ТҮЦ-ҮҮДИЙГ ШУУД БУСААР “ХӨӨЖЭЭ”
Хэдэн ТҮЦ эрхлэгчид ч байнга “Нүд үзүүрлэгддэг” хүмүүс дээ. Хэсэг хугацаа өнгөрөөд л тэднийг өмөөрхөөс аргагүй болдог юм. Энэ ажлыг нас хэвийсэн тул өөр ажил хөдөлмөрт орох аргагүй болсон эмэгтэй голдуу хүмүүс хийдэг. Тэд хулгай хийж, гуйлга гуйлгүй мөрөөрөө гэр бүлээ тэжээгээд явж байгаа нь дарга нарт муухай харагддаг бололтой. Байнга л алга болгох гэж оролдох юм даа. Уг нь бол аль ч улсад өөрсдийгөө болгоод яваа хүмүүсээ ад, үздэггүй. Хөгжиж дэвшсэн Азийн орнууд ихэвчлэн гудамжны худалдаагаар өндийсөн байдаг.
Саяхан бас ТҮЦ-үүдийг баахан муучилж, дээрэлхэж байгаад арай хийн үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрсөн. Гэхдээ зөвхөн “Мянгуужингийн үлгэр”-т л байж болох болзолтой юм байна.
Тэдэнд зориулсан журмын заалтуудыг тун товчлоод үзье. Худалдах хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, зориулалтын хөргүүртэй байх ёстой. Дүүргийнхээ “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулах бөгөөд гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг нэг жилээр сунгаж байх юм байна. За тэгээд түргэн үйлчилгээний цэг нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байх аж. Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайнтай, гадна дотрын хяналтын камертай, гал унтраах тоног төхөөрөмж, гал унтраах багажтай аюулгүй байдлын дүгнэлттэй байх ёстой.
Мөн зөөврийн бие засах суултуур бүхий ариун цэврийн өрөөтэй, цэвэр ус, үнэр дарагч, халдваргүйтэх бодисын нөөцтэй, бохир нөөцлөх сав 10-аас доошгүй байна. Эргэн тойрны таван метр хүртэлх талбайд тохижилт цэцэрлэгжүүлэлт хийж, зориулалтын хогийн сав байршуулах бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэх талбайн хэмжээ 10 мкв-аас доошгүй. Зөөврийн бие засах суултуурын бохирыг зайлуулах талаар харъяа ОСНААУГ эсвэл Ус сувгийн удирдах байгууллагатай гэрээ байгуулан ажиллана. Түргэн үйлчилгээний цэгийг бусдад түрээслэхийг хориглоно. Энгэрийн тэмдэг бүхий зориулалтын дүрэмт хувцастай байна. Түүний дээр инженерийн шугам сүлжээ засварлах, тавих, өргөтгөх, зам талбай засах, засвар тохижилтын ажил хийх бол газрыг чөлөөлөх үүрэг хүлээх аж. Ингэж байхаар шууд л урьдынх шигээ хөөж байгаагаа хэлэхгүй дээ. Ядарсан хэдэн ТҮЦ эрхлэгчид байтугай ийм шаардлагад тохирсон найман нэрийн дэлгүүр, төрийн албан газар ч ховорхон. Мөн үүнээс олон гэрээ, хэрэгсэл шаардах замаар хүнд суртлаар далайлгаж шантраах бодлого байгаа мэт харагдаад байгаа юм даа.
Ж.БАЯРСАЙХАН /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: