Сувилагч зэс бугай

527-1403798815Түдэв

Бага балчир ахуй цагт хурга хариулж эмээдээ тусалдаг байлаа. Эмээ маань өндөр настай ч гэсэн тэнхлүүн бас ач, зээ биднийхээ өмгөөлөгч байлаа. Эмээгийнд тогоо нь зэс, домбо нь зэс, бөгөж нь зэс байлаа. Бас аяга нь улаан зэс байсан. Бараг л бүх хэрэгсэл нь зэсээр хийсэн байж дээ гэж хожим дурсан бодсон юм.

Нэгэн удаа эмээ маань модон аягыг танил өвгөндөө өгч “зэслээд өгөөч” гэж гуйж байсан, Зэс аягатай байж, энийг бас зэслээд яах нь вэ? гэж танил өвөө нь гайхан асуухад эмээ:

-Энэ муу ач хүүг арван гурав хүрэхэд нь бэлэглэх санаатай юм гэж тайлбарласныг мартдаггүй билээ. “Паах, ийм ногоорчихдог аягаар яах юм бэ?” гэж би тэр үед их л дургүйцэн бодсон боловч дуугараагүй өнгөрсөн, нэлээн хугацаа өнгөрсөн хойно эмээгийн нэгэн зэс таваг ногоорчихсон өнгөтэй байхыг үзээд ярвайж

-Эмээ энэ таваг чинь байна шүү дээ. Өмхий үнэртэх болчихжээ гэсэн чинь эмээ:

-Ногоорно гэдэг чинь зэс зэвэрч байгаа нь тэр. Зэсийн байвангаар цэвэрлэдэг юм гэснээ хөлийнхөө авдрыг уудлан нэгэн боодолтой юм гаргаж түүнээсээ нөгөөх таваг дээр гоожуулаад даавууны өөдөс норгож тавгаа арчиж зүлгэсэн чинь ногоон өнгө нь арилж гялтганасан улаан шар өнгө гарч ирсэн юм. Би гайхаж:

-Бараг л алт шиг өнгөтэй болчихлоо гэсэн чинь эмээ:

-Алт л гэсэн үг шүү дээ. Энэ бол аранжин зэсээр өнөөх зэсчин өвгөн хийж өгсөн таваг. Аранжин зэс гэдэг чинь “улаан алт” юм шүү гэхчилэн ярьсан билээ. Тэр аранжин гэдэг үгийг нь ч би ойлгоогүй ч цээжинд үлдсэн билээ. Эмээ ч намайг арван гурван нас хүрээгүй, аймгийн төвд сургуульд сууж байх үед “өөд болчихсон” юм, Өнөөх зэслүүлсэн аягаа ч өгч чадаагүй өнгөрсөн хэрэг. Эмээ тэр жил намайг сургуульд явах үед:

-Зэс аягаа хийлгэж байгаад хавар ирэхээр чинь өгнө гэхэд нь би ярвайж

-Зэс аяга муухай ногоорчихдог юм байна лээ гэсэн чинь эмээ:

- Юу гэсэн үг вэ! Зэс аяга шиг сайн аяга байхгүй. Мөнгөн аяга, шаазан аягатай зүйрлэхгүй сайн аяга шүү. Чиний гэдэс дотор чинь жаахан бүлбэгэр шүү Зэс аягаар юм ууж идэж байвал сайн, Аранжин зэс аяга бол алтан аяга л гэсэн үг. Алт бол гоё ч гэсэн хар мөртэй, зэс улаан ч гэсэн элбэрэлтэй гэдэг юм. Зэс аяга дотор засдаг юм. Сувилагч л гэсэн үг дээ.

Бас зэсүүл гэж чи мэдэх үү? Бөхчүүдийг барилдахад нь засуул болдог хүнийг зэсүүл гэдэг байв, Одоо ч засуул гэцгээх болж, зэсүүл бол барилдаж буй бөхчүүдийг гэнэдэхээс нь засдаг хүн шүү дээ гэхчилэн ярьж өгсөн нь хожим нэг үе мартагдсан байлаа. Гэтэл намайг залуучуудын байгууллагыг удирдах ажилд томилогдох үед “зэс” гэдэг үг чихэнд хадаж “эрдэнэтийн зэс, молибдений баяжуулах үйлдвэр” байгуулна.

Ажиллах залуусыг олж эвлэлийн илгээлтээр ирүүлнэ үү! гэсэн асуудал дэгдсэн билээ. “Зэс” гэдэг үг ахин аманд уягдаж бага балчирын дурсгал амилан, эмээгийн зэс сав суулга, зэс аяга, зэс бөгөж санаанд орж ирсэн билээ.

Тэгээд л “зэс”, “молибдений” тухай ном уншиж, лавламж эргүүлэх болов. Тэгтэл “зэс” гэдэг шар алтнаас үнэтэй улаан алт гэх утгаар ярьсан эмээгийн үг нотлогдох нь тэp. Нотлогдохдоо бүр шинжлэх ухааны үндэслэлтэй нь ойлгогдов.

Зэс бол алт, мөнгө, төмөр, висмут зэрэг эрдэс бодис агуулдаг ихээхэн онцгой чанартай эд ажээ. Тийм учраас эрүүл мэндэд сайн нөлөөтэй олон талын ач холбогдолтой юм байна.

Үүнд:

1.Бүйлс булчирхайн хавдрыг дардаг.

2.Саа өвчин, мэдрэл тасалдсаныг зэсээр жиндүүлж засдаг.

З.Зүрхний цус дутагдахад хүзүүгээ тойруулан зэс зоосоор жин тавьдаг.

4.Хамар дотор тал хавдах, хатах тохиолдолд зэс зоосон мөнгөөр нүдний булан, хамрын нахиуд / ханшсаар/ жин тавьдаг.

5.Дүлийрэхэд зэсээр чихээ бөглөдөг.

6.Яршихад зэс хавтангаар дарж боодог.

7,Сэлхрээг /хаван/ зэс дардаг.

8.Хөх няц болсон газрыг зэсээр даруулна.

9.Сормуусны хавдрыг мөн зэсээр дарна.

10.Судас хатуурах, шижин өвчинд зэс тус болдог. Нуруун тус газар юмуу зүүн эрүүн дор зэс зоосоор даруулдаг,

11. Зүрхээр хатгаваас зэс зоосыг омрууны хонхорт байрлуулж гоюу наалтуураар нааж өгдөг байна.

Зэс ийм ид шидтэй юм шиг нөлөөлдөгийн учир нь хүний бие махбодод зэс тун бага тул милиграммын хэмжээний зэсийн нөлөв чухал. Хүний бие махбодод агуулагддаг зэс нь:

-Зүрхний ажиллагааг зохицуулж,

-Холестриний түвшинг хязгаарлаж,

-Чихэрлэг болон шээсний хүчлийн хэмжээг хянаж,

-Ясыг бэхжүүлэхэд туслаж,

-Хүний цусан дахь цагаан, улаан бөөмсийг боловсруулахад нөлөөлж,

-Хэрэх болон шархираа өвчин, зүрхний өвчин тусахаас сэрэмжлэхэд хэрэг болдог ажээ.

Иймэрхүү өвчнөөр сүүлийн үеийн “хотожсон” залуучууд нэлээн өвдөх болсон байна. Шинжлэх ухааны үндэстэй тодорхойлогдсон зэсний ач тус нь хүний бие махбодод ёстой л “сувилагчийн” үүрэг гүйцэтгэдэгийг ном судраас ийнхүү олж мэдсэнийхээ дараа бага насандаа эмээгээс сонссон зүйлээ бас эмээ маань голдуу зэс сав суулга, эд хэрэглэлтэй байсны гүн утга учрыг эргэцүүлэн бодож, бишрэл төрж билээ.

Монголчууд хэдэн мянган жилд анагаах ухааны үйлчилгээний сүлжээ ч үгүй аж төрж байсан мөртлөө эрүүл чийрэг, өвчин эмгэг багатай байсан нь монголчуудын бүтээсэн “нүүдлийн соёл иргэншлийн” ач үр байжээ.

Зэс эдлэл нь хүртэл өрх гэр, ам бүлийн бэлэн “сувилагч” байсан ажээ. Харамсалтай нь одоо үед зэсийг тоохоо байж, хааяа нэг айл зэс домбыг зүгээр л хуучны үзмэр болгон гэртээ тавихаас хэтрэхгүй болжээ. Уул нь тэр зэс эдлэл эрүүл мэндийн улаан алт байжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, сэтгүүлч, зохиогч, эрдэмтэн  Л.Түдэв


URL:

Сэтгэгдэл бичих