«ЧИНГИС ХААН» ХОТЫНХНООС НЭХЭХ ХАРИУЦЛАГА
Хэнтий аймгийг “Чингис хаан” хот болгоод жил өнгөрлөө. Нэр өөрчлөгдөхийн хэрээр бичиг баримт солихоос эхлээд тус аймгийнханд тулгарсан бэрхшээл их. “Чингис хаан” хот 18 сум, дөрвөн тосгон, 88 багтай бөгөөд 70 гаруй мянган хүн амтай. Аймгийнхаа төвд 20 орчим мянган хүн суурьшсан аж. “Чингис хаан” хот болсноор 70 гаруй мянган хүн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ солино гэсэн үг. Цаашлаад гадаад паспорт, газар өмчлөлийн бичиг, гэрийн хаяг гээд солих зүйл мундахгүй гарч ирнэ. Хэдийгээр үнэгүй солих ч төр засгаас чамгүй мөнгө зарлагадах нь тодорхой.
Сэтгүүлчдийн багийнхан Дорнодын Тамсаг орж газрын тостой танилцаад буцах замдаа Хэнтий аймагт түр саатлаа. Гудамжиндаа шинэ лед гэрэл тавьсан нь өнгөлөг харагдсан ч үүнээс өөр өөрчлөгдсөн зүйл нүдэнд торсонгүй. Энэхүү шинээр тохижуулсан гудамжиндаа “Чингис” хот гэсэн том самбар байрлуулжээ. Эзэн Чингисийн өлгий нутгийнхны ганц бахархал ердөө л нэр. “Чингис хаан” хот болгочихоод олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь эхлэл төдий байна: Их хааныхаа нэрээр нэрлэснийх ядаж бэлгэдэл болох нэг зүйлтэй байх ёстой гэж зориод “Чингис цамхаг” барихаар шийдсэн гэнэ. Энэ цамхагийн шавыг өнгөрсөн сарын сүүлчээр тавьжээ. Цамхаг 18 давхар өндөртэй, суварга хэлбэртэй байх гэнэ. Юутай ч нутгийн удирдлагын танхимаа цамхаг болгохоор шийдсэн бололтой.
Харин жуулчдыг татах өөр юу хийх вэ. Монголчуудыг Чингис хаанаар төсөөлдөг гадныхан “Чингис хаан” хот гэхээр магадгүй түүх дурсгалтай холбоотой зүйл үзэх гэж зорих нь мэдээж. Өвөр Монголын Ордосынхноос дутах юу байх вэ. Ядаж хаанаараа бахархах бүтээн байгуулалт хийх хэрэгтэй бус уу. Ордосынхон төв талбайдаа түүх хүүрнэх цогцолбор байгуулсан нь монголчуудын атаархлыг төрүүлж байсан. Түүнээс ч илүү зүйлийг “Чингис хаан” хотынхноос нэхэхэд буруудахгүй биз ээ.
Б.ДОЛГОР /ӨДРИЙН ШУУДАН/
URL: