Д.Догсом агсны төрсөн нутагт “Алдрын танхим” байгуулна
Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Догсомын мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд “Стратеги” академи, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Хурлыг нээж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, “Стратеги” Академийн захирал, доктор Я.Төмөрбаатар нар үг хэлсэн юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат XX зууны эхэн үед Монгол Улсын тусгаар тогтнолд Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Догсом онцгой үүрэг гүйцэтгэснийг онцлоод залуучууд, хойч үеийнхэндээ эх түүхээ сурталчлах, таниулах зорилгоор МАН-аас “Монгол бахархал” төслийг хэрэгжүүлж байгааг дуулгав. Мөн түүний мэндэлсний ойд зориулж төрсөн нутгийнхан нь “Алдрын танхим” байгуулж байгаа аж. Үүний нээлт ирэх сарын 3-нд болох юм байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид Монгол Улсын тусгаар тогтнолд түүхэн үүрэг гүйцэтгэсэн анхны долоогийн гавьяат үйлсийг алдаршуулах, залуус хойч үедээ таниулан сурталчлах шаардлагатайг хэлж байлаа. Түүнчлэн түүх түүхээрээ үлдэх ёстойг ч онцолж, нийслэлийн нэг гудамжийг Д.Догсомын нэрэмжит болгох санал гаргав.
Түүнчлэн Ардын хувьсгалд түүний гүйцэтгэсэн үүрэг, амьдрал, үйл ажиллагаа, түүхэн гавьяа, уран бүтээлийнх нь талаар ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн Түүх соёл судлалын багийн багш, дэд профессор Д.Наранцацрал, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Орчин үеийн Монголын түүхийн салбарын эрхлэгч Түүхийн ухааны доктор, дэд профессор Н.Хишигт, МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Түүхийн тэнхимийн багш, Түүхийн ухааны доктор, профессор Д.Дашдулам, Монголын Үндэсний музейн ЭША Ж.Наранчимэг нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуралд урилгаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Н.Ганбямба, Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар, Д.Догсомын аавынх нь дүү Төртогтохын зээ Б.Батмөнх, Ардын жүжигчин П.Цэрэндагва, ахмадуудын төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцав.
Д.Догсом нь улс төрийн нэрт зүтгэлтний сацуу уран бүтээлч нэгэн байсан алтан фондод түүний зохиосон “Хөх торгон дээл”, “Ганган уулын цэцэг”, “Дөрвөн уул” зэрэг дуунууд хадгалагдан үлджээ.
URL: