий ингэж “андуурах” шалтгаан байсан юм.
Шумяцкий Монгол Улсын Ерөнхий сайд Бодоог нэр зааж энэ удаад Москвад ирэх Монголын төлөөлөгчдийг ахалж ирнэ үү гэж бичиг ирүүлсэн. Харин Бодоо “их ажилтай” гээд очоогүйгээр барахгүй төлөөлөгчдийн ахлагчаар намын дарга, Сангийн сайд Данзанг өөрийнхөө оронд явуулсан нь цаанаа их учиртай байжээ.
Бодоо Данзанг өөрийнхөө оронд явуулахдаа зүгээр нэг явуулаагүй мөнгө олж ир гэж явуулсан байдаг. За одоо л Сангийн сайдын хэрэг гарна даа. Ардын засаг улаан мөнгөгүйг та бид хоёр мэдэж байгаа. Тэр Шумяцкий та хоёр хуучин тооцоогоо тааруул. Чагдаржав, Шумяцкий та гурав түрүү Орос явахдаа Ардын намд өгсөн зэр зэвсэг тусламжийн мөнгийг Шумяцкий л мэдсэн.
Оросын большевик намаас мөнгө өгсөн л юм гэсэн. Данзан шинэ засаг байгуулагдахад 1000 алтан зоос өгсөн өөр мөнгө өгөөгүй. Оросуудын өгсөн нөгөө их зэр зэвсэг Шумяцкий л мэдсэн гэсэн яриа гарчээ.
Ерөнхий сайд Бодоогийн Шумяцкий, Данзан нарыг мөнгөнд хардсан хардлагын үгийг Шумяцкийд дуулгах төлөөлөгчид тэр үед Бодоогийн дэргэд олон байсан. Шумяцкий бол тэр үед коминтернээс Монголд явуулах ажиллагааг удирдаад зогсоогүй Азийг эзлэх бүх ажиллагааг гардан удирдаж байв.
Г.Дашрэнцэн /МУСГЗ/
Эх сурвалж:
URL: