70 тэрбум төгрөгийн дарамт ДЦС-уудыг хувьчлах шалтгаан биш

2b3h95mav4e01vrqpi2hctvkaeТөрийн өмчийн хороо өнгөрсөн он жилүүдэд, тодруулбал МАН-ынхан олуулаа байхад зарим байгууллагыг хувьчлахаар олонтаа ярьсан ч тэгтлээ хүчлээгүй. Үүний цаана улс төрийн гадаад, дотоод нөхцөл байдал, эдийн засгийн өсөлтийн хэлбэлзлийг анхааралтай ажиглаж няхуур хандсан хэрэг. Харин Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн “тэнсэн” авсан өнөөгийн Засгийн газар төрийн өмчийг хувьчлахаар яаравчлах болов. Угаасаа тэд зоригтой. Тэдний зориг өмч хувьчлалд, тэр тусмаа банкны салбарт халтай байдгийг ердөө хориодхон жилийн өмнөх түүх харуулсан. Өнгөрсөн алдаанаас айлгах гэсэнгүй, харин өнөөдрийн нөхцөлд өмч хувьчлах төлөвлөгөө нь хэр хийтэй харагдаж буйг энд хөндөе.

Юуны өмнө “Бүрэн хувьчлагдах этгээд” гэсэн үе шатанд “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компани, “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани багтсан нь анхаарал татаж байна.

Уг нь хувьчлал явуулах тогтоолын  3.1.1. Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд гэсэн заалтад “Үйл ажиллагааны чиглэл нь улс орны стратегийн бодлого, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээргүй, цаашид хувийн хэвшил дангаараа үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах боломжтой төрийн өмчит хуулийн этгээдийг тухайн байгууллагын онцлогт нь тохирсон хувьчлалын арга хэлбэрийг ашиглан тэргүүн ээлжинд хувьчлах бодлого баримтална”  гэж  заасан байдаг.

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компани л гэхэд ОХУ-ын Улаан-Үүдээс эх үүсвэрээ авдаг. Эрдэнэт хотод нэг хоног л цахилгаан тасалдахад Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр маш их хэмжээний алдагдал хүлээдэг гэдгийг учир мэдэх хүмүүс халаглан ярьж байна. Цаашилбал Багануур дүүрэгт байрлах “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийг хувьчлах гэнэ. Энэ нь ерөөсөө л Багануур дүүргийг хувьчилсантай адил үр дагавартай шийдвэр болох билээ.

“Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компанид өнөөдөр 453 хүн ажиллаж байна. Тус компанийг хувьчилж авсан этгээд цомхон бүтцээр ажилллаж, зардал багатай орлого ихтэй ажиллахыг гол зарчмаа болгоно. Эндээс харахад төрийн эзэмшилд байхад нь ажиллаж байсан 453 хүний тодорхой хэсэг нь цомхтгол орох нь ойлгомжтой. Тэгэхээр ажилгүйдэл нэмэгдэнэ. Үүний үр дагавар нь ядуурал, архидалт, гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг.

Нөгөөтэйгүүр хувийн компанийн мэдэлд очвол цахилгаан дулааны үнэ нэмэгдэх өндөр магадлалтай. Мэдээж хувийн компанийн захирал нь инфляци өсчихнө, иргэдийн амьжиргаа буурч ядуурчихна гэж өрөвлөөл алдагдалтай ажиллахыг бодохгүй л байх.

Хамгийн гол нь хувьчилж авах этгээд хэн байх вэ. Хувьчлагчийн цаадах “нууц ноёнтон” хэн байх вэ гэдгийг төр ч тодорхой мэдэж чадахгүй. Магадгүй хэн байхыг нь гадарлаад ч мэдлээсээ гаргаж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр хэн нэгэн урд зүгийн “нууц ноёнтон” хувьчилсан объектоо сайн удирдаж авч явах, үүнийхээ төлөө төрийн гүйцэтгэж байсан үүргийг урьдынхаас ч илүү биелүүлэх үр дүн эхний үед харагдаж болно. Харин эдийн засгийг атгах замаар эзлэн түрэмгийлэх алхам  ийм аргаар хэрэгжих нь хамгийн аюултай. Тиймээс ч стратегийн чухал ач холбогдолтой салбарын нэг нь эрчим хүч байдаг. Тэгэхээр өнөөх дайн дажин гаргахгүйгээр, эдийн засгийн аргаар эзлэн түрэмгийлэх арга цахилгаан станцыг хувьчлах замаар хэрэгжиж эхлэх юм биш үү. Үгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ. Өмнөх эрх баригчид тоо бодож чадахгүйдээ, эсвэл эдийн засгийн сүйхээгүйдээ энэ салбарыг хувьчлаагүй юм биш. Өчнөөн тэрбумын өрөнд орон байж төрийн мэдэлд байсны шалтгаан нь ердөө л үндэсний аюулгүй байдал юм шүү дээ.

Саяхан Эрчим хүчний сайд М.Сономпил салбарт нь эдийн засаг хүндрээд байгаа, үүнийг даван туулахын тулд Монголбанк 70 тэрбум төгрөг хайрлачихвал цахилгаан станцууд жигд сайхан ажиллаж болох тухай телевизээр ярьсныг сонссон. Магадгүй, тэрхүү 70 тэрбум төгрөгийн дарамтаас зугтах сүүлчийн арга нь зарим цахилгаан станцыг хувьчлах шийдвэр байсан бололтой.

Хаа холын АНУ, Герман, Япон хөрөнгө оруулагчид Монголын хамгийн их алдагдалтай, өртэй цахилгаан станцуудыг төдийлөн сонирхохгүй. Гэхдээ дотоодын хөрөнгө оруулагчид ч бас тэнэг биш. Дээр нь уг цахилгаан станцуудын “түүхэн замнал”-ыг сайн мэднэ. Тэгэхээр хувьчилж авах эзэд нь хэдийнэ тодорчихсон ч байж мэднэ.

Эдийн засаг,стратегийн бодлогыг тоогоогүй их хувьчлалаас болгоомжил!

С.Чулуун


URL:

Сэтгэгдэл бичих