ТЕГ “ОЮУТОЛГОЙ”-гоос 130 сая ам.доллар нэхэмжилжээ
Татварын ерөнхий газар шалгалтаар илэрсэн төлөгдөөгүй татвар ба түүний торгууль болох 130 сая ам.долларыг өнгөрсөн даваа гаригт “Оюутолгой” компаниас нэхэмжилжээ.
Гэтэл “Оюутолгой”-гоос хувьцаа эзэмшдэг “Туркоиз Хилл ресурс” компани үүнийг татварын маргаан гэж үзэж байгаа бөгөөд компанийн захирал Кей Престли “Бид энэхүү торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэсэн хэдий ч энэ асуудлыг шийдвэрлэх бүхий л аргыг эрэлхийлэх болно. Хэрвээ энэ сардаа багтаан шийдвэрлэж чадахгүй бол далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд саад учирч болзошгүй” гэжээ. Харин “Рио Тинто” компани “Хэрвээ Монгол Улсын Засгийн газар татвар болон торгуулийн мөнгө хэмээн нэхэмжилж байгаагаа зогсоохгүй бол хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзэж Олон улсын Арбитрын шүүхэд хандана” хэмээн хатуухан хариу барихаа дуулгав.
Өмнө нь Канадын “Хан Ресурс” компани Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын Арбитрын шүүхэд өгч, 200 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Тус компанийн эзэмшилд байсан Дорнод аймгийн нутаг дахь ураны орд газрын хайгуулын болон олборлолтын лицензийг цуцалснаас үүдэн ийнхүү хандсан бөгөөд өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа
төдийгүй манайд ялах магадлал бага гэсэн. Тэгвэл “Оюутолгой”-н татварын асуудлаар Монгол Улсын Засгийн газар дахин
Олон улсын Арбитрын щүүхэд дуудагдаж магадгүй нь.
Сүүлийн үед “Оюутолгой”-н далд уурхайн 5.1 тэрбум амдолларын санхүүжилт зогссон нь Монголын эдийн засгийг түгжрэлд оруулаад байгаа бөгөөд үүнийг эерэгээр шийдвэрлэхийн тулд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто” компанийн удирдлагад захидал илгээж байсан юм. Гэвч түүний дараахан “Оюутолгой” компани зохион байгуулалтаа оновчтой болгох гэдэг шалтгаанаар өнгөрсөн сарын 27-ны өдөр 300 монгол ажилтнаа цомхотгосон. Одоо хэрвээ татварын асуудлыг нэг тийш болгон шийдэх нэрээр “Рио Тинто”, Туркоиз Хилл ресурс”-т буулт хийхгүй бол Олон улсьш Арбитрын шүүхэд дуудагдаж ямаан дээр тэмээний гарц болох бололтой.
Б.ДАВААТОГГОХ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: