Иргэдийн нарладаг талбайг сүтгэн барилга барихаар санаархжээ

5Баянгол дүүргийн XVIII хорооны нутагт байрлалтай 18,18 А, 67 дугаар байрны оршин суугчдын төлөөлөл болон, “Олон нийт-Иргэний хяналт” ТББ-аас өчигдөр мэдээлэл хийлээ. “Монгени” цогцолбор сургуулийн орчим дахь нийтийн эзэмшлийн талбайд Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Амгалан барилга барина хэмээн гурван сүүдрэвч, усан оргилуур, цэцгийн мандлыг нь сүйтгэн 14 сая төгрөгийн хохирол учруулжээ. Тиймээс иргэн Б.Амгалангийн эзэрхийллийг зогсоохын тулд хэвлэлийнхэнд хандаж буйгаа хуралд оролцогчид хэлсэн юм.

Баянгол дүүргийн 67 дугаар байрны оршин суугч Б.Цэвэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Тус нийтийн эзэмшлийн талбайд ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ?
-Урьд нь энэ талбайн газар хогоор дүүрсэн далан байсан. Үүнийг “Монгени” сургуулийн санаачлагаар засч, даланг нь шороогоор дүүргэн тэгшилсэн. Тиймээс тус далангийн дэргэд байрлах 18, 18А, 67 дугаар байрны оршин суугчид, сургуулийн удирдлагуудтай хамтран нийтийн эзэмшлийн талбай бий болгохоор нэгдэн ажиллаж, тухайн үед УИХ-ын гишүүн байсан С.Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Н.Энхбат нарт хандсан юм. Тэдний санхүүгийн дэмжлэгээр “Хөгжлийн гарц” ТББ нэг сарын хугацаанд тохижилтын ажил гүйцэтгэн 2010 оны наймдугаар сарын 26-нд хүлээлгэн өгсөн. Мөн “Монгени” сургуулийн сурагчид “Нэг сурагч, нэг мод” аяныг зохион байгуулж нийт 500 гаруй бут сөөг тарьсан. Энэ цагаас хойш байрны оршин суугчид тус талбайд салхилдаг болсон.

-Хэзээнээс тус талбайг эвдэн сүйтгэж эхэлсэн бэ. Б.Амгалан гэгчид талбайг эзэмших эрхийн бичиг байсан уу?
-Энэ ажил 10 гаруй хоногийн өмнөөс эхэлсэн. Тэрбээр талбайг сүйтгэхээр ирэхдээ 2012 оны долдугаар сарын 05-ны тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын гарын үсэгтэй А/490 тоот газар эзэмшүүлэх захирамж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Нийслэлийн барилга хот төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатарын гарын үсэгтэй мэдэгдэл, Нийслэлийн газрын албаны дарга М.Батсайханы гарын үсэгтэй 2012 оны арваннэгдүгээр сарын 02-ны “Газар чөлөөлөх тухай” 5/3821 албан тоот, 2014 оны нэгдүгээр сарын А/55 тоот захирамж, хавсралттай байсан. Гэвч эдгээр нь хууль бус байх магадлалтай юм.

-Энэ талаар холбогдох байгууллагад хандсан уу?
-Бид өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд дээрх үйл явдал болохын өмнө өргөдөл гаргасан боловч судалж байна гээд хариу өгөөгүй. Харин Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо уг талбайтай холбоотой бичиг баримтыг хүчингүй болгосон гэсэн хариу өгсөн. Гэсэн хэдий ч тус талбайг сүйтгэх ажлаа зогсоохгүй байгаа учраас бид “Олон нийт-Иргэний хяналт” ТББ-д энэ сарын 18-ны өдөр хандан нийтийн эзэмшлийн талбайг эвдэж буулгасан иргэн Б.Амгалантай холбогдох асуудлыг зохих хууль дүрмийн дагуу шийдвэрлэхэд туслахыг хүссэн.

 

 

Ц.АЗЗАЯА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих