ШУТИС-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ШАХААНЫХАН БАЛЛАЖ БАЙНА
Нэлээд эрчтэй яригдаж байсан их сургуулийн шинэчлэл хий нь гарсан гүзээ шиг шалчийж орхив уу яав гэмээр болжээ.
Төрийн өмчийн хэдэн сургуулиар ороход болж байна, бүтэж байна гэхээсээ илүүтэй болох болохгүйг нь ойлгохоо больсон улс л байдаг болж.
Монголдоо топ, гадна талдаа ч гайгүй үнэлэмжтэйд тооцогддог “Шинжлэх ухаан технологийн их сургууль” л гэхэд өөрчлөлт шинэчлэлт нэрээр бүрэлдэхүүн сургуулиа цөөлж, багш нартаа халагдах мэдэгдэл өгснөөс өөр дорвитой хийсэн зүйлээр маруухан байгаа гэхэд хилсдэхгүй.
Энэ нь яг үнэндээ тухайн сургуульд сурч буй оюутан, эсвэл ажиллаж буй эрдэмтэн багш нараас болоод саатаж сарниад байгаа асуудал огт биш юм билээ. Урагшгүй ноёнд ухаангүй албат гэдгээр сургуулийн удирдлагад баахан шахаа хийсэн сайдын хүмүүсийн балаг л их байгааг тус сургуулийнхан нуухгүй байна.
Их, дээд сургуулийн өөрчлөлт шинэчлэлтэй хамт ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлт 2013 оны сүүлээс хийгдэж эхэлсэн бөгөөд сургуулийн Эрдмийн зөвлөл болон Удирдах зөвлөл нь энэ асуудлаар хэд хэдэн удаа хуралдаж зохих шийдвэр гаргасан. Эрдэмтэн багш нар нь энэхүү өөрчлөлтөд тун ч хүлээцтэй хандаж Эрдмийн болон Удирдах зөвлөлийнхөө шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө чадлаараа ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, сургуулийн бүтцийг цомхон болгох Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг хүндэтгэн бүрэлдэхүүн сургуулиудынхаа тоог бараг хоёр дахин цөөлж ердөө л найман сургууль болгосны зэрэгцээ 90 гаруй профессорын багийг цомхотгон 37 тэнхим байгуулсан зэргээр доод шатандаа танаж хасаад чамгүй их цомхотгоод авсан. Тэгсэн хэрнээ толгой нь данхар хэвээрээ. Эгээ л рахиттай хүүхэд аятай турьхан хөл дээр том толгойгоо дааж ядан ганц нэг гишгэхээр зүтгэж байгаа нь багш нарт таалагдахгүй байна.
Уг нь ШУТИС-ийн хамт олны болон Эрдмийн зөвлөлийн удаа дараагийн хурлаар сургууль удирддаг нэртэй тавын таван проректор, захиргааны арав шахам газар, албадыг цөөлж, ажиллаж буй хүмүүсийг нь чадваржуулах талаар санал шүүмжлэл
гарч байсан гэнэ. Харамсалтай нь цомхотголыг доошоо хийхээс биш толгой руугаа гар хүргэх дургүй байгаа. Энэ нь ШУТИС-иас өөрсдөөс нь шалтгаалаад байгаа асуудал ч биш бололтой. Данхайсан толгойн дийлэнх нь Боловсролын сайд Л.Гантөмөр болон түүний ойр тойрныхны шахааны хүмүүс.
Хэрэв цомхотголыг дээрээ хийнэ гэвэл шахааныхан шахагдаж таарах учраас хийе гээд ч чадахгүй суугаа байж мэдэх л юм билээ. Сайд дарга нарын төлөөний хүмүүсийг ажилгүй болгосноос хэл ам багатайгаар нь багш нарыг цөөлөх бодлого барьж буй нь эцэстээ энэ сургуулийн хувь заяаг тун ч бүрхэгшүүлж мэдэхээр болоод буй ч “сайдын хүн” гэсэн том малгайтай чадваргүй дарга нар нь шийдвэр гаргагчдынхаа гар хөлийг хүлж, баглачихаад эгээ л “Халтар царайт”-ын хэлгүй Каролия шиг болгоод байгаа гэдэг үнэний ортой байж мэдэх л юм билээ.
ШУТИС-д хэрэгжиж байсан 140 шахам хөтөлбөрийг ЮНЕСКО-гийн ангилалд нийцүүлэн эрс цөөрүүлж 61 болгохдоо шинэ хөтөлбөр зохиох ажил өрнүүлэн, бүрэлдэхүүн сургууль бүрт Хөтөлбөрийн хороо гэж нэгж байгуулан ажиллуулж байгаа аж. Энэ Хөтөлбөрийн хороог удирдаж буй хүмүүсийн нэг ШУТИС-ийн Сургалт хариуцсан проректор Х.Энхжаргал л гэхэд хийх ажлаа ч бүрэн ойлгодоггүйгээс гаргасан шийдвэрүүдээсээ эргэж буцах, зарим хөтөлбөрүүдийг дур мэдэн нэмж хасах ззргээр ааш нь олдохгүй айлын авгай шиг аяглаад багш нарт жинхэнэ утгаараа зовлон болж буй гэнэ. Шаардлага тавьсан эрдэмтэн багш нарын өмнөөс “Яамнаас ингэ гэсэн. Л.Гантөмөр сайд, Насанбаяр дарга тэг гэсэн” хэмээн бусдын нэр барьж томрохдоо хүмүүсийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж буйгаа юман чинээнд тоодоггүй нь хамгийн хачирхалтай гэсэн.
Тэр ч бүү хэл сургуулийн Ректорат, Эрдмийн зөвлөлөөр оруулж батлах ёстой шийдвэрүүдийг ч дур мэдэн өөрөө гаргачихдаг аж. Эцэст нь буруу шийдвэр нь ажил болохгүй, бүтэлгүйтээд ирэхээр өнөө л сайдынхаа нэрийг барьж хариуцлагаас мултарна. Түүнээс нь болоод ШУТИС даяар Боловсролын сайд Л.Гантөмөр гэж сургуулийн академик эрх чөлөөнд халдаж ялихгүй жижиг асуудалд ч хошуу нэмж суудаг хийх ажилгүй нэгэн гэсэн тодорхойлолтыг түгээгээд буй юм билээ. Уг нь төрийн сайдад ШУТИС-ийн шинэчлэлээс гадна хийх ажил, тархиа гашилгах асуудал хангалттай арвин бий. Харамсалтай нь түүний шахсан албатууд ийн нэмэргүй хэрнээ нэрийг нь баастаж буйгаас санаачилсан шинэчлэлийнх нь нэр хүнд унаж буйг харин ойлгодог болов уу гэж эргэлзмээр.
Х.Энхжаргал гэж проректороос гадна ШУТИС-ийнхны толгойны өвчин болсон өөр нэг том дарга бий болсон нь эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Ч.Баасандаш. Түүнийг энэ ажлыг авсан цагаас хойш эрдэм шинжилгээ, инновацийн ажил нь огт бодлогогүй, ямар ч удирдлага дэмжлэггүй, урсгалаараа явж ирснийг олон багш ажилтан шүүмжилж байна. Ажлаа хийдэггүй проректорыг ажилтнууд нь байнга л эрж сурж байдаг. Тэгээд бас болоогуй ээ саяхан БНСУ-д болсон олон улсын хуралд залуу судлаачдыг ахлаж явахдаа архидан согтуурч, агсам тавьж залуу багш нараа дарамталсан нь улс дамжин яригдаж буй гэнэ.
Өмнө нь ШУТИС-тай хамтарч ажиллаад эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж нэг үгээр чамгүй сайн харилцаатай байсан хангуг нөхдийн нүд орой дээрээ гарч том дарга ингэж болдог юм байх даа хэмээн гайхаад хоцорсон төдийгүй ирж буцсан монголчуудад сонирхуулан эртэй сайхан агсам тавьдаг захирлын тухай ярьж суудаг болсон сурагтай.
ШУТИС-д хийж буй шинэчлэлийг гардах учиртай хоёр даргынх нь тухай цухасхан дуулгахад ийм байна. Тиймээс шинэчлэлтийг удирдаж дийлэхгүй шахааны хоёр хүнээ төрхөмд нь буцаахьш хамт сургуулийн удирдлага нэртэй дэндүү данхайсан бүтцийг өөрчлөх тал дээр анхаарч өгөөч гэсэн хүсэлт бүхий албан шаардлагыг тус сургуулийн эрдэмтэн багш нар тун удахгүй Л.Гантөмөр сайдад хаяглах гэнэ билээ.
М.ТУУЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ректор ч өрөвдмөөр юм билээ, эсрэг тэсрэг бодолтой өөрчлөгчдийн дунд шуудхан шийдвэр гаргахгүй, аль алинд нь тал алдахгүйь гарын үсэг нь нисээд л.