Хурган дарга нарын хуудуутай үйлдэл төрийн бодлогыг шороотой хутгаж байна

8Дарга даамлынхаа нэрийг барьсан хууль завхруулагч, дээрэм тонуулчин шиг авир гаргагчдын балаг ер тасрахгүй юм аа. Төрийн тэргүүнээсээ эхлээд ухаалаг төрийг бий болгох тухай хичнээн онолдов ч яг хөрсөн дээрээ юу болдгийг ачааны хүндийг үүрч яваа жирийн иргэн, дарамтын ихэнхийг амсч буй бизнесмэнүүд л үнэн төрхийг илчилнэ. Гэхдээ тэд хурган дарга нарын ая эвийг олох гэж бичиг цаас нааш цааш нь шидэлцсээр баахан хугацаа алдах нь хэвийн үзэгдэл. Энэ бол төрийн дунд шатанд бугшсан дарга сэтэрт этгээдийн ажлаа хэрхэн хийдгийг харуулсан нэгэн жишээ юм. Ингээд олон юм нуршилгүйгээр баримт дурдан өгүүлье. Энэ бол нийслэлийн газар, хэлтсийн дарга нартай холбоотой асуудал.

Сонгинохайрхан дүүргийн VII хорооны хуучин барилгыг анх 2002 онд үйлдвэрлэл, худалдааны “Ган хийц” ХК барьж ашиглалтад оруулсан түүхтэй юм билээ. Ингээд олон жилийн ашиглалтын явцад тус хорооны барилга эдэлгээ нь муудаж улмаар хороо, өрхийн эмнэлэг зэрэг нь нэг дор байх шаардлагатай гэх нийслэлээс барьж буй бодлогын дагуу Сонгинохайрхан дүүргийн VII хороонд шинээр барилга барих шаардлага гарчээ. Энэ дагуу 2010 оны арванхоёрдугаар сард тус хорооны шинэ барилгыг ашиглалтад хүлээн авсан байна. Тэгэхээр үндсэндээ тус дүүргийн VII хороо нь өрхийн эмнэлэг гэх мэт иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх цогцолбор шинэ байртай болсон гэсэн үг. Нэгэнт анхнаасаа “Ган хийц” ХК хорооны барилгыг барьж өгсөн учраас буурин дээрээ үлдсэн хуучин барилгыг ашиглах талаар тухайн үеийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод хандан албан хүсэлт илгээсэн аж.

Ингэхдээ энд төрийн анхан шатны үйл ажиллагаа явуулахгүй болсон учраас олон нийтэд зориулсан үйл ажиллагаа буюу Сонгинохайрхан дүүргийн ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын амралт чөлөөт цагийн төв, МУЗН-ийн салбар хороог байгууулах, 20 хүртэлх насны хүүхэд залуусын интернэт сургалт, үйлчилгээний танхим, хүүхэд залууст зориулсан бүжгийн заал зэргийг ажиллуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мэдээж төрийн мэдлийн барилгыг ашиглаж байгаа учраас эзэнгүй үлдсэн тус объектын ашиглалтын зардлыг хариуцан улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрүүлэх зарчмаар түрээсийн үйл ажиллагаа явуулж тус барилгатай холбоотой халаалт, цахилгаан, харуул хамгаалалтын зардлыг тус компани хариуцан ажиллаж эхэлжээ. Ингээд дээрх үйл ажиллагааг явуулахаар хоёр талаас харилцан тохиролцож гэрээг 2011 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр тухайн үеийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Эрдэнэчулуунтай таван жилийн хугацаатай байгуулсан байна.

Хоёр тал тохиролцсон ёсоор түрээсийн төлбөр нь сар бүр 100 мянган төгрөг байх агаад жилд нэг удаа энэхүү төлбөрөө барагдуулж төрийн санд төвлөрүүлж иржээ. Нэгэнт дүүргийн мэдлийн өмч учраас анх гэрээ байгуулснаас жилийн дараа дүүргийн ЗДТГ-ын хүсэлтээр түрээсийн хөлсийг нэмэгдүүлэх хүсэлтийг “Ган хийц” ХК-д тавихад нааштайгаар шийдэж нэг сарын 120 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Ийнхүү нэгэнт ашиглалт, хамгаалалтгүй болсон төрийн өмчийг хувийн хэвшил хөрөнгө, хүч гарган засварлаж 13 гаруй сая төгрөгийн их засвар хийж ёстой л айлын дайтай айл болгосон гэхэд болно. Ийнхүү хэдэн арван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа учраас хууль номынхоо дагуу тухайн үеийн дүүргийн Засаг дарга Ц.Болдод хандан нийслэлийн Өмчийн харилцааны газраас зохих зөвшөөрөл авч өгөхийг хүссэн албан тоот илгээсэн юм билээ. Гэтэл энэ албан тоотын хариуд тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах уг барилга нь нийслэлийн өмчид бүртгэлгүй харин дүүргийн өмчийн балансад байгаа тул дүүрэг хэрхэн ашиглахаа мэднэ гэсэн аж. Тэгэхээр Орон нутгийн өмчийн тухай холбогдох хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу нэгэнт захиран зарцуулах эрх дүүргийн мэдлийнх учраас ЗДТГ-тай харилцан тохиролцож түрээсийн үйл ажиллагаа явуулжээ.

Харин хуучин хорооны Засаг даргын ажлын албаныхан шинэ сайхан байртай болсон учраас хуучин барилгынхаа хамаг өнгөтэй өөдтэй бүхнийг хамж аваад явсан гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу.

Багталцахгүй болтлоо өргөжсвн төрийн албан хаагчид түрээсийн байранд санаархсан нь
Ингэж хэлэх үндэслэлтэй. Учир нь 2012 онд болсон орон нутгийн сонгуулиар засаг төр солигдсон. Дөрвөн жилийн настай төрийн эрх барих байгууллага солигдож дээр, доргүй бужигналдсан даа хөөрхий. Ингээд 2013 оны тавдугаар сарын 23-нд одоогийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд бүтцийн өөрчлөлт болсонтой холбоотойгоор шинэ хэлтэс, тасаг нэмэгдсэн учраас ажлын байр хүрэлцэхгүй байгаа  тул VII  хорооны хуучин байранд зарим газар, хэлтсийг оффисжуулах сэдэл олсон байна. Ингээд “Ган хийц” ХК-д түрээсийн гэрээгээ цуцлах албан тоот илгээжээ. Гэхдээ энэхүү албан тоотоо дүүргийнхээ Аж ахуйн тасгийн дарга Д.Пүрэвсүрэн гэх хүнээр албажуулсан байх юм.

Гэрээ цуцлах уг мэдэгдэлдээ тус компанийн түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа VII хорооны барилгыг шинэ бүтцээр байгуулагдсан хэлтэс, тасгуудад ашиглуулах шаардлага гарсан тул 2013 оны эхний таван сарын түрээсийн төлбөр 600 мянган төгрөгийг дүүргийн төсөв барагдуулаад мөн оныхоо зургаадугаар сарын 01-ний дотор суллаж өгөхийг шаарджээ. Мэдээж төрийн үйл ажиллагаа явуулах гээд багталцахгүй байгаа бол дүүргийн мэдлийн өмчийг хүлээлгэж өгөх нь зүйн хэрэг л дээ. Гэхдээ Засаг даргын өмнөөс Аж ахуйн албаны дарга нь албан бичиг үйлдэнэ гэдэг хууль зөрчсөн хэрэг юм. Уг нь бол Орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтаар бол аливаа өмчийг захиран зарцуулах эрх нь тухайн дүүргийн ИТХ-ын мэдэлд бий. Гэтэл энэ хуулийн заалтыг зөрчсөн байгаа юм. Тэгэхээр Аж ахуйн албаны дарга Д.Пүрэвсүрэн уг албан тоотыг илгээх эрхзүйн хувьд үндэслэлгүй гэсэн үг. Тэгээд ч анх гэрээ байгуулахдаа дүүргийн ЗДТГ-тай харилцан тохиролцсон байдаг. Хууль зөрчсөн эхний алдаа нь энэ. Эндээс хоёр талын маргаан цаашид үргэлжилнэ.

Хорооны барилгыг ашиглах зориулалт гэнэт өөрчлөгдөв
Анх тохиролцсон түрээсийн гэрээ цуцлах талаар хоёр тал бичиг цаас шидэлсээр байтал даруй нэг жилийн хугацаа өнгөрчээ. Ингээд энэ оны гуравдугаар сарын 05-ны өдөр дүүргийн Засаг дарга М.Чинболд “Ган хийц” ХК-д албан бичиг хүргүүлсэн байна. Үүндээ, “Тус компанийн түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа VII хорооны хуучин барилгыг буулгаж суурин дээр нь 120 ортой хүүхдийн цэцэрлэг барихаар 2014 оны улсын төсөвт хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн байна. Тус барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй тул эдийн засгийн үр ашгийг тооцон дахин төлөвлөлтөд оруулах нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2013 оны нэгдүгээр сарын 15-ны 02-01 -90/1106 тоот дүгнэлт гарсан билээ.

Мөн нийслэлийн Засаг даргаас тус газарт барих цэцэрлэгийн зураг төсвийн ажил дуусч, худалдан авах ажиллагааг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан цэцэрлэг барих газрыг яаралтай чөлөөлж өгнө үү” гэжээ. Мэдээж ирээдүй хойч үеийнхээ төлөө хийх гэж байгаа бүтээн байгуулалтын ажилд хэн ч дургүйцэхгүй. Харин ч тус хороонд нэг ч цэцэрлэг байхгүй учир сурч боловсрох эрхээ төрийн буруутай үйл ажиллагаанаас болж зөрчүүлж байгаа үр хүүхдийнхээ төлөө нэг барилгыг булаацалдаад суух ёс зүй хэнд ч байхгүй нь тодорхой. Гэсэн ч нэгэнт 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж сайхан барилга болгосон учраас “Өө тэг тэг” гээд хэн ч гараад явчихгүй нь ойлгомжтой. Ер нь бол бизнест хөрөнгө оруулалт хийсэн хүн бүрийн л хийсэн ажилдаа, бүтээсэн үйлдээ гаргадаг зан байх. Тийм ч учраас анх ямар барилга хүлээж аваад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн түүнийгээ нөхөн олговор байдлаар авахыг “Ган хийц” ХК-ийнхан хүссэн байна.

Тэгээд ч гэрээнд хоёр талын эрх, үүргийг тодорхой заасан байдаг билээ. Энд бас нэг ойлгомжгүй асуудал үүссэн нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлт байгаа юм. Байцаагчийн гаргасан дүгнэлтэд бол дээрх барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн. Гэтэл VII хорооны хуучин барилгыг “Ган хийц” ХК ашиглаж эхлэснээс хойш 80 гаруй сая төгрөгөөр засвар хийсэн байдаг. Юун ашиглалтын шаардлага хангахгүй, харин ч барилгын салбарын сүүлийн үеийн модон хийц, өөрийн брэнд болсон төмөр хашаа, тоосго, төмөр дээвэр гээд стандартын шаардлага хангах бүхий л материалаар өнгө үзэмжийг нь сайржуулж тохижуулсан юм билээ.

Хэрэв энэ талаар мэдэхийг хүсвэл тус хорооны иргэд болоод засвар үйлчилгээ хэрхэн хийсэн талаархи дэлгэрэнгүй тайлбар нь холбогдох газруудад хүргүүлсэн гэдэг. Тэгэхээр дээрх дурьдсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч энэ барилга дээр, газар дээр нь очиж танилцаагүй байж хуурамч дүгнэлт гаргасан болж таарах нь ээ. Энэ бол хоёр дахь хууль зөрчсөн үйлдэл нь юм. Мөн бас нэг анхаарал татсан асуудал байгаа нь барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн явдал. Уг нь холбогдох хуульд барилга барихдаа эхлээд ерөнхий төлөвлөгөө, зураг төсөв, техникийн нөхцөл, улсын төсөвт хөрөнгийг нь суулгах, сонгон шалгаруулалт зарлах гэх дараалалтай явдаг дүрэмтэй. Гэтэл төрийн нэрийг л барьж байвал холбогдох хууль тогтоомж хэнд хамаатай юм бэ гэсэн байдлаар хандах нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.

Нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчжээ
Хувийн хөрөнгө оруулалтаар их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн хэл амтай дээрх объектыг авахаар санаархаж нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж байна. Ингэхдээ нийслэл, дүүргийн удирдлагуудын нэрийг барьж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын байцаагч Н.Гантуяа, Н.Баярсайхан нар. Тэд чухам ямар хууль бус үйлдэл гаргасныг дор сийрүүлье.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа нь VII хорооны Засаг даргаар ажиллаж байсан юм билээ. Тэгэхээр уг хорооны барилга ямархуу байр байдалтай байсан гэдгийг харин ч хамгийн сайн мэдэх хүн. Шинэ барилгатай болонгуутаа хуучин барилгаа ёстой балгас болгоод явсан гэдэг. Ёстой терийн өмчид хоноцын сэтгэлээр хандаж арчлалт хамгаалалтад огт хайхрамжгүй хандаж ирчихээд Засаг даргын орлогч болохоороо төр юмаа мэдэж байна хэмээн авирлах нь утгагүй хэрэг. Харин ч балгас болгоод явсан барилгыг нь засч сайжруулаад олон хүний хөл дарагдсан хэвийн үйл ажиллагаатай болоод ирэхээр буулгаж сүйтгэнэ гэдэг бол эрүүл хүний санаанд багтамгүй хэрэг.

Тэр бүү хэл зүв зүгээр үйл ажиллагаа явуулж байсан барилгыг нэг өдөр ирээд баахан үл таних хүмүүсээр буулгуулж сүйтгэсэн төдийгүй хамаг өнгөтэй өөдтэй бүхнийг ачиж аваад өөрийнхөө хашаанд хураачихсан гэвэл төрийн жинхэнэ албан хаагчийн хийх ёс зүйтэй холбоотой асуудал. Энэ үйлдлээрээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа нь төрийн нэрээр дээрэм хийсэнтэй ялгаагүй болж байгаа юм. Ер нь төрийн ч бай, хувийн ч бай хүний өмчид дээрэмчин тонуулчин шиг хандана гэдэг юу гэсэн үг вэ. Бид чинь хууль, дүрэмтэй улсад амьдарч байгаа юм байгаа биз дээ. Үнэхээр хэл амаараа ойлголцож болдоггүй юм бол хууль шүүхийн байгууллага гэж байна шүү дээ. Явдаг дүрэм журмынхаа дагуу шийдэх хэрэгтэй.

Яг үнэндээ өнөөдөр манай дунд шатны хурган дарга нарын энэ мэт ёс бус үйлдэл зөв бодлого гаргасан дээд шатны албан тушаалтнуудынхаа нэрийг шороотой хутгаж байгаа гэдгийг энд онцгойлон хэлье. Хэн хүнд таалагдах гэж мөрөөрөө татвараа төлөөд ажлаа хийж яваа жирийн иргэд, бизнесмэнүүдийг хэлмэгдүүлж ирсэн увайгүй үйлдлээ одоо зогсоох цаг болсон. Ямар сайндаа, бизнес эрхлэгчид арга барахдаа хэдэн цаас атгуулж байж ажил бүтээдэг гэдэг бол үнэн шүү дээ. Тэд ийм увайгүй үйлдэл гаргадаг учраас төрийн үйлчилгээг ухаалаг болгоё хэмээн лоозогнох вэ дээ. Бас тэр Өмч, газрын харилцааны байцаагч Н.Гантуяа, Н.Баярсайхан нар. Хэдийгээр дүүргийн өмчид бүртгэлтэй ч гэлээ түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн үйл ажиллагааг нураах эрхийг хэн тэдэнд өгсөн гэж.

Харин ч хууль номынхоо дагуу ажилла гэж татвар төлөгчид цалинжуулж байгааг бүү умарт. Нэг талаар энэ маргаан төр, хувийн хэвшил хоёрын маргаан мэт боловч цаад утгаараа бол төрийн нэрийг барьсан хэсэг нөхдийн ёс зүйгүй үйлдэл. Бас нөгөө талаас үнэхээр сургууль, цэцэрлэг шаардлагатай учраас газар олдохгүй болохоор нь дуртай газраа очоод дарга нарынхаа нэрийг барьж өөр нэг хэсгийг хэлмэгдүүлдэг гаж үзэгдэл. Энэ үйлдлээрээ тэд их сайн ажил хийсэн хүн болж харагдах гэсэн ч юм бил үү.

Холбогдох хуулиудыг бас л зөрчсөн
Дээр дурьдаад байгаа “Ган хийц” ХК-ийн түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан Сонгинохайрхан дүүргийн VII хорооны хуучин барилга нь тус дүүргийн балансад бүртгэлтэй юм билээ. Үүнийг нотлох баримтууд нь бий. Гэтэл нийслэлийн Засаг даргаар 2014 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/275 тоот захирамж гаргуулжээ. Энэ нь Орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1,2 дугаар заалтыг зөрчсөн байгаа юм. Яахаараа дүүргийн өмчийг хотын дарга актлах гэж. Энэ бас ойлгомжгүй.

Түүгээр ч зогсохгүй нийслэлийн  өмчид  бүртгэлгүй объектыг Нийслэлийн Өмч, газрын харилцааны дарга Ш.Төмөрбаатарт бүртгэлээс хасах асуудлыг даалгасан нь учир дутагдалтай. Өмнө нь нийслэлийн бүртгэлд байхгүй гэсэн албан тоот илгээчихээд байхгүй зүйлээ бүртгэлээс хасна гэж юу ч байх билээ. Мөн дээрх барилгыг 2002 онд “Ган хийц” ХК барьж ашиглалтад өгсөн төдийгүй 2011 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн VII хорооны Засаг даргын ажлын алба үйл ажиллагаа явуулж байгаад шинэ байр руу нүүсэн. Нэгэнт хороо шинэ байранд орсон учраас тус дүүргийн ЗДТГ-аас хуучин барилгын өнөөдрийн байдалд дахин үнэлгээ хийж 66.8 сая төгрөгөөр үнэлэн “Ган хийц” ХК-д барилгыг ашиглах, түрээслэх ажлыг зохион
байгуулан таван жилийн хугацаатай гэрээ хийсэн.

Тэгэхээр дүүрэг өөрийн өмчөө захиран зарцуулах эрхээ эдэлж байгаагийн хувьд шууд гэрээ байгуулан жил бүр 1.2 сая төгрөгийг түрээсийн төлбөрт авч байжээ. Одоо асуудал  болоод хэл ам дагуулаад байгаа зүйл бол дүүргийн ИТХ-ын буюу эрх
бүхий байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр үүссэн өмчийн маргаан юм.

Гэхдээ “Ган хийц” ХК нь уг барилгыг дүүрэгт өгөхгүй гээгүй гэдгээ хэлж байна. Асуудлын гол нь балгас байсан барилгыг засварлахад оруулсан хөрөнгө оруулалтаа улсаас буцааж олгохыг л хүсч буй юм. Тэд тус барилгад 80 гаруй  сая  төгрөгийн  их
засвар хийсэн гэдгээ баримт нотолгоотойгоор холбогдох газруудад хүргүүлсэн юм билээ. Гэтэл юм хийж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг дээрх мэт үйлдлээр төрийн нэр барьсан хурган дарга нар бантанг нь хутгаж байгаад л хэргийн учир байгаа юм.

 

П.Дөлгөөн /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих