Гурвантэсийн улаан чулуу хүний аминд хүрч эхэллээ

imagesНар, тэмээ, элс гурваар их говийг төсөөлдөг байлаа. Өмнийн цэнхэр говийн хамгийн алслагдсан сум болох Гурвантэсийг зорьж явахдаа энэ төсөөлөлдөө бат итгэсээр явав. Аймгийн төвөөс 320 км зайтай, Сэлэнгэ аймагтай дүйцэхүйц газар нутагтай, хамгийн том сумыг зорьж явсан болохоор тэнд жинхэнэ говь байгаа гэдэгт яагаад ч юм итгэчихсэн байсан юм. Онгоцноос буухтай зэрэгцэн их шороо босч бороотой хотоос нарлаг говьд буухаар тооцоолсон төлөвлөгөөг нурааж орхилоо.  Юу юугүй хүчтэй салхи шуурч, тэнгэр газар нийлэх мэт харанхуйлж, сүртэй нь аргагүй савлаж байснаа усан бороо хэдхэн минут асгарав. Говьд орсон анхны бороо тэр байжээ. Хатаж ангасан газар хур бороог шингээж дийлэлгүй, хормын төдийд үер буулгаж зам, жалгыг усаар дүүргэж орхив. Улаанбаатарт хуралдсан их үүл дагаад байна уу гэлтэй говийн нарыг харуулалгүй халхалж дөнгөлөө. Сумын төв рүү машинтай давхих үедээ нар, элс, тэмээ гурваа говь надад харуулах байх гэсэн бодлоо орхисонгүй. Ингээд Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь томилолт эхэллээ.

Хэдийгээр асар уудам газар нутагтай ч уул уурхай, байгалийн баялаг, хилийн боомт гээд хөл хөдөлгөөн ихтэй сум бол Гурвантэс. Тэсийнхний сонин сайхан, тулгамдсан асуудал, аж амьдралын тухай бэлтгэсэн томилолтын багц сурвалжлагыг уншигчиддаа хүргэж байна.

 

НУТАГ НУТГИЙН НИНЖА НАР ГУРВАНТЭСД ЦУГЛАРЧЭЭ

Чулуу гарсан гол газарт цагдаа, байгаль орчны байцаагч нийлсэн 10-аад хїний бїрэлдэхїїнтэй хамгаалалт гаргажээ.  2014.06.18

“Зууны мэдээ” сонин “Нутгийнхаа чулууг нүүлгээд дуусч байна” цуврал сурвалжлагаар говийн чулууг түүж, хилээр гаргаж байгаа асуудлыг хөндөн нийтэлж байсан билээ. Энэ удаагийн томилолт ч дээрх зорилготой байв. Учир нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гүн хэмээх газарт өнгөрсөн оны долдугаар сараас сумын иргэд байгалийн чулуу түүж эхэлжээ. Тэнд гарсан улаан өнгийн чулууг улаан мана гэж нэрлэж байгаа бөгөөд шинжилгээний хариугаар цахиурлаг хас гэж тодорхойлсон байна.  Хэдийгээр өнгөт эсвэл үнэт чулуу алин болох нь тодорхойгүй ч хилээр гарган худалдаалахад багагүй үнэ хүрч байгаа тул тус газрыг зорих хөл хөдөлгөөн ихэссэн байна. Ингээд энэ оны хоёрдугаар сараас байдал улам идэвхжиж, зөвхөн сумын иргэд ч биш Өвөрхангай, Баянхонгор,  Улаанбаатар гэх мэт газар газраас хүмүүс цугларч, байдал замбараагүй, хурцадмал болж эхэлжээ.

Сумын төвд очоод юуны түрүүнд чулуу гарсан газарт очиж үзэхээр хөлслөх машин хайв. Нутгийн иргэдээс машин сураглахад очих газрыг сонсоод татгалзаж байв. Учир нь сарын өмнөөс аймгийн Засаг даргын захирамж гарч, чулуу гарсан хэсэг газрыг цагдаа нар хамгаалалтад авчээ. Машинтай, мотоциклтой хүмүүсийг ойртуулахгүй байгаа бөгөөд өдрийн цагаар тийшээ машинтай зүглээд дэмий гэцгээж байв. Өөрөөр хэлбэл, хамгаалалт гарснаас хойш чулууны асуудал нууц байдалд шилжжээ. Ингэж явсаар Ланд-80 маркийн машинтай нэг ахтай хөлсөө тохиролцоод сумын төвөөс 15 орчим километр зайд байрлах Гүн хэмээх газар руу хөдөлсөн юм.

 

МАЛАА БИШ ХҮНЭЭ ХАРИУЛДАГ БОЛЖЭЭ

Ноён, хатан хоёр муудалцаад дундуураа хөшиг татсан нь Бүрэнханы хэц болсон гэдэг. Ноёны хамгаалалтанд гаргасан түмэн цэрэг хад асгатай, шовх оройтой олон уул толгод болон хувирсан домог бий. Гурвантэс сумын төвийн урдуур хөшиглөн татсан хэцийн дунд улаан мана гарсан Гүн хэмээх газар бий. Хад асгатай жижиг уулсын дундуур оронгуут энд тэнд мотоцикльтой хүмүүс нэг хоёроороо давхилдаж харагдана. Цаашилбал гартаа ундааны сав, уут барьсан хүмүүс хоёр, гурваараа тонголзон алхаж байна. Тэдний хажууд зогстол жийрхэж байгаа нь харваас илт. Гартаа урт төмөр барьж шороо сэндийчин юм хайх 40 орчим насны эрэгтэйгээс хаанаас ирсэн, ямар чулуу хайж байгаа вэ гэж асуухад “Хүмүүсийн хайж байгааг л хайж байна. Бусдыг нь сайн мэдэхгүй” гэж хариулав. Тэд газрын хөрсөн дээр ил хэвтэх улаан чулууг түүж байлаа. Газрын хөрсөн дээр хамгийн томдоо өндөгний хэмжээтэй чулуу олддог гэнэ. Жижгүүдтэй нь нийлүүлж байгаад килограммыг нь ченжүүдэд 10 орчим мянган төгрөгөөр зарчихдаг аж. Өдөржин түүхэд хамгийн ихдээ 3-4 килограмм чулуу л түүдэг гэлээ. Хөрсөн дээр ил байгаа нь бутрамтгай чанартай, хэмжээний хувьд жижиг байдаг тул ийнхүү хямдхан өгдөг байна. Харин яг ухаж авдаг газартаа сайн чанарын том хэмжээтэй нь гардаг гэлээ. “Хамгаалалтад авчихсан болохоор тийшээ ойртож чадахгүй байна. Цагдаа нар явганаар түүж байгаа хүмүүсийг хөөж туух нь харьцангуй гайгүй. Нэгэнт ажилгүй болчихсон юм чинь үүнээс өөр мөнгө олох арга алга. Байгаль дээр ил байгаа зүйлийг түүгээд зарахад юу нь болохгүй байна” гэж “Саутгоби сэндс” компанийн түр зогсолтод орж ажилгүй байгаа гэж өөрийгөө тодорхойлсон 30 гаран насны эмэгтэй хэлэв. Ингээд цааш явахад хэсэг хэсгээрээ явганаар чулуу түүж байгаа хүмүүс тааралдсаар байв. Удалгүй тэдний араас мотоцикльтой хэдэн хүн гарч ирсэн нь цагдаа нар. Тэд чулуу түүж байгаа хүмүүсийг явахыг шаардаж, нэг талаас нь хөөж байгаа нь тэр байжээ. Хөөгдөж байгаа нь ч яаралгүй алхаж чулуугаа түүн тонголзсоор байх. Өөрөөр хэлбэл, малаа биш хүнээ хариулдаг болчихов уу гэмээр. Явганаар түүж байгааг нь учиргүй хөөж, чулууг нь хурааж авахгүй ч энэ мэтээр шаардлага тавьж сануулахгүй бол болохгүй байгаа бололтой. Тэнд хамгийн аюултай байдал үүссэн нь хамгаалалт гарснаас хойш нутгийн болон явуулын иргэд тэр орчмын уул хадаар тэнэж, чулуу гарчих газрыг хайж байгаа явдал юм. Энд тэндгүй машин, мотоциклийн мөр гарч, байгаль орчныг сүйтгэсээр байна. Иргэдийн хувьд ч ашиг орлогоо бодож, цагдаа нарыг гуйж, дайрч, шөнийн цагаар эргэлдэх гэх мэтээр олон янзаар үзэж байгаа бололтой. Хамгаалалт хэзээ буухыг хүлээж сумын төвд өдөр өнгөрүүлж байгаа явуулын хүмүүс олон байгаа гэнэ.

 

НЭГ ХҮН АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮН БЭРТЖЭЭ

Хамгаалалт гарахаас өмнө өдөрт бараг 500 орчим хүн мотоцикль, машин техниктэйгээ цугларч, чулуу олборлож байсан Гүн хэмээх газарт ирлээ. Талбайн хувьд 0.5 га орчим гэнэ. Гэвч байгалийн баялаг дахиад өөр газарт гарлаа л бол тийшээ дайрах хүмүүс бэлэн байгаа нь хамгийн том эрсдэл гэнэ. Голомт нь болсон Гүн гэх газарт биднийг очих үед таван цагдаа, нэг дарга, байгаль орчны нэг байцаагч хамгаалалтад ажиллаж байлаа. Тэд шөнөдөө дөрвөн ээлжээр хоёр хоёр цагийн зайтай эргүүл хийж байгаа гэнэ. Өдөртөө харьцангуй нам гүм болсон ч шөнөдөө энд тэнд нь гарч хашгирах, машин тэргээр давхих байдал намжихгүй байгаа аж. Орон нутгийн зүгээс тухайн газарт хэд хэдэн удаа нөхөн сэргээлт хийжээ. Чулуу олборлож байсан хүмүүс нөхөн сэргээлт хийхээр ирсэн техникийн цонхыг нь хагалж эсэргүүцэл үзүүлж байсан гэдгийг байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ичинноров хэллээ. Түүнчлэн нөхөн сэргээлт хийж булсан байсан шорооны доогуур ухаж орсон 40 орчим насны эрэгтэй шороонд дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Мөн хоёр ч хүн чулуу авч байгаад гэмтжээ. Эхэндээ зөвхөн нутгийн иргэд ирдэг байхад шаардлагыг хүлээж авч, харьцангуй чих зөөлөн байсан гэнэ. Харин хаана алт, чулуу гарна тэнд оччихсон байдаг, ийм аргаар мөнгө олоод сурчихсан явуулын “нинжа” нар ирснээр байдал үнэхээр хэцүү болсон гэнэ. Нутгийн иргэдийг турхирч, цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлэх нь нэмэгдсэн байна. Хориод хоногийн өмнө хамгаалалт түр хугацаагаар буухад өмнөхөөсөө олон хүн нэмэгдэж ирсэн тул ямартаа ч тодорхой шийдвэр гартал цагдаа нарыг байлгахаар болжээ. Нинжа нарыг тараахын тулд мотоциклийг нь журамлаж, авсан чулууг нь хураах арга хэмжээ авч байгаа юм байна. Гэсэн ч иргэд машинаар ирээд явган үлдэж түүсээр байгаа тул арга ядахдаа түүсэн чулууг нь дэргэд нь газарт цацаж үзсэн тухайгаа байгаль орчны байцаагч эмэгтэй ярьж байлаа. Харин чулуу түүгчдийн хувьд өөр саналтай байгаа юм. “Нэгэнт байгальд байгаа баялагийг иргэддээ өгчихөж болдоггүй юм уу. Ингэж харамлаж байгаад нэг компанийн мэдэлд өгнө шүү дээ. Цагдаа нар нэг хэсэг яг л туулай хөөж байгаа чоно шиг биднийг туудаг байсан. Одоо арай гайгүй болсон. Зургадугаар сарын 1-ний баярын өдөр бидний хувьд хар өдөр болсон. 150 мотоцикль журамлагдсан гээд бод доо. Ядарсан иргэддээ байгалийн баялгаа ашиглуулахгүй байж, гадны компаниудад дураар нь өгдөг биз дээ” гэцгээж байв.

Үнэхээр энэ байдал нь хоёр талтай юм. Иргэдийг ч тэр, цагдаа нарыг ч тэр буруутгах ямар ч арга байхгүй. Харин иргэдийн хэлснээр тухайн газрыг нэг компанид өгөх биз гэсэн хардлага нь үнэний ортой юм билээ. Учир нь тухайн талбай нь хайгуулын зориулалтаар ашиглагдаж байгаад буцсан юм байна. Тэгэ­хээр хуулиараа сонгон шалгаруулалтын талбайн нөөцөд орж, төрийн мэдэлд шилжжээ. Өөрөөр хэлбэл, тус талбайг лиценз хэлбэрээр өгөхөөр хадгалсан гэсэн үг.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих