“Шүнди” компаний Ли Шан Баог Зайсанд амьдарч, цагдаагийн маяктай машинаар хамгаалуулдаг гэжээ
Монгол улс хятадын луйварчдаар дүүрчээ. Баянгол дүүргийн 6-р хороо, Кекүшю цамхагийн зүүн талд “Шүнди” компаний барьсан 66 айлын орон сууцны барилгын хэл ам одоо ч үргэлжилсээр байгаа. Уг барилгыг компаний захирал Ли Бан Шао нутгийхнаасаа зээл авч барьсан гэгдэж байсан. Тэгвэл мөнгөө зээлдүүлсэн хятадууд нь Монголд ирэн хуулийн байгууллагаар заргалджээ. Ли Бан Шао нь 52 настай, монгол эхнэрээсээ төрсөн охины хамт амьдардаг. Эхнэр Б.Баясгалангаасаа хоёр жилийн өмнө салсан гэнэ. Орон сууцны маргаан дэгдэх үед Баягалан гэдэг эмэгтэй ямар ч бичиг баримтгүйгээр оршин суугчдаас гэрэл, дулааны мөнгө хураан, өгөхгүй айлын тогийг тасалж байсан нь эхнэр нь байжээ. Одоо ор сураггүй алга болсон гэж нөхөр нь мэдүүлсэн гэнэ. Хэсэг хятад иргэн Монголд ирээд Ли Бан Шаог 2002-2004 онд БНХАУ-ын Тэнжин хотод Ван Сэн Тон, Ван Ди Чин, Занг Юан Бин, Ли Жан Зен нараас “Шүнди” компанидаа хөрөнгө оруулалт хийлгэнэ хэмээн 4.4 сая юань буюу 735 сая төгрөг, Сун Жин Цайгаас 50 мянган юань буюу 7.3 сая төгрөг итгэл эвдэн зээлэх нэрээр авсан, Лиү Роу Фенгээс мөн залилан мэхэлж 15 мянган юань буюу 21 сая төгрөгийг авсан хэргээр хуулийн байгууллагад өгчээ. Гэсэн ч зальжин хятад луйвардсан бүх үйлдлээ Хятадад хийсэн тул шүүх өөр улсын нутаг дэвсгэрт болсон хэргийг Монголын хуулиар авч хэлэлцэхгүй гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Хохирогч Ван Сэн Тон нь “Ли Шан Бао Монголд ноолуурын бизнес ашигтай гэхээр нь бид итгээд эхний ээлжинд 6000 юаны хөрөнгө оруулалт хийсэн, удалгүй Ли Шан Бао Шүнди буюу ахан дүүс гэсэн нэртэй компани байгууллаа гэж бидэнд мэдэгдсэн” гэжээ. Зан Юань Бин нь “биднийг Монголд ирэхэд Ли Шан Бао цагдаагийн маяктай машинаар угтаж аваад харуул хамгаалалттай ууланд буулгасан, ойрхон Монгол улсын Ерөнхийлөгч амьдардаг гэж байсан, бид орж гарахад харуул хамгаалалт нь бүртгэдэг байсан” гэжээ. Мөн танил тал ихтэй болсон тэдний дунд сайд УИХ-ын гишүүд ч байгаа гэж сайрхаж байсан гэнэ. Тэдэн дээр Баатар Соёлт нарын өвөрмонгол нэмэгдэн “Чингисхаан” зочид буудалд “Шүнди” компаний үүсгэн байгуулагч болох долоон хятад хуралджээ. Тоосго, вакуум цонх үйлдвэрлэхээр болж Ван Сэн Тон нар 500 мянган юань нэмж өгчээ. Дараа нь Ли Бан Шао нь нэмэлт хөрөнгө оруулалт нэрээр мөнгө авсаар нийтдээ 5.1 сая юань болсон гэнэ. 2005 онд “Шүнди” компаний гэрчилгээн дээр бусад хөрөнгө оруулагчдийн нэр байхгүй нь илэрмэгц Ван Сэн Тон нь Монголд “хөрөнгөө сахин” байнга суух болж. Удалгүй “хөрөнгө оруулагчид” муудалцан бие биенээ хуурам бичиг баримт үйлдсэн, буу хадгалсан, залилан хийсэн гэх зэргээр хуулийн байгууллагад ээлж даралан өгч эхэлжээ. Одоо “Шүнди” компанид 66 айлын орон сууцаас гадна Зайсанд 25 айлын орон сууцны барилга байгаа гэнэ. Энэ хэрэгт Н.Баатар, Т.Соёлт нарын өвөрмонгол, мөн эхнэр нь байсан Б.Баясгалангаас нь гадна Л.Туяа, Б.Төмөртогоо нарын монгол иргэдийг холбогдуулан шалгажээ.
NUUTS.mn
URL: