САРАНГЭРЭЛИЙГ ӨМНӨ НЬ МӨС ХЭРЭГЛЭЖ БАЙСНЫГ БАТАЛБАЛ БИ ӨМГӨӨЛӨГЧӨӨСӨӨ ТАТГАЛЗАНА
Хар тамхины хэргзэр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.
-Хар тамхины хэргээр саатуулагдаж байгаа Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр ажиллаж эхлэх үед аав нь эодсон гэсэн?
-Би Сарангэрэлтэй хамт шалгагдаж байсан өӨр нэг охины хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Тэр уед Сарангэрэл намайг өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргасан. Түүний дагуу өмгөөлөгчийн ажиллагаа хийж байгаа. Энэ хугацаанд үйлчлүүлэгч маань аавтай уулзчихаарай гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд аавтай нь уулзахад хажууд нь нэг хүн согтуу ирсэн байсан. Тэгээд тэр хүнтэй үл ойлголцсоноос ийм мэдээлэл гарсан байна лээ. Түүнээс биш сүртэй зодоон цохион гарсан асуудал байхгүй. Энэ хэрэг дээр надаас гадна хоёр өмгөөлөгч ажиллаж байгаа.
-Сарангэрэл батлан даалтанд гаргах хүсэлт гаргасан юм уу?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 96.3-т заасны дагуу ирэх сарын эхээр суллагдаж, гадуур байцаагдана.
-Энэ хэрэг шүүх рүү шилжсэн үү. Ямар зүйл ангиар буруутгаж байгаа вэ?
-Сарангэрэлийн хэрэг шүүх рүү шилжсэн. Хэзээ болох нь тодорхой бус байгаа. 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд орж байгаа.
-Биеийн байдал нь ямар байгаа вэ. Өлсгөлөн зарласан гэсэн?
-Биеийн байдал нь сайнгүй байгаа. Бөөр болон нуруу нь өвддөг. Тиймээс хорих ангийн эмчид үзүүлэх хүсэлт гаргаад байгаа.
-Энэ хэрэгт хэдэн хүн холбогдож байгаа вэ. Сарангэрэлээс гадна гурван охин холбогдож байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Хэд хэдэн хүн холбогдож байгаа. Эдгээр хүмүүсийг ямар байдлаар холбогдож байгааг хэлэх боломжгүй.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сарангэрэлийг дарамталсан гэж байгаа. Ямар шалтгаанаар дарамталсан бэ?
-Энэ сарын 06-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ганцхудагт очсон байгаа. Энэ нь ШШГЕГ-ын эргэлтийн тэмдэглэгээгээр нотлогдоно. Энэ талаар Сарангэрэл өөрөө надад бичиж өгсөн. Баасанхүү намайг даапаалж байгаад явлаа. Чи энэ өмгөөлөгчийг яаж олж авсан юм. Тэмүүжинтэй унтаж хэвтсэн үү, хар тамхи татдаг биз дээ. Тэрийгээ бичиж өг гэж хэлсэн байна лээ. Энэ хүн өөрийгөө цагаатгах талын юмыг хийгээд байна.
О.Баасанхүүгээс арван тэрбум хүртэлх төгрөг нэхэмжлэх боломжтой гэсэн мэдээлэл гарсны дараа манай зүгээс хийх үйлдлээс болгоомжлох зорилгоор О.Баасанхүү өөрийгөө цагаатгах зорилготой очсон. Тэрнээс гуравдугаар сарын эхээр л Сарангэрэл “Миний талаар янхан, хар тамхичин гэсэн сөрөг мэдээлэл гаргахаа болиод ирж уулзана уу” гэсэн агуулгаар хүсэлт гаргасан байсан. Тэгэхэд очихгүй байж байснаа нэр төр, алдар хүндийн хохирол яригдахаар очиж байгаа юм. Очихдоо “Чи намайг дийлэхгүй. Чам шиг хоригдол дээр УИХ-ын гишүүн ирж байгааг аз гэж бодох хэрэгтэй. Түүхэндээ анх удаа УИХ-ын гишүүн ирж байна. Чи нэгэнт хар тамхи татсан юм чинь ялаа авах нь ойлгомжтой шүү дээ” гэж хэлсэн байгаа. Энэ нь шүүх таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байгаа. Энэ үйлдэл нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14, 17 буюу хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг дарамтлах, Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 11.1, 13.7 дахь хэсэг, Хүний нэр төр, алдар хүндийг дээдэлнэ гэсэн хүний эрхийн зөвлөмж байгаа.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны журмын 13,14-т айлган сүрдүүлэх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг дарамтлах зэргийг хориглосон байдаг. Тэгтэл дээр дурьдсан зүйл заалтуудыг зөрчсөн. Баасанхүүгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулинд хувь хүний нууцыг задруулах гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хувь хүний нууцад халдсан. Хууль зүйн байнгын хороон дээр “Чи хар тамхичин, янхантайгаа тэмцэж чадахгүй байж, чи биөэ үнэлэгчтэй унтдаг биз дээ” гэж хэлж, бусад руу дайрч байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад тэр хүнийг ингэж гутаан доромжлох эрх байхгүй. Ер нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон байсан ч тэр хүний нэр төр, алдар хүндтэй хамааралтайгаар энэ мэдээллийг гаргахгүй.
Гаргахаар бол хязгаартайгаар гаргадаг. Гаж донтон, маньяак байсан ч гэсэн тэр хүнд болон бусад хүнд амьтнаас ялгарах ганц шинж байдаг. Тэр нь нэр төр, алдар хүнд. Энэ бол хүний жам ёсны язгуур эрх ашиг. Хүн үхэн үхтлээ нэр төр, алдар хүндээ хамгаалж, өндөрт өргөхийн төлөө, бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулахын төлөө явдаг. Тэгтэл энэ эрхийг Баасанхүү өөрийн албан тушаал, хувийн амбицыг ашиглан бүдүүлгээр зөрчиж байгаа. Энэ үйлдэл дээр нь энэ сарын 09-ний өдөр МАХН-ын УЗ, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүсэлт гаргасан.
-Ямар хүсэлт гаргасан бэ?
-Энэ хүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж өгөөч ээ. О.Баасанхүү ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь УИХ-ын Эрхзүйн байдлын тухай хууль ёсзүйн дүрмийг зөрчиж байна. МАХН шударга ёсыг дээдэлдэг бол О.Баасанхүү гишүүнийг 2012 оны долдугаар сард томилсон тогтоолын О.Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Саналыгтав хоногийн дотор өгөх хүсэлт гаргасан. Одоо хүртэл хариу ирээгүй байна.
-Баасанхүү гишүүн дарамтлаагүй гэж байгаа. Харин Сарангэрэл нь дарамталсан гэж байгаа. Хэнийнх нь үнэн гэдгийг нотлох боломжтой юу?
-Тухайн үйл ядвал болсон газарт би байгаагүй. Үүнийг хоорондоо ярилцагч хүн гэрчилнэ. Сарангэрэлийн өөрийнх нь бичиж өгсөн баримт надад байгаа. О.Баасанхүү гишүүн намайг элдэв янзаар дарамталсан гэсэн гарын үсэгтэй бичиг байгаа. Тэрээр Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг танихгүй нэг ч уулзаж байгаагүй гэж байгаа.
-Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийхдээ Тэмүүжин сайдтай ярьж, мессэж бичсэн байсан гэсэн мэдээллийг өгч байсан?
-Тухай нөдрөө 40-70 удаа залгасан гэсэн барин тавин мэдээллүүд явдаг. Мөн Сарангэрэлийг мөс хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гээд байгаа шүү дээ. Цагдаа нарын хувьд саатуулагдсан иргэнд даруй таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Тийм байхад Сарангэрэл тэр хүмүүсийн дэргэд утсаа аваад Тэмүүжин сайд руу дөчин удаа залгах ямар ч боломжгүй. Ингэж олон залгасан асуудал бодит байдалтай нийцэхгүй байгаа.
-Тэгэхээр өмнө нь нэг ч удаа уулзаж байгаагүй гэсэн үг үү?
-Нэг ч удаа уулзаж байгаагүй гэдгээ баталгаатай хэлж байгаа.
-Сарангэрэл мансууруулах бодис, хар тамхи тогтмол хэрэглэдэг үү?
-Тухайн хүмүүсийг баригдсан даруйд шингэн болон цусны шинжилгээ авч хэрэглэсэн үгүйг нотолдог юм. Мансууруулах төрлийн бодис бол илэрсэн. Тэгэхдээ мансууруулах төрлийн бодис, хар тамхи гэдэг нь хоёр өөр ойлголт. Хар тамхи бол геройн, марихуан, гашиш гээд хүний сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг, хуулиар хориглосон, хаана ч худалдаалдаггүй бодис. Тэгтэл өвчин намдаах диклоденк, мөс нь мансууруулах төрлийн бодис, эмчийн зөвшөөрөлөлтэйгөөр эмийн сангуудад худалдаалж байгаа. Үүнийг хар тамхи гэж буруу зарлаад байгаа. Сарангэрэлийн хувьд эхний бөгөөд эцсийн удаа мөс хэрэглэсэн. Урьд нь хаана ч хэрэглэж байгаагүй. Хэрэв өмнө нь хэрэглэж байсныг баталбал би өмгөөлөгчөөсөө татгалзаж болно.
-Шүүхээр Сарангэрэл буруугүй гэдэг нь тогтоогдвол нэр төрийг нь сэргээх боломжтой юу?
-Хар тамхи хэрэглэхийг таслан зогсоох нь нийгмийн амин чухал хэрэгцээ. Тэглээ гээд хүмүүсийг хэлмэгдүүлэх, нэр хүндийг нь гутаан доромжлох үйл ажиллагаа явуулж болохгүй. Нэг хүний санамсар болгоомжгүй эсвэл санаатай үйлдлээс болж гаргасан алдааг насан туршийнх нь хар толбо болгож болохгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд нэг удаагийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээсээ болоод насан туршдаа адлагдах болж байна. Одоо энэ охиныг гаргачих юм бол хэцүү л дээ. Амиа хорлочих ч юм бил үү, яачих ч юм билээ. Өнөөдөр түүнийг хүн болгон таньж байна, сургуульд орох, карьер хөөх, нөхөрт гарах боломжгүй болгочихлоо.
-Д.Батдэлгэрийн хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Саяхан Дээд шүүх дээр хэргийг хэлэлцээд шийдвэрийг Д.Нямхүүгийн талд гаргасан байгаа. Энэ талаар?
-Энэ хэрэг гурван шатны шүүхээр яваад Д.Нямхүүгийн талд гаргасан байгаа. Д.Нямхүү бол зээл чөлөөлөх эрхгүй этгээд. Гэтэл хоёр байрыг нь авчихсан. Энэ хүнийг хог дээр гаргаад, байрнаас нь албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан. Одоо энэ хүн Цагаан давааны хогийн цэг дээр амьдарч байгаа. Д.Нямхүү эхлээд би байрыг нь худалдаж авсан гэж дайраад байснаа дараа нь байрыг нь чөлөөлж өгсөн гээд өөр зүйл ярьсан байдаг. Байрыг нь чөлөөлсөн гэж ярьсан энэ нотлох баримт нь шинээр илэрсэн нөхцөл байдал гээд Дээд шүүхэд хандахад хүсэлтийг нь хүлээж авсангүй.
-Батдэлгэр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өөрийнхөө цусыг ханаж, амиа хорлохыг завдсан. Биеийн байдал ямар байгаа вэ?
-Биеийн байдал нь хүнд байгаа, Их хэмжээний цус алдсан. Энэ хүн бухимдсандаа өөрийгөө хорлохыг завдсан. Одоо Батдэлгэрийг өөрийнхөө амийг хорлох гэсэн асуудлаар шалгаж байгаа.
-Шүүх хурлын ажиллагаан дээр шүүгчид үзэмжээр хандаж байна гэсэн асуудал яригддаг. Энэ талаар?
-Ер нь шүүгчдийн ачаалал маш их байгаатай холбоотой юм. Мөн тойргийн системд орсонтой холбоотой гурван дүүрэгт нэг шүүгч ногдож байгаа. Энэ их ачааллаас үүдээд шүүгчид зарим хэрэг дээр сайн ажиллаж, учир зангилааг нь гаргахгүй шууд шийдвэрлэж байна.
-Өршөөлийн тухай хуулийг ерөнхий прокурор нэлээд эсэргүүцэж байсан. Харин та өмгөөлөгч хүний хувьд Өршөөлийн хуулийн асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь Өршөөлийн хууль байнга гарах шаардлагагүй юм. Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа бүх субъетыг судлаж үзэх хэрэгтэй. Нэг талаар энэ хууль баталснаар гэмт хэрэг хийсэн этгээд ял завших тохиолдол нэлээд гарна. Мөн гэмт хэргийн хууль батлагдах гэж байгаа учраас гэмт хэрэг хийсэн ч яахав, Өршөөлийн хууль батлах гэж байгаа гэсэн хандлага бий болж байна. Энэ хууль батлахаас илүүтэй бүх эрсдэлийг тооцож гаргах хэрэгтэй юм. Ер нь Өршөөлийн хуулийг ойр ойрхон батлаад байдаг зүйл биш.
Н.АЛТАНЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: