Алдуул Монгол адуу эргэж нутагтаа ирсэн түүх

6859716533941a7b381021Германы фашистуудтай тулалдаж байсан Зөвлөлтийн улаан армид өгөөмөр сэтгэлтэй Монголын ард түмэн хүлэг морьдынхоо аль сайнаас нь бэлэглэж байсан гэдэг. Тэдгээр агтны зарим нэг нь хаа газраас ирсэн нь мэдэгдэхгүй эцэж туйлдан, ядарч зүдэрсэн газрын хол, усны уртыг дуулан ирсэн тухай үлгэр домог шиг яриа бишгүй л сонсогддог. Харин энэ бүхэн нь амьдрал дээр бодит түүх болон үлдсэний зарим нэгийг баримттайгаар хүргэж байна.

 Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгмийн үед манай улс хавар тавдугаар сард гадаадад гаргадаг мал мах бэлтгэх ажлаа сум бүрт хийж мал бүхий иргэдээс авсан малаа хүч тарга авахуулан нутаг ойролцоогоор нь Улаанбаатар, Дархан, Дорнод,  Баян-Өлгий аймгуудад хөлөөр нь тууж хүргэдэг байсан аж. Завхан аймгийн Баянхайрхан сумын малын эмч А.Товуу гуай 1966 онд Улаанбаатар хот руу бэлтгэлийн мал туухдаа жороо бор хээр морио ариг гамтай унаж, эдэлж явсаар Төв аймгийн нутагт гайгүй үнэ өгсөн хүнд худалдчихжээ.

Наймдугаар сарын сүүлээр малаа тушаагаад тооцоогоо бодуулж, хөлсөө авсан Товуу хотод байдаг ах дүүсээрээ орж, хоршоо дэлгуүрээс ойр зуурын хэрэгцээт зүйлээ аваад машин техник хөлөглөж, аймаг сум, дамжин есдүгээр сарын эхээр гэртээ харьсан байна. Олон хоног сараар адуу малаасаа хөндийрсөн хүн адуугаа эргэж унаа морио солиход хэдэн морьд нь тарга тэвээрэг сайтай сайхан л байж. Очсоноосоо хойш сар гаруйн дараа адуун дээрээ очиход Улаанбаатар хотын ойролцоо зарсан жороо бор морь нь адуундаа байж гэнэ.

Арай биш байлгүй, би эндүүрч байгаа хэрэг гээд дэргэд нь очсон чинь яг зүсээрээ. 1000 гаруй км-ын цаана орхиод ирсэн бор морь нь дүрээрээ байлаа. Тэрээр хол газраас хомбон туурайгаа сэтэртэл давхиж ирсэн морио хараад өөрийн эрхгүй нулимсаа унагаж байснаа орсон гарсанд хэдэн өдөр хуучилсан гэдэг. Энэ явдлаас хойш тэрээр жороо бор морио сэтэрлэж, сүрэгт нь эрх тааваар нь байлгах болжээ. Өмнөговь аймийн Манлай сумын худалдаа бэлтгэлийн ангийн жолооч байгаад одоо хувиараа хөдөлмөр эрхэлж буй Сувдхүү наян хэдэн онд хар зусний унаган морио Улаанбаатар хот руу туувар туусан хүнд хэдэн төгрөг болгоод ирэхийг хүссэнд цаадахь нь хүсэлтийг ёсоор болгон хар морийг боломжийн үнээр борлуулжээ.

        Тууварчин буцаж очиход хар морь зэрэг шахам ижилдээ очихоор нь хот оруулж худалдаагүй, хотны захад борлуулсан юм шив дээ гэх мэтээр тоглоом шоглоом болоод өнгөрчээ. Хойтон жил нь дахиад тууварт авч яваад Улаанбаатар хотын мал бааз дээр борлуулсан боловч хар морь ижилдээ гүйгээд очихоор нь өрөвдөөд дахиж зараагүй нутагт нь ясыг нь тавиулсан даа хэмээн дурсч байжээ.

2013 оны тавдугаар сард Ховд аймгийн Зэрэг сумын ардын аж ахуйтан Г.Батаа Төв аймгийн Баянхангай сумын  Ц.Батсайханаас  найман настай азарга, хоёр үрээ худалдаж аваад нар шинҮэхийн үед машинд ачаалж 1200 гаруй км газрыг хоёр өдөр хоёр шөнө туулж гурав дахь шөнийн 03 цагт Зэрэгийн баруун хаяанд очжээ. Хоёр хоног хоолтой хоолгүй ачигдсан адуунуудаа аргамжаад унтсан залуу хархуу бага үдийн алдад сэрээд аргамжаатай байгаа азаргаа услаад ирэхийг ахаасаа хүсэхэд ах нь дүүгийнхээ хэлснээр аргамж, чөдрийг нь хөтөлж очоод алдчихаж. Суларсан азарга Их Гүвээ давж Зэрэгийн хөндий туулаад Зүүн хөдөө өгсөж Хөтөл усаар даваад Чандмань сумын Тахилт баг /Завхан аймгийн Дөрвелжин. Говь-Алтай  аймгийн Хөхморьт сумтай хил залгаа/ орсныг нь хурдан техникийн ачаар гүйцэж барьж авсан байна.

Хөлөөрөө биш машинаар, өдөр биш шөнө тэр нутагт очсон адгуус энэ зүгт явбал нутагтаа очиж ижилдээ нийлнэ гэдгээ яаж мэддэг байна аа хэмээн нутгийн хөгшчүүл самсаагаа шархируулан зогсох морийг хараад нулимсаа унагаж байсан гэдэг. Ганц адуу ч биш тэмээ, үхэр, ямаа, нохой хүртэл идээшиж дассан нутаг бэлчээрээ бэдэрсэн жишээ олон. Увс, Ховдоос, Сэлэнгэ Булган, Төв аймаг руу малтайгаа нүүдэллэж ирсэн хүмүүсийн яриаг сонсож байхад мал нь орой бүр нутгийнхаа зүг харж хэвтдэг, өглөө босоод ирсэн зүг рүүгээ бэлчдэг гээд өрөвдмөөр зүйл ярьцгаадаг билээ. Харин гүйгүүл морь ийнхүү нутгаа, ижил олон сүргээ газрын хол, усны уртыг туулан ирээд байхад дэлхийгээр хэрсэн монголчууд нутагтаа, эх орондоо ирэхгүй байгаа нь дэндүү харамсалтай хэрэг болоод байна.

Социализмын үед харийн хүнтэй гэр бүл болох, гадаадад цагаачлах асуудал    давшгүй     даваа, бүтэшгүй бодол байлаа. Өнгөцхөн бодоход хэний хүү, охин аль орны хэнтэй ч гэр бүл болж болох мэт санагдавч монгол хүний ген, иргэнийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс тухайн үеийн төр, засгийн удирдлага хатуу байр суурь баримталдаг социалист капиталист хоёр системийн улстөрийн бодлого, шашин шүтлэг, ёс заншил бас нөлөөлж байсан. 1980-аад оны сүүлээр Дамдинсүрэн гэдэг эр Монголоос анх гадаадад гэр бүлээрээ цагаачлах эрх олж авахдаа амаргүй даваа давж зам зуураа алдаж үрэгдүүлэн зовж зүдэрч явсан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй ам дамжсан үг дуулдаж, төрөлх сайхан эх орноо голж гоодон, харь орныг сайн сайхан хэмээн доншуучилж яваа хүн яаж ч өөдтэй явах вэ дээ гэсэн яриа зарим хүмүүсийн амнаас гарч байж билээ. Харин ардчилсан хувьсгал гарснаас олон мянган хүн хөлөө хүрэх газар очиж, хэл нэвтрэх бүхэнтэй харьцах боломж олдсоны бодит нэг жишээ нь харийн хүнтэй гэр бүл болох асуудал.

 Гадныхантай гэр бүл бологсод энэ тухайгаа тайлбарлахдаа нутаг нэгтнүүдээ амь, амьдралдаа арчаагүй ханддаг, соёлгүй бүдүүлэг, архичин тамхичин гэх мэтээр гоочилдог ч тэр улс гүрэн, газар орныхоо эрчүүдээс удам судар, заяа тавилан сайтай, өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, сорыг нь олж ханилдаг гэдэг   нь   тун   эргэлзээтэй.

Хир тааруу зэрэг зиндаа ойролцоо “амьтад”-тайгаа гэр бүл болцгоосон байдаг. Түүгээр ч барахгүй шашин суртал. ёс заншлын дарамтанд орсон, сэтгэл санаа, эд материалын эрх чөлөө эдэлж чадаагүй зарим нь салж сарнин эх нутгаа бэдэрч байхад нэрэлхүү нэг нь насаа өтөлж, үсээ цайтал тэсэх аядан унасан газар, угаасан усаа санан гансарч эцсийн мөчид эх орондоо ясаа тавихын хүслэн болж явдаг нь нууц биш ээ. Голсон юм голд орж, шилсэн хүН шилэн хүзүүн дээр морддогийн шидийг үзэхээр эргэх хорвоогийг аясыг дагаж шар нар, бор хоногийг өнгөрөөхөөс өөр аргагүй. 1970 хэдэн оны дунд үеэр Сүхбаатар аймагт хэдэн жил ажиллах үүрэг ногдсоны дагуу очсон юм. Тэр нутагт хочгүй хүн ховор. Аймгийн хойд талын суманд амьдардаг ахимагдуу насны нэгэн эрийг “алдуул” хэмээн хочилдог тухай хүн надад танилцуулахад нь “Арай ч дээ, мал биш дээ, хүнийг алдуул гээд байхдаа яадаг юм бэ” гэхэд аль 1930 хэдэн онд Увс аймгаас Байшинтын дивизэд ирж, цэргийн алба хаагаадманайнутгаасгэрлэж 30 гаруй жил нутгийнхаа – барааг хараагүй хүнийг өөрөөр юу гэж нэрлэх юм бэ хэмээн миний амыг таглаж билээ. Тухайн үед уг хүний тухай сонсоод цочирдож байсан бол одоо Монголоос зуларсан алдуулуудын тоо толгой тйомгүй болохоор энэ асуудал ерийн үзэгдэл мэт болж дээ.

Тэр ч бүү хэл, тийм хүний үр сад эвгүйтээд шарил чандруу нь ирж гэнэ ээ гэхэд эхэн үедээ сэтгэл сэртхийдэг байсан бол хоорондох хоног хугацаа нь ойртсон зөөврийн олон гарилын тухай сонсоцгоогоод байх ёстой зүйл юм шиг бодогдох болжээ. Ард үлдэгсэддээ муу гээд монголчууд өөд бологсдын, тэр тусмаа эмэгтэй хүний шарилыг зөөвөрлөдөггүй заншилтай байсан гэдэг. Харин одоо алдуул  монголчуудын австай шарил л эх оронд нь ирэх болжээ. Алдуул монголчуудын аав ээж, ахан дүүстэй нь уулзаж учран ярилаж байхад арай сэргэлэн золбоотой нь гадаадад гарцгаадаг гэнэ. Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд зориулж төдий хэмжээнй хөрөнгө мөнгө хандивлалаа, эх орондоо хэрэг болохуйц санал санаачилга ирүүллээ, бидний аж амьдралд нэвтрүүлмээр ийм арга туршлага байна гэж ярих хүн ер тааралдахгүй. Бие нь алдуурсан болохоор сэтгэл нь ч алдуурдаг бололтой. Өөрсдөө ирж нэг тоосго өрж, үзээгүй мөртлөө харийн хүний  харийн  сэтгэлээр  эх

орон, төр засгаа муудан, боломжтой нэгнийгээ ар араасаа чирч гулдран хүний нутаг, гүний хошуунд шингэхийг хичээдэг, мах идэж өсчихөөд манайсдаггүй. өөх  идэж өсчихөө өөриймсдөггүй, сэтгэлгүй зуугуулууд олшроод байгаа нь сонин.

Сурч мэдэж, эзэмшсэн  мэргэжлээрээ эх орондоо ажиллая, хийе бүтээе гэхээр одоогийн төр засгийн удирдлага нөхцөл  боломжоор хангадаггүй, дэмждэггүй гэсэн шүүмжлэлийг хэлдэг. Ард түмнээ бодохоосоо илүү хувийн эрх ашиг, нэр хүндээ бодож төрд суудал эзэлсэн эрхмүүдийг хилийн чанадаас хараад суугаад байвал “бухын доодохыг харж үнэг турж үхэх”-ийн үлгэр болно. Хувиар борлуулж, довоо шарлуулан амьдарч байгаа аргаасаа салцгааж цааш явах газаргүй мухардалд ороод байгаа капиталист нийгмийн чиг баримжааг өөрчлех, хөгжлийн өөр гарцыг сүвэгчлэхэд мэдлэг боловсрол, оюун ухаан, бие сэтгэлээ зориулах шаардлага хүн бүхэнд тулгарч байгааг дэлхийн олон улсад ажиллаж, амьдарч буй нутаг нэгт монголчууд маань анзаарах, анхаарах болоогүй юм болов ууу. Хүн өөрийгөө малаас дээр гэж үздэг. Мал нутгаа бэдэрч ижлээ дагаж байхад арав, хорин жил гадаадад ажиллаж амьдарсан хүмүүс их л юм үзэж, мэдэж ойлгосон баймаар…Элсжиж, тоосжсон ч гэлээ эх орон нь, утаа хогтой ч Улаанбаатар нь хүлээж байна аа. Харь нутагт хатирч, хальтирч явтал хамаг сайхан залуу нас, хийх бүтээх чадал, чадвар чинь дундарч дуусчих вий дээ, алдуул монголчууд минь ээ.

Тэмдэглэсэн Т.Баттулга

“Одоо цаг”


URL:

Сэтгэгдэл бичих