Н.АЛТАНХУЯГ ДОЛООН МЯНГАН УДАА ОГЦРОХОД ХҮРЧИХЭЭД БАЙНА ГЭВ

хуягУИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлд хийеэн Аудитын газрын тайланг хэлэлцжээ. Эл асуудлыг УИХ өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцсэн юм.

Засгийн газар 2013 оны төсвийг эдийн- засгийн тооцоо судалгаа, өмнөх оны төсвийн гүйцэтгэл зэргийг харгалзан үзэлгүй төлөвлөснөөс бодлогын алдаа гарч, төсвийн төлөвлөлт, ажлын зохион байгуулалтыг зохих түвшинд явуулж чадсангүй. Үүний улмаас төсвийн орлого 2013 оны эцсээр 400 гаруй тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалт 1,3 их наяд төгрөгөөр тасарсан байна. Үүний хариуцлагыг нэг ч хүнд хүлээлгэлгүй явж ирсэн. Энэ байдал нь төсвийн орлого сар жилээр бус бүтэн улирлаар тасардаг болоход нөлөөллөө гэж сөрөг хүчин мэдэгдлээ.

Ийнхүү бодитой төлөвлөлт хийж чадахгүй байгаа нь засгийн бүтэц, үүнийг дагаад бодлого нь алдаатай байгаагийн тод илрэл гэж эдийн засагчид дүгнэж байгаа аж. Гэтэл одоогийн эрх баригч АН цөөнх байхдаа төсвийн орлогыг 235 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн Засгийн газрыг огцруулах гээд гүйдэг байсныг ч тэд сануулав. Хөрөнгө оруулалтын биелэлтийг сайд тус бүрээр нь авч үзэхэд дөнгөж 16 хувьтай байгаа нь өөрөө хариуцлага ярихад хүргэж байгаа аж.

Түүнчлэн Ерөнхий сайд төрийн албанд орон тоог нэгээр нэмбэл хариуцлага хүлээхэд бэлэн гэж мэдэгдэж байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар өнгөрсөн онд зөвхөн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын тоо 7000 шахам хүнээр нэмэгдсэн, тэр хэмжээгээр зардал эрс өссөн нь аудитын тайлангаас харагдаж байна. Тэгэхээр амласнаараа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоон мянган удаа огцроход хүрчихээд байна гэж Ж.Эрдэнэбат гишүүн хэллээ. Ямар ч байсан аудитын тайлан дүгнэлтээр илэрсэн алдаа зөрчлүүдийг тодруулж хариуцлага тооцох асуудлыг МАН-ын бүлэг тавих болно гэдгээ мэдэгдэв.

Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дахин хэлэлцэв. Ингэхдээ өрийн хэмжээг нэмэхгүй байх, өрийн тодорхойлолтыг өөрчлөхгүй байх, одоо хэрэгжиж буй Төсвийн тоггвортой байдлын тухай хуулийг суурь хууль гэж үзнэ гэсэн гурван нөхцөлтэйгөөр Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжинэ гэж саналаа нэгтгэлээ.

 

Б.ТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих