М.Баасандорж: 2-3 жилийн дараа зайсанд амьдрах нөхцөлгүй болно
Хан-Уул дүүргийн XI хороо буюу “Зайсан”- гийн аман дахь барилга байгууламжид өнгөрсөн тавдугаар сарын 6-наас эхлэн шалгалт хийсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар / НМХГ/-аас мэдээллээ. Энэ үеэр НМХГ-ын дэд дарга М.Баасандоржтой ярилцлаа.
-Шалгалтад нийт хэчнээн барилга байгууламжийг хамруулав. Тэдгээрт нийтлэг ямар зөрчил илэрсэн бэ?
-Анх нийт 31 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 256 барилга байгууламжид шалгалт хийхээр төлөвлөсөн. Үлдсэн 13 байгууллага манай байгууллагаас хийж буй шалгалтын шаардлагыг үл тоож хамрагдаагүй. Тиймээс эдгээр иргэн, аж ахуйн нэгжийг хуулийн байгууллагатай хамтарч дахин шалгаж, хатуу хариуцлага тооцно. Шалгалтаар иргэн, аж ахуйн нэгжүүд Байгаль орчны яам /БОЯ/- наас олгодог аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах газрын зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, усны тухай хууль зөрчсөн, барилга байгууламж барих зөвшөөрөл аваагүй гэсэн нийтлэг зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл, “Зайсан”-гийн аманд зөвхөн аялал, жуучлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах аж ахуйн, нэгжид газар олгодог. Гэтэл тэнд 9-12 давхар орон сууц барьсан байна лээ.
-Зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ямар арга хэмжээ авсан бэ?
-Шалгалтаар хууль зөрчсөнийг нь тогтоосон иргэн, аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоох, мөн эрчим хүчээр хязгаарлах арга хэмжээ авч байна. Аялал, жуулчлалын зөвшөөрөл авсан аж ахуй нэгж зориулалтыг өөрчилж, орон сууцны барилга барьчихдаг тогтолцоо бий болжээ. Энэ тогтолцоог устгах хэрэгтэй. “Зайсан”-д барьж буй барилга хоорондын зай зөрчсөн, орц, гарцыг хаасан, гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, явган хүний зам, автомашины зогсоол хийх ямар ч боломжгүй болсон.
-БОЯ-наас аялал жуулчлалын цогцолбор барина гэж зөвшөөрөл авчихаад орон сууц барьсан гэж байна. Тэгвэл эдгээр барилгыг цаашид ямар зориулалтаар ашиглуулах вэ?
-“Зайсан” суурьшлын бүс биш. Тиймээс энд аялал, зуучлалын зориулалтаар л барилга байгууламж барих ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрлөө өөрчилж, өөр зориулалтаар барьсан барилга байгууламжийг цаашид ямар зориулалтаар ашиглуулахыг шийдэхгүй. Энэ чиглэлийн бодлого барьдаг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар гэж бий. Тэндээс шийдэх байх. Харин манайх зөвхөн хяналт тавьж, зөрчил дутагдлыг илрүүлдэг. Тухайн аж ахуйн нэгжийн буруу гэхээсээ илүүтэй төрийн ажил хариуцсан эрх мэдэлтний буруутай үйл ажиллагаа юм. Зөвшөөрлөө өөрчлөөд барьсан олон барилга байна. Цаашид дахин нэмж барилга барих гэсэн хүмүүс шавчихсан байна. Тухайлбал, Туул голын хөвөөнд тулгаад, голын эргийг нь нураагаад барьж буй барилгууд ч байна. Тэдгээр нь ямар ч зөвшөөрөлгүй хууль бусаар барьж байна шүү дээ.
-Анх хууль зөрчиж, зөвшөөрөлгүй барилга барихаас нь өмнө хариуцлага тооцож, хуулийн дагуу арга хэмжээ авч болдоггүй юм уу. Барьж дууссаны дараа нь шалгалт хийж, хариуцлага тооцох асуудал ярих юм?
-“Зайсан” тусгай хамгаалалттай газар учир тухайн үед БОЯ-наас газар олголт хийж байсан юм. Тиймээс энэ асуудалд хамгийн түрүүнд БОЯ-ны эрх бүхий хүмүүсийг шалгах ёстой гэж бодож байна. Шалгалт хийж, тэдгээр хүнд хариуцлага тооцох ёстой. НМХГ энэ оны хоёрдугаар сараас шилжиж ирсэн. Тиймээс бид энэ ондоо шалгалт хийж, тухайн газарт нөхцөл байдал ямар байгааг харуулж байна. Буруутай албан тушаалтан, буруу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд хариуцлага тооцно. БОЯ бөгөөд Богд хан уулын тусгай хамгаалалттай газрын захиргаа гэж байдаг. Тэр байгууллагаас энэ асуудлын буруутныг хайх ёстой гэж бодож байна. Үүний дараа дур зоргоор нь бариулсан, зарим газарт нь зөвшөөрөл маягийн эрх өгсөн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Нэгдүгээрт, Ус сувгийн удирдах газар, хоёрдугаарт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар. Энэ газруудыг шалгах хүсэлтийг хууль хяналтын байгууллага, Нийслэлийн прокурорын газарт албан ёсоор хүргүүлж байгаа.
-Шалгалтаас 13 аж ахуйн нэгж байгуууллага зайлсхийж, баримт материалаа ирүүлэхээс татгалзсан гэлээ. Тэдгээр байгууллагыг нэрлэж болох уу?
-Төрийн хяналт шалгалтаас зугтаж байгаа тэдгээр аж ахуйн нэгж хамгийн их зөрчилтэй гэж ойлгож болно. Үүнд:
1.“Мон Ти ар” ХХК-ийн аялагчдын сууц
2.“Сайн констракшн”-ны орон сууцны барилга
3.“Каркас” ХХК
4.“Бат аян” ХХК
5.“Оюуны зураг” ХХК-ийн орон сууцны барилга
6.Иргэн Одсүрэнгийн амралт үйлчилгээний цогцолбор
7.“Эсү” ХХК
8.“Рома” ХХК
9.“Тэмүүлэнбаатар” ХХК
10.“Оюуны ундраа” ХХК- ийн Зайсан аялал, жуулчлалын цогцолбор
11.Иргэн Одсүрэнгийн амины сууцны барилга
12.“Одод групп” ХХК
13.“Финанс энд Сервис” ХХК байна.
Эдгээр аж ахуйн нэгж байгууллагын барилгыг улсын орлогод оруулах юм уу, аль эсвэл татан буулгах арга хэмжээ авна. Уулын унаган төрхийг алдагдуулж, газар ухсан асуудал их байна. Тодорхой хэдэн том орон сууц байгаа. Анх зориулалт нь ямар байсан тэрүүгээр нь ашиглах шаардлага тавина. Тэнд барьсан барилга, орон сууц хэдийгээр тансаг зэрэглэлийг гэж ярьж байгаа ч хоёр, гуравхан жилийн дараа гэхэд “Зайсан”-д хүн амьдрах нөхцөлгүй болно. Учир нь, тэнд шугам, сүлжээ, эрчим хүч, бохирын асуудлыг шийдээгүй. Төвийн бохир, цэвэр усны шугам сүлжээнд холбоогүйгээс аж ахуйн нэгж, иргэд нийт 280 гаруй гүний худаг гарган, ашиглаж байна. Ингэж олон худгаар усыг соруулах нь Богд хан уулын байгаль орчин, амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөх болно. Энэ байдал удаан үргэлжилбэл тун удахгүй дархан цаазат Богд хан уул эмгэнэлтэй байдалд орж, мөхөх аюулд хүрнэ
URL: