Хүн амины хэрэг хар тамхитай холбоотой байж болзошгүй гэж хардав

хэрэгНийслэлийн Налайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сард М.Э гэж залууг зургаан удаа буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Түүнийг танил нь болох А.Мэндбаяр гэгч буудсаныг тогтоосон. Гэвч ямар шалтгаанаар хүний аминд хүрсэн нь тодорхой болоогүй байгаа аж.

Энэ талаар дуулгахаар талийгаачийн аав Д.Мөнхжаргал өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр “Хүнийг араас нь зургаан удаа буудаж хөнөөж байгаа хүн эрүүл биш. Хууль хяналтынханд А.Мэндбаяр гэгчийг тухайн үед архи согтууруулах ундаа, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг удаа дараа тавьсан.

Гэвч А.Мэндбаяраас цус авч шалгах гэхэд тогтоосон хэмжээнд нь хүрэхгүй байна гэсэн шалтгааныг шүүхийн шинжилгээнийхэн хэлсэн. Мөн аппарат эвдэрсэн гэх зүйлийг ярьсан. Түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах гэхээр цус нь хүрэлцэхгүй, төхөөрөмж нь эвдэрчихээд байдгийг ойлгохгүй юм. Монголд чадахгүй бол гадны өндөр хөгжилтэй оронд шилжүүлж өгөх хүсэлтийг ч тавьсан. Гэвч хууль хяналтынхан дорвитой ажил хийхгүй байсаар хэрэг дарагдах шинжтэй боллоо.

А.Мэндбаяр гэгч хар тамхи хэрэглэсэн, хар тамхитай ямар нэг хэлбэрээр холбогдсон этгээд бөгөөд түүнийгээ нуун дарагдуулахын тулд хүүг минь хөнөөсөн” хэмээн ярьсан юм. Хэрэгт Эрүүгийн хуулийн 91.3 гэсэн зүйл анги буюу өш хонзонгийн сэдэлтэй хүн амины хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр эрүү үүсгэсэн байна. Талийгаачийн аав яллагдагчийг хүүд нь өс санах шалтгаан байхгүй гэж байлаа. Хэрэг прокурорын шатанд шалгагдаж буй аж.

 

 
О.БОЛОР-ЭРДЭНЭ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих