Х.Баттулга Ерөнхийлөгчид зэмлүүлсэн ч өөрийгөө үнэн л юм ярьсан гэв
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулгыг өрөөндөө дуудан, “100 чухал сэдэв” нэвтрүүлэгтэй холбоотойгоор зэмлэсэн билээ.
Тодруулбал түүний хийсэн нэвтрүүлэг нь Үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлыг зарим талаар зөрчсөн байж болох тухай, мөн өөрт нь бүх эрх мэдэл байсан ч төмөр зам барих, Сайншандын аж үйлдвэрийг босгох талаар олигтой ажил хийгээгүй тухай сануулсан юм.
Харин түүний хэлсэн шүүмжлэлтэй Х.Баттулга санал нийлэхгүй байгаа бололтой.
Ерөнхийлөгчийн өрөөнөөс гарч ирмэгцээ сэтгүүлчдэд хандан :
“Ерөнхийлөгчтэй олны өмнө маргаж болохгүй шдээ. Төрийн дэг жаяг гэж байна. Ер нь бол санал нийлэхгүй байна. Төмөр зам бол аж ахуйн ажил. Мөнгө байхгүй бол юу ч бүтэхгүй. Надад ямар ч Ерөнхий сайд нь мөнгө өгөөгүй л байхгүй юу. “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн зохиолыг би өөрөө бичсэн. Олон ургальч үзэл, олон талаас нь хандах эрх бидэнд бий. Тэр эрхээ л эдэлсэн. Ер нь бол үнэн юм ярьсан болохоор л ийм юм гарч байгаа ” хэмээн өгүүлсэн юм.
М.Баянжаргал
URL: