Үүл баатрын Хүүхдийн тоглоомын талбай дээрэмдэх төсөл

9c30f74bf35bd29originalҮүл баатар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын хэрэгжүүлж буй “Гудамж” төсөл гэж нэг томоос том луйвар байна,аа. Хамгийн сүүлд гэхэд “Их тойруу” хэмээх төсөл хэрэгжүүлж байгаа юм байх. Энэ төслийн агуулга нь их сонин. Хүүхдийн тоглоомын талбай дээрэмдэх төсөл аж. Тодруулбал Баянзүрх дүүргийн XIII хорооллын VI байрны дэргэдэх Хүүхдийн тоглоомын талбайг аанай л өнөөх дээрмийн зангаараа булааж авахаар хашаа хатгаад эхэлжээ.

     Уг үйл явдал нь өнгөрөгч баасан гариг буюу зургадугаар сарын 20-ны өдөр болжээ. Гэнэт л оршин суугчдыг мэдээгүй байхад хашаа хатгаад эхлэхээр нь чухам юу болж байгаа талаар тодруулахад хашаа хатгагчид “Энэ газарт хоёр давхар гараж барина. Хотын захиргаанаас ийм үүрэг өгсөн” хэмээжээ. Тэгэхээр нь тус байрны оршин суугчид “Бидний зөвшөөрөлгүй Хүүхдийн тоглоомын талбайд халдаж болохгүй. Үүнийг урьд өмнө тодорхой хөрөнгө зарж, тохижуулсан” гэвэл бид оршин суугчдаас санал асуулга авч зөвшөөрсөн шахуу зүйл ярьжээ. Гэтэл үнэн хэрэгтээ хотын захиргаа тус байрны СӨХ хашаа хатгахын урьд өдөр буюу өнгөрөгч пүрэв гаригт оршин суугчдын дунд санал асуулга явуулсан болж жүжиг тавиад ийнхүү маргааш нь хотын Засаг даргын захирамж шийдвэр гарсан байх юм. Ямар ч хурдан шуурхай шийдвэр вэ. Тэдний луйвар ийн гэрлийн хурдаар явагдаж байгааг тус байрны оршин суугачид шогширч байна. Учир нь СӨХ-ны удирдлага нь танил тал хэдхэн хүмүүсийн дунд луйврын санал асуулга шиг зүйл явуулж албажуулсан бололтой юм. Одоо бүр хуурамч албан баримттайгаар луйвар хийдэг болсны томоос том жишээ энэ.

     Ингээд арга мухардсан оршин суугчид СӨХ-ны даргадаа хандвал “Та нар битгий олон юм яриад бай. Хэрвээ ажилд саад болж, олон юм яриад байвал арга хэмжээ авна шүү” гэх мэтээр далайлгажээ. Оршин суугчид мөн л арга зам хайж Хотын харъяа Хот төлөвлөлтийн газар руу утсаар холбогдож учир байдлаа хэлбэл “Хашаа хатгаж байгаа бол та нараас одоо санал асуулга авах гэж байгаа хэрэг” гэх мэтээр учир битүүлэг хариу өгөөд сураг тасарчээ.
      Чингээд албаны хүмүүсийн ярьж байгаагаар бол хоёр давхар гараж бариад дээр нь тоглоомын талбай байгуулах юм гэнэ. Үүн шиг үлгэр байхгүй. Цөөн хэдэн хүн, нэг бүлэглэлийн бизнес гэдэг нь эндээс харагдана. Тэнд байгаа Хүүхдийн тоглоомын талбайг мөнгө болгож харсан хэдэн нөхөд л гараж барьж бизнес хийх гэсэн арга гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үүнийгээ харин наадмын уухай дөхөж, ерөнхийдөө хүмүүс амарч, баяр ёслолын байдалтай байгаа үед хашаагаа хатгаад улмаар наадмын өдрүүдэд тоглоомын талбайг трактораар түрээд хаячихна гэсэн санаа байхаас хаа зайлах вэ. “Чоно борооноор” гэдэг шиг “дээрэмчид” маань ийн баяр наадмын үеэр далимдуулахаар улайрч байна.
Бизнесмэнүүд, жижиг албан тушаалтнууд ч түүний хаялга энэ тэрийг бодож улайрдаг л байх. Хамгийн гол нь нэгэн насыг ардчиллын үйл хэрэгт зориуллаа хэмээн цээжээ дэлддэг Үүл баатар маань яагаад бяцхан иргэдийнхээ эрхэнд халдаж, оршин суугчдын газрыг дээрэмдээд байна вэ. Ерөөсөө сүүлийн үед хэрэгжиж байгаа төсөл нэрийн дор шууд л дээрэм явагдаж байгааг бид өдрөөс өдөрт олноор харах боллоо. Тэгэхээр Үүл баатар энэхүү захирамжаа буцаахгүй бол оршин суугчид тэмцэнэ гэдгээ хатуухан сануулсан юм.
С.Баяр

URL:

Сэтгэгдэл бичих