Монгол залуучууд Украины хакеруудтай нийлж их хэмжээний мөнгө завшжээ
АНУ-ын “WELS FARGO” банкны үйлчлүүлэгчдийн картын данснаас Монгол Улсад гүйлгээ хийгдээд байгааг тус банкны ажилтнууд мэджээ. Дээрх карт эзэмшигчид өмнө нь Монгол Улсад хөл тавьж байгаагүй аж. Иймд АНУ-ын “WELS FARGO” банкныхан манай улсын нэгэн түнш банк руу энэ тухай мэдээлж, тусламж авахаар хүссэн байна. “WELS FARGO” банкны түншүүд Эрүүгийн цагдаагийн газарт дээрх болсон явдлын талаар мэдэгдэж шалгаж өгөхийг хүссэн байна. Карт эзэмшигчдийн мөнгө өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс алдагдаж эхэлсэн аж. Гүйлгээ хийгдсэн баримт нь Монгол улсын дээд зэрэглэлийн үйлчилгээтэй газруудад картын дансаар зарцуулагдаж байгааг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн олж тогтоосон байна. Тэд гадаадын иргэдийн хадгаламжид монгол иргэн нэвтрээд буйг тогтоожээ. Учир нь брэндийн дэлгүүр, тансаг зэрэглэлийн зоогийн газар, өндөр зэрэглэлтэй буудлуудад буусан иргэдийн нэр нь байнга солигдож байсан байна. Гадаад иргэдийн картыг харин бэлэн мөнгө авахад огт ашиглаж байгаагүй аж. Гэмт хэрэг маш нууц, өндөр түвшинд үйлдэгдсэн учир хэн гэдэг иргэн гадаадын иргэдийн олон улсын картан дахь мөнгөөр дургиад буйг мэдэх аргагүй байв. Учир нь гэмт хэрэгтэн очсон газраа ямар нэгэн ул мөр, гэрч үлдээлгүй цэвэрхэн ажиллаж байжээ. Эрүүгийн төлөөлөгчид энэ хэргийг илрүүлэхийн тулд сар гаруй ажилласны хүчинд гэмт хэрэгтний жинхэнэ хаягийг олж чадсан байна. Харин эрүүгийн төлөөлөгч нарын тооцоолж байснаар гэмт хэрэгтэн ганцаараа бус гурвуулаа болохыг мөрдөн байцаалтын явцад тодруулжээ. Монголын аль өндөр зэрэглэлтэй дэлгүүр, зочид буудал, зоогийн газраар отолт хийсэн боловч гэмт хэрэгтнүүд тийм ч амар баригдсангүй. Эцэст нь эрүүгийн төлөөлөгчид сэжигтнүүд хаана амьдардаг болохыг нь тогтоож, гурвууланг нь нэгэн баривчилсан байна. Тэднийг Д.Энхцагт, Э.Жавхлан, С.Болор гэдэг аж. Бүгд боломжийн амьдралтай айлын хүүхдүүд байсан гэнэ. Д.Энхцагт 20 настай, Э.Жавхлан 23 настай. Гадаадад амьдарч байсан тэд 2008 онд эх орондоо ирсэн бол С.Болор нь 25 настай, Санхүү, эдийн засгийн сургуульд сурдаг байжээ. Д.Энцагтын аав Дамдинжав нь ХБНГУ-д консулын албыг хашиж байсан байна. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлсэн Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ. Д.Энхцагт, Э.Жавхлан, С. Болор нарыг “Ганц худаг”-т цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалжтай ярилцлаа.
Монголд анх удаа гадаадын иргэдийн картыг ашиглах их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарлаа. Эх орондоо байгаа мөртлөө гадаадын иргэдийн картыг ашиглан гүйлгээ хийсэн гэхээр нэг л санаанд багтамгүй байна?
АНУ-ын “WELS FARGO” банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг интернэтээр дамжуулан хулгайлж олж авсан байгаа юм. Тус банкны 14 үйлчлүүлэгчийн картыг хуурамчаар хийж ашигласан болох нь тогтоогдсон.
Олон улсын картыг хуурамчаар хийх боломж бий юу?
14 хүний мэдээллийн олж аваад картынхаа ар дээр байдаг хар чийпэн дээр суулгасан байгаа юм. Ингэхдээ БНХАУ- аас авсан төхөөрөмжийнхөө тусламжаар хуурамч карт үйлдвэрлэсэн байдаг. Картаар үйлчилдэг газруудаар явж гар утас, электрон бараа гээд өмссөн хувцаснаасаа авахуулаад ойр зуурын хэрэгцээний бүх зүйлээ авсан. 14 картаар нийт 12 сая гаруй төгрөгийг гүйлгээ хийсэн нь өнөөдрийн байдлаар тогтоогдоод байгаа. Цаашид мөнгөний хэмжээ нь нэмэгдэх хандлагатай байна.
Карт эзэмшигчийн мэдээллийг интернэтээс авч болдог гэж үү? Эсвэл өөр хэн нэгэн тусалсан юм болов уу ?
Тэд интернэтээр карт эзэмшигчдийн мэдээллийг худалддаг АНУ-ын нэг сүлжээтэй холбогдсон юм билээ. Тэр сүлжээнээс нэг карт эзэмшигчийн мэдээллийг 30 ам. доллараар худалдаж авсан байдаг. Орж ирсэн мэдээлэл доторх нууц дугаар юу байдаг юм бэ, тэр бүгдийг нь Монголд уншдаггүй учраас Украины хакерууд уншуулсан байна.
Украины хакерууд нь хэн болохыг олж тогтоосон уу?
Бид тэднийг хэн гэдгийг нь тогтоох боломжгүй. Учир нь тэр хүмүүс бас хуурамч бичиг баримт ашигладаг болох нь тогтоогдсон.
Энэ гурван залуу бас хуурамч иргэний үнэмлэх ашигладаг байсан гэсэн үг үү?
Дандаа хуурамч үнэмлэх ашигладаг байсан. Үнэмлэх дээрх зураг нь өөрсдийнх нь мөртлөө Монгол улсад огт байдаггүй нэр, хаягтай, 20 гаруй хуурамч үнэмлэх байсныг хураасан.
Тэд найзууд уу?
Тийм дотоод, гадаад явж байхдаа найзуудаараа дамжиж танилцсан юм билээ. Д.Энхцагт, Э.Жавхлан хоёр компьютерийн хакерууд. Энэ сонирхлоороо ойртож нөхөрлөсөн байдаг.
Тэд гадаадад хэр удсан юм бэ. Ямар боловсролтой хүмүүс вэ?
Д.Энхцагт ХБНГУ-д 12 жил, Э.Жавхлан нь Ирландад зургаан жил амьдарсан.Тодорхой боловсролгүй, эрхэлсэн ажилгүй. Гэхдээ компьтерт чадамгай, хакерууд. Энэ тал дээр өндөр мэдлэгтэй юм билээ. Тэд интернэтээр бүх гүйлгээгээ хийдэг байсан. Энэ хэргийг илрүүлэхэд хүндрэл учруулж байв. Өнгөрсөн тавдугаар сарын 20-ны үеэс тэднийг сэжигтнээр тогтоогоод зургадугаар сарын 5-нд бүгдийг нь баривчилсан. Гэрээс нь тэднийг баривчилсан. Гэрээс нь тэднийг баривчлахад хуурамч иргэний үнэмлэх, карт, карт үйлдвэрлэдэг техник тоног төхөөрөмж гээд бүх зүйл нь байсан. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шуурхай ажилласны дүнд илрүүлсэн гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй.
Сэжигтнүүдийг хэрхэн илрүүлсэн талаар тодруулж асууж болох уу?
Хэрхэн илрүүлсэн талаар яривал дахин ийм гэмт хэрэг үйлдэл нөхцөл боломж бусдад олгож болзошгүй. Нийгэмд гарч болох хор хохирлоос урьдчилсан сэргийлэхийн тулд хэргийн илрүүлэлтийн талаар дэлгэрэнгүй ярих нь зохимжгүй. Энэ хэрэг бас улсын нууцад хамаарах учир олон нийтэд зарлах эрх байхгүй.
Энэ хэрэгт дээрх гурван сэжигтний хэн нь голлон ажилласан байх юм бэ?
Д.Энцагт, Э.Жавхлан хоёр голчлон энэ хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон
Тэд өөрсдийгөө мөрдөж байгааг мэдсэн үү?
Огтхон ч сэжиг аваагүй. Баривчилсны дараа тэд “Яагаад бид цагдаагийнханд баригдчихав” гээд гайхаж байсан.
Тэдэнд ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна вэ?
Эрүүгийн хуулийн 148-ын гурав (Залилан мэхлэх), 233-ын хоёр (Хуурамч бичиг барим бүрдүүлэх), 176-ын хоёр юм уу, гурваар тэдэнд дахин зүйл анги нэмнэ. Энэ нь хуурамч мөнгөн тэмдэгт үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл ашигласан тохиолдолд хэрэглэдэг зүйл анги. Төлбөрийн хэрэгсэл гэдэгт карт ордог. 176-ын гурав нь онц хүнд гэмт хэрэг болчихдог. Хэрэв энэ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэвэл 15 жил хорих ялтай.
Тэд Монголдоо ирснээсээ хойш ажил хийгээгүй юм уу?
Тэд эх орондоо ирснээсээ хойш ажил хийгээгүй юм билээ. Компьютерийн тал дээр боловсролтой ийм залуучууд уг нь үүнийгээ сайн зүйлд ашигласан бол гэж өөрийн эрхгүй харамссан. Тэднээс сурах зүйл их байсан. Тэднийг хорьсон ч мэдлэгийг нь тодорхой хэмжээгээр ашиглах хэрэгтэй.
Гадаадад олон жил болчихоод боловсрол эзэмшээгүй гэж үү?
Д.Энхцагт арван жилийн боловсролоо ХБНГУ-д эзэмшсэн юм билээ. Түүнээс дээд боловсрол эзэмшээгүй. Э.Жавхлан Ирландад зургаан жил амьдарсан. Ажил хийдэг байсан бололтой. Бас дээд сургууль төгсөөгүй.
Тэд хуурамч карт, иргэний үнэмлэхээ хаана үйлдвэрлэдэг байсан бол?
Хуурамч карт, иргэний үнэмлэхээ гэртээ үйлдвэрлэдэг байсан. Картад мэдээлэл суулгадаг тоног төхөөрөмж нь их жижигхэн, Гадна талдаа тоо, нэр ямар ч тэмдэглэгээ байхгүй зүгээр л нэг аппарат. Тэднийг баривчлах үед аппарат Э.Жавхлангийн машины багаажинд байсан.
Түүнийг хаанаас оруулж ирсэн юм бол?
БНХАУ-аас интенэтээр захиалаад ирэнгүүт нь мөнгийг нь гуйвуулсан байгаа юм. Украины хакеруудад мэдээлэл уншуулахдаа бас интернэтээр холбогдоод гуйвуулгыг нь банкаар хийсэн байдаг. Интернэтийг өндөр түвшинд ашигладаг болох нь харагдсан.
12 саяыг тэд юунд голдуу үрсэн байх юм бэ?
Залуу хүмүүс учраас алдартай брэндийн үнэтэй хувцас, зоогийн газар орохдоо зүгээр нэг хар “Чингэс” архи авч уухгүй. Дор хаяж 120 мянгын виски авч уудаг байсан байгаа юм. Ерөнхийдөө тэд 60 орчим газраар үйлчлүүлсэн байсан.
URL: